Ардын намын бойкот хэнд ашигтай вэ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 16

Төрийн ажил дахиад долоо хоногоор гацлаа. Энэ долоо хоногт улс төрийн намуудын үл ойлголцлол, сандал суудлын маргаанаас үүдэж Засгийн газрын ажил нь урагшаа явсангүй.

Өвөл хаяанд ирчихсэн, ирэх оны төсөв ямар зураглалтай байх нь тодорхой бус, төсвийн тодотголоо ч хийж чадаагүй, Мөнгөний бодлогын асуудлаа өнөө маргаашгүй шийдэх цаг хугацаа нь дөхчихсөн энэ үед төрийн ажил тээг садаа бологсод хэтэрхий олон болчихоод байна. Тухайлбал, МАН-ынхан өчигдөр олонхийг бойкотолж, төрийн ажлыг дахин тав хоног уялаа.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн лхагва гарагт хуралдаж бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг яаравчлах ёстой гэдэгт санал нэгдсэн билээ. Ийн Засгийн газрын шинэ бүтцийн асуудлаар АН-ын фракциуд ойлголцолд хүрч шинэ сайдуудын нэрийг өргөн мэдүүлж, чөлөөлөгдөх сайдуудын нэрсийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм.

Лхагва гарагт өргөн мэдүүлсэн асуудлыг пүрэв гарагт хэлэлцээд батлах боломж хангалттай байлаа. Гэтэл тэгэхийг хүссэнгүй. Өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн асуудлаар гурван минутын хугацаанд ч шийдвэр гаргачихдаг тэд сандал суудлын маргааныг сар хэлэлцэх нь тодорхой боллоо. Өчигдөр байнгын хороод хуралдаж чиглэл чиглэлийнхээ сайдуудыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг бүх шинэ сайдуудын томилгоогоор завсарлага авсан юм.

Тэдний завсарлага ажлын тав хоногт үргэлжлэх бөгөөд сайдуудын томилгоо нүдээ олоогүй, яаран сандран шийдсэн томилгоо гэж дүгнэжээ. Уг нь сайдад хэнийгээ томилох вэ гэдэг нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Эрх баригч намууд дотооддоо зөвшилцөөд сайдаа томилдог нь аль ч парламентын үед байсан жишиг. Гэтэл олонхийн шийдэх асуудалд хөндлөнгөөс хошуу дүрж, үр дүнгүй томилгоо гэсэн жижигхэн шалтаг зааж төрийн ажлыг тэд зориудаар тасалдуулахыг хүссэн гэдэг нь илт байна. МАН-ын бүлгийн гишүүд дан дээлтэй сайдууд болох Уул уурхай эрчим хүчний сайдад нэр дэвшсэн Р.Жигжид, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад нэр дэвшсэн Л.Пүрэвсүрэн, Сангийн сайдын томилгоог эсэргүүцэн завсарлага авчээ.

Ерөнхийлөгчийн үгнээс зөрж “давхар дээл”-тэй сайдууд оруулж ирснийг нь эсэргүүцэх нь зүйн хэрэг. АН-ынхан Сангийн сайд, Уул уурхай, барилга хот байгуулалтын сайдыг “давхар дээл”-тэй хэмээн шалтаглаж ажлаас чөлөөлсөн атлаа дахин давхар дээлт сайдыг фракцийн тохирооны дагуу оруулж ирсэн нь яах аргагүй шүүмжлэл дагуулах нь тодорхой билээ. Гэтэл дан дээлтэй сайдууд, тэр дундаа салбараа хамгийн сайн мэдэх хүмүүсийг оруулж ирсэн Ерөнхий сайдын шийдвэрийн эсрэг сөрж байгаа нь төрийн ажилд санаатайгаар саад учруулах гэсэн үйлдэл юм биш үү. Мягмар гарагт хуралдсан УИХ-ын чуулган дээр МАН-ын гишүүд бүгдээрээ төрийн ажил АН-аас болж гацлаа хэмээн шүүмжилж, сайдуудаа оруулж ир хэмээн бухимдаж, занаж, зүхэж байсан нь одоо ч сонин хэвлэлийн нүүрнээ дурайж байгаа.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх