Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 10 сар 26
Монголд сүүлийн хэдэн сард хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнаан болж байна. Дайн байлдаантай, үндэстэн хоорондын зөрчилдөөн, шашин хоорондын мөргөлдөөнтэй улсад л байдаг улс төрийн тогтворгүй байдал манай оронд нүүрлээд байна.
Үүрэн телефоны операторууд, олон нийтийн сүлжээ төрийн хутгууруудын багаж зэвсэг болж хувирсан нь тодорхой боллоо. Үүний ачаар монголчууд одоо бүгд л хөл толгойгоо олохгүй хямралдаж байна. Монголчууд өмнө нь Тавантолгой, Оюутолгой зэрэг төслүүдээ эдийн засаг өсгөх гол хөшүүрэг гэж үзэн анхаарлаа хандуулдаг байв. Гэтэл сүүлийн долоо хоногт Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах өөр асуудалд анхаарал хандуулах сөхөөгүй байцгаалаа. Рио Тинто компанийн зэсийн бүлгийн Ерөнхий захирал Жан Себастьян Жак “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлэх асуудлаар Монголын Засгийн газартай хийж буй хэлэлцээр байж болох хязгаартаа тулж ирсэн.
Рио Тинтогийн зүгээс энэ төслийг эхлүүлэхийн тулд хүчин чармайлт гаргаж, бүх нөөц бололцоогоо шавхаж дууслаа. Одоо төслийг эхлүүлэх эсэхийг тэд шийднэ. Бөмбөг тэдний талд байна. Монгол шиг хөгжих замдаа орж байгаа орны хувьд ийм асуудлыг шийдэхэд хүнд байсан байх. Бид ч үүнийг ойлгож, хүсэлтийг нь хүлээж аван 18 сарын турш хэлэлцээр хийлээ. Гэвч одоо хэрхэхийг тэд шийдэх болно” гэсэн мэдэгдэл хийжээ. Энэ бол тэд бидэнд саналаа хэлсэн, зөвшөөрвөл зөвшөөр, цаашид хэлэлцээр хийхгүй гэсэн тулган шаардалт, өөрөөр хэлбэл, далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх үү, тэр чигтээ царцах уу гэсэн асуудал биднээс шалтгаалах боллоо гэдэг хоёргүй утгыг илэрхийлж байна. Монголчуудын хувьд эгзэгтэй нөхцөл байдал үүслээ гэсэн үг. Гэвч шийдвэр гаргагчид гүйцэтгэх засаглалын тэргүүнтэйгээ тэмцэхийг илүүд үзэв.
УИХ-аас Тавантолгой, Гашуунсухайтаас БНХАУ руу нарийн царигтай төмөр зам барихыг зөвшөөрлөө. Дээрх хоёр ордоос олборлосон нүүрсийг төмөр замаар шууд БНХАУ-д хүргэснээр тэээврийн зардал багасч ашигтай ажиллах чухал нөхцөл бүрдлээ. Гадны тоймчид “Одоо хөрөнгө оруулагчдад итгэл бий боллоо” гэж бичиж эхлэв. Тавантолгойд хөрөнгө оруулалт татах, олон улсын зах зээлд IPO хийхэд давуу иал болох гол ажлаа бид нугалсан хэрэг. 2016 онд зам ашиглалтад орно, тэр үед нүүрсний ханш аятайхан болоод ирвэл Тавантолгойн аварга уурхай бодитоор босч ирнэ. Ийм чухал үйл явдал болж байхад иргэд яав. Н.Алтанхуягтай зууралдаад завгүй байцгаав.
Өнөөдөр 30-40 мянган төрийн албан хаагч ажилгүй болох өдрөө хүлээн айдас хүйдэстэйгээр өдөр хоногийг өнгөрөөж байгаа. Улсын төсөвт тэднийг тэжээх мөнгө байхгүй. Гэвч үүссэн нөхцөл байдалд тэдний буруу байхгүй шүү дээ. Засгийн газрын бүтэц ярьж байхад УИХ-д суудалтай намууд, Ардчилсан нам доторхи фракциуд сайдын суудал нэхсээр Ерөнхий сайд олон яамтай нүсэр бүтцийг санал болгосон. УИХ түүнийг нь баталсан. Гэтэл хоёрхон жилийн өмнө “Болно, бүтнэ” гээд товчлуур дарж байсан тэр гараараа одоо “Болохгүй, бүтэхгүй цомхотго” гэчихсэн, товчлуур дараад сууцгааж байна. УИХ нь хүртэл төрийн хутгуурын үүрэг гүйцэтгэж байна гэж ойлгохоор.
Фэйсбүүк, твиттерийн сул талыг өнгөрсөн долоо хоногт хэдэнтээ мэдэрлээ. Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нар хамтарсан мэдэгдэл хийж, байдлыг арай эерүүлтэл, тэдний гарын үсэг бүхий “гэрээний хавсралт” гэгч зүйл олон нийтийн сүлжээгээр тарав. Хүн болгон “Н.Алтанхуяг, Н.Энхбаяр хоёр төрийн хутгуур” гэж харааж зүхлээ, гэтэл тэр нь хуурамч байжээ. Тагнуулынхан хуурамч мэдээлэл тараасан нөхрийг харьцангуй хурдан олсон гэхдээ л олон нийтийн сүлжээ ямар аюултай вэ гэдгийг харууллаа. Тэр хооронд ямар нэг юм болсон бол яах вэ. Түүхэнд “Арабын хавар” гэж тэмдэглэгдсэн айхтар хувьсгалууд яг ийм хутгууруудаас болж гарсан юм.
МАН-ын бүлэг, “Шударга ёс” эвслийн нэр бүхий гишүүд өнөөдөр “Эдийн засаг хямарлаа, уналтад орлоо” гэсэн шалтгаанаар Засгийн газрыг огцруулах шаардлага тавьж байгаа боловч уг чанартаа бол улстөрийн хямрал, өөрсдийнх нь тогтворгүй зан чанараас болж, эдийн засаг хямралд орсон гэж үзэх үндэстэй. Гадны хөрөнгө оруулалтыг үргээсэн гол буруутан “Стратегийн салбарт гадны хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хуулийг батлалцаж байсан нөхдүүд өнөөдөр УИХ-д сууж л байна. Гар өргөж баталсан хуулиа гар өргөөд хүчингүй болгож байгаагаа, үзэл бодол, гаргасан шийдвэрээсээ ухарч байгаагаа юман чинээнд боддоггүй төрийн түшээд УИХ-аар дүүрэн сууж байхад Монголд яаж шударга ёс тогтох юм бэ. Улс төрийн хямрал эдийн засагтаа нөлөөлж, эдийн засгийн хямрал хүн бүрийн амьдралд нөлөөлж байна. Монголчууд хэчнээн улстөрждөг, туйлширдаг хүмүүс ч гэсэн хоосон улс төрөөр ходоодоо тэжээхгүй гэдгийг нэгэн цагт ойлгоно. Хагартлаа баяжсан улстөрч нэртэй луйварчин, хорчингуудыг үзэн ядаж ч магадгүй. Улстөрчид өнөөдөр ард түмний санаа бодол ямар байгааг мэдэхийг ч хүсэхгүй, огт тоохгүй байна. Намд шургалсан матаасчин, хорчингууд өнөөдөр ард түмнийг юман чинээнд тоохгүй “юу ч бичиж болдог цагаан цаас” мэтээр сэтгэж, элдэв хуурамч мэдээлэл тарааж, басан доромжилж байна. Ингэж байгаад нэг юм болох вий.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.