М.Зоригт: МОАХ-нд сайдын суудал амласан ч бид сүлжээнд орохгүйн тулд татгалзсан

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 15

АН-ын хэд хэдэн гишүүн өчигдөр Төрийн ордонд суулт зарлалаа. Энэ нь Н.Алтанхуяг сайд танхимдаа сэлгээж хийж, бүтцээ өөрчилснөөр шинэ сайд нарыг томилох болсонтой холбоотой. Өөрөөр хэлбэл, засагт багтах сайд нарыг томилохдоо эрх баригчид сүлжээ маягаар ажиллаж, сайдын суудал наймаалцаж байгааг зарим гишүүн эсэргүүцсэн нь энэ. Тодруулбал, АН дахь МОАХ фракцийнхан өрөөндөө суулт зарлаж, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар шинэ сайд нарыг томилох эсэх талаар хэлэлцэхэд оролцохгүй гэдгээ илэрхийлэв. Энэ талаар тус фракцийн гишүүн М.Зоригттой ярилцлаа. 

-Засгийн газарт шинээр орох сайд нарын нэр тодорчихлоо. Бүлэг, фракцийн төлөөлөл бүрийг багтаасан эхийг нь эцээж, тугалыг нь тураахааргүй хувилбар гэж олон нийт дүгнэж байна. Харин таны байр суурь арай өөр байх шиг байна. Яагаад тэр вэ?

 

- Миний хувьд Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүнд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа. Та бүхний нэгэн адил мэдээлэлтэй байна. Хэнийг дэвшүүлж, хэнийг татаж байгааг хэвлэлээр л харж сууна. Өнөөдрийн хувьд /өчигдөр/ байнгын хороо болон чуулганы хуралдааныг 10.00 цагт зарласан. Гэтэл одоо хүртэл ямар ч хуралдаан эхлээгүй байхыг бодоход өнөөх сүлжээ нь сайн ажиллаж чадахгүй байгаа юм болов уу гэсэн таамагтай л сууна. Ингэж үндсэн ажилдаа орохгүй мөртлөө ирэх оны төсвийг өргөн барьснаас нь харахад үнэхээр уйлмаар. Н.Алтанхуягийн Засгийн газраас өргөн барьсан 2015 оны Монгол Улсын төсвийг харахад “Мөнгө, цаасгүй болсон учир бүсээ чангалж, орон тоогоо цомхотгоё. Бүтээн байгуулалт хийхгүй шүү” гэж байна. Жишээлбэл, сумдад нэг ч цэцэрлэг, сургууль шинээр барихгүй гэсэн төсөв байна. Өөрөөр хэлбэл, ямар ч ажил хийхгүй гэсэн үг. Үндсэндээ энэ Засгийн газар мухардалд оржээ. Ард түмний итгэл үнэмшлийг унагааж, бид юу ч хийж чадахгүй нь гэж байгаа Засгийн газрыг бид үтэр түргэн солих ёстой. Үүний дараагаар гаргалгаатай, шинэ санаачилгатай Засгийн газрыг байгуулах ёстой. Бид үнэндээ гол ажилдаа орохгүй өнгө будагтай ноцолдоод байна. Нөгөө эвгүй харагдаад эхэлсэн Засгийн газартаа хээ хуар тавьж, будаж шунхдахаас өөр юм гарахгүй байна шүү дээ. 
 

-Гэхдээ ирэх оны төсвийг буцаагаад татчихсан шүү дээ? 
 

-Ийм ичмээр төсөв өргөн барьсан ч “Эд нар өнөөх өнгө будгийг нь хийж өгөхгүй нь” гэж ойлгосон учраас татахаас өөр яах юм. Одоо ингэж бөөн юм болж байж сайд нараа томилно. Харин маргааш нь өнөөх төсвөө буцаагаад оруулаад ирнэ, харж л байгаарай. Яахав бүтэцтэйгээ холбогдуулаад жаахан өөрчлөлт хийх биз. Гэхдээ л буцаагаад өнөөх “Ажил хийхгүй” гэдэг төсвөө өргөн барина. Тэгэхээр бид тэр энэ нам гэлгүйгээр ард олныхоо сонголтыг хүндэтгээд томхон зорилго тавиад түүнийхээ төлөө нэгдэж чаддаг байх ёстой юм. Хийх ажлаа тодорхойлсны дараа Засгийн газрын бүтцийг яаж л бол яаж өөрчилж болно шүү дээ. Үнэхээр ажил хийх гэж байгаа бол 50 яамтай байсан ч яадаг юм. Үнэхээр гийгүүлэх гээд байгаа бол 200 сайдтай байсан ч болно шүү дээ. Үнэндээ их, багадаа биш, ажил хийхүү гэдэгт л гол нь байгаа юм. Тийм учраас ингэж гол ажил руугаа орохгүйгээр өнгө заслын юм хийгээд байгааг эсэргүүцэж байна. 
 

