“Дараагийн Ерөнхий сайд болох хүн АН-д бий” гэв

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 17

УИХ-ын нэр бүхий 28 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах санал бүхий тогтоолын төслөө УИХ-д уламжлав.

Өөрөөр хэлбэл, УИХ дахь МАН-ын бүлгээс хоёр дахь удаагаа Ерөнхий сайд Н.Алтанхауягт хариуцлага тооцох алхмыг сонгосон нь энэ. Харин сөрөг хүчний тавьж байгаа саналыг дэмжиж АН-аас Ж.Батзандан, “Шударга ёс” эвслээс Л.Цог нар гарын үсгээ зурсан байна. Албан бус мэдээллээр тэдний саналыг АН-ын МоАХ фракци, “Шударга ёс” эвслийн гишүүдийн тал хувь нь дэмжиж байгаа гэх нь бий. Ингээд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төслийн талаар дараах гишүүд байр сууриа ийн илэрхийллээ.

Д.Хаянхярваа: -Өнөөдөр Монгол Улсад үүссэн нөхцөл байдалтай уялдуулаад УИХ-ын 28 гишүүн бид бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төслийг санаачилж, УИХ-ын даргад өргөн барилаа. Энэ Засгийн газар байгуулагдсан цагаас хойш Монгол орны эдийн засаг хүндрэх талаар олон удаа асуулга тавьж, олон удаа эдийн засгийг зөв замд нь оруулах чиглэлээр сануулга өгч байсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл Ерөнхий сайд ард түмний хэлж байгаа санал, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын анхааруулгыг хүлээж авахгүй байсаар Монгол Улсын эдийн засгийн байдлыг ард түмний хэлдгээр элгээр нь хэвүүлчихлээ. Үүнийг бид тэглээ, ингэлээ гээд яриад байх шаардлагагүй, ард түмэн мэдэж байгаа.

Хоёрдугаарт, Засгийн газар бүтэцдээ өөрчлөлт оруулж, цомхон, чадварлаг болгож оруулж ирнэ гэж ард түмэндээ амласан. Гэтэл аравдугаар сарын 1-нд Засгийн газрын бүтцээ өөрчилж байна гэж зарлаад, 2-нд нь Төвсийн тухай хуулийг өргөн барьсан. Нэгхэн хоногийн зөрүүтэйгээр Төсвийн зөрчилтэй хууль өргөн барьж, бүтцийн өөрчлөлтөө нэг хоногийн дараа өргөн барина гэсэн. Ийм мэдрэмжгүйгээр ажиллаж байгаа байдал ажиглагдаж байгаа юм. Бид Ерөнхий сайдыг бүтцийн өөрчлөлт хийх нэрийн дор энэ бүтцээ тогтворгүй болгож, цаашид тогтвортой ажиллах нөхцөлөөр хангаж ажиллаж чадахгүй байна гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тавьж байгаа шаардлагыг биелүүлэхгүй байна гэж үзэж байна. Мөн аль эртнээс тавьсан хариуцлагагүй ажиллаж байгаа сайд нартаа хариуцлага тооц гэсэн шаардлагыг удаа дараалан тавьсан боловч холбогдох хуулиудыг зөрчсөөр байгаад хариуцлага тооцож чадалгүй ирсэн. Тийм учраас энэ Ерөнхий сайд бол Засгийн газрыг авч явж чадахгүй хүн байна. Монгол Улсын эдийн засгийг өнөөгийн нөхцөл байдлаас нь сайжруулж чадахгүй юм байна, хоосон амлалт, худал хийрхэл, хий пиардсаар байтал улсын нөхцөл байдал цаашид улам дордоход хүрлээ. Тийм учраас Ерөнхий сайдыг огцруулъя, энэ хямралаас Монгол Улсыг аль болох хохирол багатай гаргая, тийм чадварлаг Засгийн газрыг бүрдүүлж ажиллах ёстой гэсэн байр суурьтай явдаг учраас УИХ-ын гишүүд бид Үндсэн хууль болон бусад хуулиудад заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төслийг дөнгөж сая УИХ-ын дарга өргөн барилаа.

Ч.Хүрэлбаатар: -Өнөөдөр нэр бүхий 28 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах хуулийн төслийг өргөн барилаа. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байна гэдгийг товчхон тайлбарлахад, эдийн засгийн өсөлт гурав дахин унасан. Улсын төсвийн орлого хоёр жил дараалан нэг их наяд төгрөгөөр тасарсан. 1,5 тэрбум ам.долларын ашигтай байсан төлбөрийн тэнцэл сүүлийн хоёр жил дараалан 1,6-1,9 тэрбум ам.долларын алдагдалтай гарч байна. Гадаадын хөрөнгө оруулалт 4,6 тэрбум ам.доллар байдаг байсан бол өнөөдөр 600 сая ам.доллар буюу үндсэндээ 8,3 дахин унасан. 1350 төгрөг байсан ам.долларын ханш өнөөдөр 1850 төгрөг болсон, 20-50 мянган аж ахуйн нэгж хаалгаа хаасан. Бараа, бүтээгдэхүүний үнэ нийлбэр дүнгээрээ 60 орчим хувиар өссөн, бизнес эрхлэх орчин унасан. Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ий 37 хувь байсан бол өнөөдөр олон улсын аргачлалаар 65,6 хувьд хүрсэн байгаа. Тэгэхээр эдийн засгийн байдлыг хоёр жилийн дотор эрс муутгасан учир энэ Засгийн газарт хариуцлага тооцох ёстой. МАН-ын дарга Ерөнхий сайдад “Хариуцлагагүй ажиллаж байгаа сайд нарт хариуцлага тооц” гэж хэлсэн. Үүнийг бүтцийн өөрчлөлт болгож хувиргасан. Тийм учраас нэр бүхий 28 гишүүн “Үнэхээр Монгол Улсын хөгжил, дэвшлийг цаашид хангая гэж бодож байгаа бол хариуцлагагүй ажиллаж байгаа сайд, дарга нарт хариуцлага зайлшгүй тооцдог байх. Хариуцлагыг бүтцийн өөрчлөлт нэрээр халхавчилж болохгүй” гэсэн үүднээс Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төсөл өргөн барьсан юм.
 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх