Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 10 сар 23
・ 3
Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг өнгөрсөн Бямба гарагт МАХН-ын дарга Н.Энхбаяртай 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулснаа албан ёсоор зарласан билээ.
Үүнийг нь эсэргүүцэж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл гадаадаас ирсэн даруйдаа мэдэгдэл хийн, Н.Алтанхуягийг огцруулахын төлөө ажиллана гэдгээ зарласан юм.
Маргааш нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар дахин мэдэгдэл хийж, гэрээг АН-ын ҮЗХ-оор хэлэлцсэний дараа албан ёсоор дахин баталгаажуулна гэв.
Гэсэн ч Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл Н.Алтанхуягийг огцруулах тэмцлээ зогсоохгүйгээр үл барам улам идэвхжүүлэх бололтой.
Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж АН, МАХН-ын дарга нарын байгуулсан хамтын ажиллагааны гэрээний асуудлын тухай ярилцжээ.
Энэ үеэр Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл ирж, хамтран ажиллах санал тавив.
Улмаар даруйхан Нийслэлийн АН-ын Зөвлөлдөх хороогоор хамтран ажиллах гэрээний төслийг бэлдэж ирүүлэн, МоАХ-д хүргүүлэхээр болсон байна.
Өөрөөр хэлбэл Э.Бат-Үүл, Х.Баттулга нар Ерөнхий сайдыг унагахаар санаа нэгдсэн бололтой.
Тэд УИХ дээр Ерөнхий сайдыг огцруулахаас илүү АН-ын даргыг солих замаар Н.Алтанхуягийг "зайлуулах" төлөвлөгөө боловсруулсан аж.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар өмнө нь УИХ-ын дарга З.Энхболдын удирдсан "Шонхор" фракци Х.Баттулгатай хавсран Засгийн газрыг огцруулна хэмээн ярьж байсан ч төлөвлөгөөнд өөрчлөлт орсон нь энэ гэнэ.
Мөн Э.Бат-Үүлийг Ерөнхий сайд болгох, Х.Баттулгыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх урьдчилсан тохироо хийгдэж буй аж.
Э.Мягмар
Эх сурвалж: www.sonin.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.