-Н.Алтанхуягийн Засгийн газрын цэнэг дуусч байна гэж та хэлэх гээд байна аа даа? 
 

-Ер нь эд нар цаашдаа оршин тогтнох боломжгүй болж байх шиг байна. Үнэхээр эх орноо гэсэн, юм хийж бүтээх хүсэлтэй хүмүүсийн цаг ирчихэж дээ гэж харж сууна. Товчхондоо энэ Засгийн газар сүүлийн өдрүүдээ барж байна уу даа гэсэн сэтгэгдэл төрж байгаа. МОАХ фракци анх есүүлээ байсан. УИХ-ын олонхи дотор хамгийн олон гишүүнтэй нь манай МОАХ фракци байсан. Бид зарим нэг хүнээс болоод сүйрсэн нь үнэн. Гэхдээ өнөөдөр зургуулаа под гэсэн мундаг фракци сууж л байна шүү дээ. “Алтангадас”, “Шонхор” тус бүртээ долоон гишүүнтэй, бид тэднээс дутахгүй. Тийм учраас сүлжээ байдлаар ажиллаж байгаа заваан зүйлд нь МОАХ оролцохгүй ээ. Харин энэ заваан байдлыг бүрэн шинэчлэх, бүгдийг эргүүлэхийн төлөө л бид ажиллана. 
 

-Л.Пүрэвсүрэн зөвлөхийг МОАХ- ны төлөөлөл гээд байгаа. Тэгэхээр танай фракци энэ хүнээ дэмжсэн юм уу? 
 

-Дахиад хэлье. МОАХ-ныхон сүлжээний Засгийн газрын үйл ажиллагаанд огт оролцохгүй. МОАХ-г төлөөлж гурван яамны сайд байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Одоо бүгд байхгүй болж байна. Гэхдээ бидэнд сайдын суудал өгөх байсан уу гэвэл тийм. Бид нарыг ингэж яриулахгүйн төлөө суудал амласан уу гэвэл бас л тийм. Гэхдээ энэ сүлжээнд орж болохгүй юм гэдгийг ойлгосон учраас ороогүй. Тийм учраас энэ Засгийн газарт МОАХ-г төлөөлж хэн нэгэн сайд байхгүй. Харин нэг зүйлийг хэлэхэд Ерөнхийлөгч гадаад харилцааны чиглэлд маш эрчимтэй бөгөөд зөв алхмыг хийж байгаа. Нэн ялангуяа хоёр хөршийн харилцааг ямар төвшинд авчирсныг хэн бүхэн харж байна. Тийм учраас гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамыг Ерөнхийлөгчийн хүнээр тавих нь зүйтэй гэдгийг би зөв гэж үзэж байгаа. 
 

-Тэгвэл Л.Пүрэвсүрэн зөвлөхийг Ерөнхийлөгч санал болгосон. Ингэснээр МОАХ Засагт төлөөлөлгүй хоцорч, Засгийн ажлыг үзэгчийн байр сууринаас харж сууна гэсэн үг үү? 
 

-Яг тийм. Л.Пүрэвсүрэн зөвлөхийг Ерөн- хийлөгч санал болгосон. Энэ хүнийг томилох нь зүйтэй гэж би хувьдаа үзэж байгаа. МОАХ ард олныхоо хүсэл эрмэлзлийг унтраалгүй, улс орондоо хэрэгтэй, шаардлагатай ажил хийхийг л хүсч байна. Үүний тулд сүлжээнд орсон Засагт бидэнд хийх ажил байхгүй. Харин УИХ дотроо бид илүү идэвхтэй ажиллах болно. 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх