Ц.Элбэгдорж: Бид хөршдөө хүрэх замаа зассаар яваа

Улстөр ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2014 10 сар 14 ・ 1

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны Ерөнхийлөгч Хайнц Фишер нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийлээ

Бүгд Найрамдах Австри Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны Ерөнхийлөгч Хайнц Фишер нар албан ёсны уулзалт хийж дараа нь хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийн, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны Ерөнхийлөгч Хайнц Фишер:

-"Сайн байцгаана уу, эрхэм хүндэт зочид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө.

Би өнөөдөр энд эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг хүлээж авч байгаадаа таатай байна. Энэ албан ёсны айлчлал маш чухал гэж би үзэж байгаа. Учир нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнгөрсөн жил болсон. Хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тал дээр ач холбогдол өгч байгаад баярлаж байна. Би одоогоос 12 жилийн өмнө Австрийн Парламентын ерөнхийлөгч байхдаа Монголд айлчилж байсан. Тэр үеэс хойш Монгол Улс маш их хөгжиж байгаад миний бие баяр хүргэмээр байна. Сүүлийн таван жилийн хугацаанд ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжсөн гэж үзэж байгаа. Бидний хувьд хүний эрх маш чухал асуудал байдаг. Өнөөдөр ч бид энэ тухай ярилцсан. Хоёр жилийн өмнөөс Монгол Улс цаазаар авах ялыг байхгүй болгосныг энд онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Монгол Улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путин айлчилсан. Түүний дараахан БНХАУ-ын дарга Си Зиньпин айлчилсан. Мөн түүний дараа гурван улсын хамтарсан уулзалт болсон байгаа. Бид энэ талаар үзэл бодлоо солилцлоо. Ирэх арваннэгдүгээр сарын эхээр манай улсад далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хурал болно. Тэр үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн оролцоно. Монгол Улс мөн оролцоно” гэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж:

-“Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Хайнц Фишерийн урилгаар Австри улсад айлчилж байгаадаа туйлын баяртай байна.

Австри, Монголын хувьд түүхийн, соёлын агуу гайхамшигт өв уламжлалтай үндэстэн. Мөн Монгол, Австрийн хувьд үнэт зүйлийн гайхамшигтай холбоо бидний дунд байдаг. Хүний эрх,эрх чөлөө, шударга ёс, ардчиллыг дэмжсэн үнэт зүйлээрээ бид нэгддэг.

Австри улсын хувьд Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон, мөн худалдааны харилцаа тогтоосон анхдагч улсуудын нэг юм. Манай хоёр орны хооронд хамтарч ажиллах боломжтой олон салбарууд бий. Эрчим хүч, хөлдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, мөн соёлын салбарууд бий гэж бодож байна. Мөн олон улсын хэмжээнд бид бие биенээ дэмжиж маш идэвхтэй ажилладаг. Монгол Улс бол сайн засаглалын чиглэлд эрчимтэй алхам хийж байгаа орон. Олон улсын авлигын эсрэг академийн гишүүнээр Монгол Улс 2013 онд нэгдэж орсон. Мөн сүүлийн хоёр жилд Монгол Улс 27 байраар авлигаа бууруулж чадсан үр дүнтэй явж байгаа орон. Эрхэм Ерөнхийлөгч Монголд Парламентын дарга байхдаа айлчилж байсан, одоо Ерөнхийлөгчийн хувиар дахин айлчлахыг урьж байна” гэлээ.

 

 

Сэтгүүлч: Эрхэмсэг хүндэт Ерөнхийлөгч таниас нэг асуулт асууя. Монгол Улс өмнө нь коммунист орнуудын нэг байсан. Тэгэхээр илүү Оросын талд байсан. Тэгэхээр Украины асуудлаар Монгол Улс ОХУ-ын байр суурийг юу гэж үзэж байна вэ? Мөн Монгол Улс Азийн эдийн засгийн холбоонд нэгдэх сонирхолтой байгаа юу?

Ц.Элбэгдорж: -Монгол Улс 1989 оны сүүлчээс эхлээд улс төр, эдийн засаг, нийгмийн маш том өөрчлөлтийг хийсэн орон. Монгол Улс нь улс төр, эдийн засаг, нийгмийн хувьд хамгийн чөлөөтэй системтэй орон гэж бүс нутагтаа тооцогддог.  Би оюутан байхдаа Украинд таван жил сурч байсан. Энэ асуудал бол их олон талтай, маш гүн гүнзгий учир шалтгаантай асуудал гэж бид харж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монголд есдүгээр сарын эхээр айлчлахдаа Украины асуудлыг шийдэх тухай долоон заалттай энх тайвны санаачилга дэвшүүлсэн, Улаанбаатарт. Ер нь Өрнөдийн орнууд мөн ОХУ хэлэлцээрийн ширээний ард сууж, энэ асуудлыг ярилцах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. ОХУ-ын зүгээс, Ерөнхийлөгчийнх нь зүгээс ч ийм байр суурьтай байгаа гэж бодож байгаа. Энэ асуудлыг хэлэлцээрийн аргаар шийдэх бүрэн боломжтой асуудал гэсэн ийм л байр суурьтай байна. Өмнө нь Гаалийн холбоо гэж нэрлэгдэж байсан, одоо Европ Азийн эдийн засгийн холбоотой эдийн засгийн чиглэлээр хэлэлцээр хийх боломж бидэнд бий. Харин Монгол Улс түүнд нэгдэж орох бодол байхгүй гэдгийг хэлье.

-НҮБ-ын далайд гарцгүй орнуудын асуудлаарх хурал 11 сард танай улсад болно. Далайд гарцгүй орнуудын хувьд хүлээлттэй байгаа гэж ойлгож байна. Энэ талаар хоёр улс хэрхэн хамтран ажиллах вэ? Энэ асуултыг хоёр улсын Ерөнхийлөгчид хандан асууж байна.

Хайнц Фишер: Далайд гарцгүй орнуудын бүлэг бол бүгдээрээ тийм тууштай, нэг төрлийнх биш байдаг. Яагаад гэвэл газарзүйн онцлогтой байдаг учраас. Энэ хурлын гол зорилго бол нэг улс төрийн чиглэл, бодлого баримтлахыг түүнийг олгохдоо чухал биш ямар салбарт адил сонирхолтой байна вэ гэдгий  тухайлбал, байгаль орчин, эдийн засгийн салбарт гэх мэтээр олж тодорхойлох нь чухал юм. Монгол Улсын Ерөнхийлөгч сая хэлсэн. Монгол Улс бол Австритай маш олон төстэй зүйлтэй. Тийм ч учраас НҮБ-ын хурал, олон улсын байгууллагын бусад хурал, арга хэмжээн дээр урьд нь тохироогүй ч гэсэн санал өгөх ньтөстэй байдаг. Дараагийн хурлаар бид юу ярихаа тохироогүй, гэхдээ бидний өгөх санал төстэй байна гэж бодож байна.

Ц.Элбэгдорж:  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн 2007 онд Монголд айлчлахдаа далайд гарцгүй орнуудын судалгааны төв тинк-танкийг Улаанбаатарт байгуулсан. Монголд мөн энэ асуудлаар хурал болсон, мөн арваннэгдүгээр сард далайд гарцгүй орнуудын асуудлаар Венад хурал болох гэж байна. Бид өөрсдийн төлөөлөгчдөө энэ хуралд явуулна, идэвхтэй оролцоно. Монгол Улсад БНХАУ-ын дарга, ОХУ-ын Ерөнхийлөгч айлчилсан хамгийн гол асуудал бол энэ хоёр орны нутгаар дамжин өнгөрөх тээврийн тухай асуудал байсан. Бид БНХАУ-тай Засгийн газрын хэлэлцээр байгуулсан, одоо ОХУ-тай ажиллаж байна. Үүн дээр Монгол Улсын хувьд тодорхой хөнгөлөлтүүдийг авах бүрэн боломжтой гэж харж байна. Хоёр хөрштэй, Монгол Улс бол дэлхийг, Европын холбоог, Австрийг гурав дахь хөршөө гэж боддог. Хоёр хөрштэй дамжин өнгөрөх тээврийн асуудлаар хэлэлцээр хийж, харилцан ойлголцолд хүрч чадсанаар гурав дахь хөршдөө хүрэх замаа Монгол Улс засаж байгаа юм. Энэ боломжийг нээж байгаа юм.

Сэтгүүлч: Монгол Улс “Rio Tinto” компанитай ойрын хугацаанд асуудлаа шийдэж, тохирч чадна гэж бодож байна уу?

Ц.Элбэгдорж: -Тохирч чадна гэж бодож байгаа.

Сэтгүүлч:  Ноён Ерөнхийлөгч Хайнц Фишерээс асуухад Австри улс төвийг сахисан цөөхөн орны нэг. Үүний давуу болон сул тал, мөн манайд өгөх зөвлөгөөг юу гэж харж байна вэ?

Хайнц Фишер: Төвийг сахисан бодлого бол анх Дэлхийн хоёрдугаар дайны дараахан Австри улсын холбооны нэг Ерөнхийлөгчийн гаргасан санаа байгаа юм. Анх Швейцарь улсаас жишээ авч энэ санааг гаргасан. Хоёр дахь алхам нь бол Австри улсын гэрээ гэж бий. Үүнд ЗХУ-ын цэргүүд, мөн Франц, Их Британи, АНУ-ын цэргүүд улсаас гарахад энэ тохиролцоог хийсэн. Яагаад гэвэл төвийг сахихгүй бол Австри улс НАТО-гийн гишүүн болж магадгүй гэсэн айдас байсан юм. Гэхдээ Австри улсын хувьд нэг зүйл маш чухал байсан. Эхлээд гэрээнд гарын үсэг зурсан улсын цэргүүд гарсны дараа, Австри улсын их хурлаар Үндсэн хууль баталсны дараа төвийг сахисан бодлоготой болсон юм. Австри улс төвийг сахисан бодлогоо хэрэгжүүлээд, олон улсын тавцанд яаж энэ чиглэлээр ажиллах вэ гэдгээ тодорхойлтол 10-15 жил болсон. Одоо эргээд харахад бид төвийг сахисан бодлогодоо маш сэтгэл хангалуун байгаа. Австри улсын ард иргэдийн дунд санал асуулга явуулаад, цаашид төвийг сахисан бодлоготой байх уу, үгүй юу гэж асуувал 85 хувь нь тийм гэж хариулах байх. Тэгээд ч Их хуралд хамгийн хүчтэй дөрвөн нам нь дөрвүүлээ төвийг сахисан бодлогыг дэмжиж байгаа.

Сэтгүүлч: Монгол Улсын Ерөнхийлөгч өө, та сая авлигын талаар ярьсан. Монгол Улс авлигын эсрэг арга хэмжээ авч, ямар ямар амжилтад хүрсэн бэ? Энэ талаар Австри улс Монгол Улсад ямар чиглэлээр туслах бололцоотой вэ?

Ц.Элбэгдорж: 1974 оноос хойш шинээр ардчилсан системд шилжсэн улсуудаас эргэж буцсан, амжилтгүй болсон олон орон бий. Түүний гол шалтгаан бол авлига, муу засаглалаас болж тэд ардчилал, эрх чөлөөний ололтоо алдсан байдаг юм. Монгол Улсын хувьд авлигатай тэмцэх бодлого бол зөвхөн сайн засаглалын асуудал биш, улс орны аюулгүй, бие даасан байдалтай холбоотой асуудал гэж бид үздэг. Улс орнууд гаднаасаа эзлэгдэж биш, харин дотроосоо авлигад идэгдэж аюулгүй байдалд нь аюул учирдаг ийм хандлага байдаг. Энэ чиглэлд бидний хийсэн ажил бол авлигын эсрэг хөтөлбөр, энэ чиглэлийн хууль тогтоомж, мөн шүүх засаглалын хувьд маш олон хууль тогтоомж шинээр гаргаж, хэрэгжүүлж байгаа. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид Монгол Улс нэгдсэн. Мөн Европын энэ чиглэлийн конвенцид нэгдэхээр бид ярьж байна. Түрүүн би авлигын эсрэг олон улсын академийн сүлжээнд Монгол Улс нэгдсэнийг хэлсэн. Хамгийн гол нь энэ асуудал дээр манай ард иргэд биднийг авлигатай тэмцэх, засаглалаа сайжруулах дээр дэмжиж байдаг нь намайг урамшуулдаг юм. Гол ололт бол олон улсын “Transparency International” байгууллагаас гаргадаг авлигын индексээр Монголын авлигын индекс жил бүр хоёр оронтой тоогоор сүүлийн гурван жилд буурч байгаа нь биднийг урамшуулж байна. Гэхдээ энэ ажлыг хийж дуусгана гэж байхгүй. Ардчиллыг хамгаалах үйл хэргийг бид байнга, бүх үедээ хийж байх ёстой. Бид энэ үйл ажиллагаагаа улам эрчимжтэй үргэлжлүүлнэ гэсэн бодолтой байна.

Эх сурвалж: www.president.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2014 10 сар 14/

    АМЕРИК АМЕРИК ГЭЖ НЭГ ХЭСЭГ СОЛИОРЧ ХОЕР Х€РШИЙНХ€€ ДУРГУЙГ ИХ ХУРГЭСЭН ДЭЭ

    Хариулах