Г.Гантогтох: Төрийн ордонд тогтмол тууль хайлдаг болчихвол сайхан л байна

Бизнес ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 14

 

Хүмүүс одоо үед ардын аман зохиол хэрэгтэй, хэрэггүй гэсэн эсрэг тэсрэг байр суурьтай байдаг. Тэгвэл энэ асуудлыг жаахан ч болов тодорхой болгох үүднээс хэл бичгийн ухааны доктор /Sc.D/, профессор Г.Гантогтохыг урьж туулийн ач холбогдлын талаар энгүүн нэгэн ярилцлага өрнүүллээ.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан хаваржиж байна уу?

-Сайхан хавар болж байна. Өөрт чинь ч бас мэнд хүргэе.

-Ихэнх хүмүүс тууль одоо бол хэрэггүй зүйл. Өмнө нь л хэрэгтэй байсан байх, орчин үед ямар ч ач холбогдолгүй гээд байдаг. Энэ тал дээр таны бодол?

-Тууль бол ардын аман зохиол дотроос хамгийн их судлагдсан хэрэглэгдэхүүн. Өмнөх үед буюу тухайн үедээ хүмүүжлийн, засал номын гээд тодорхой үүргүүдээ гүйцэтгэсэн. Одоо хэрэггүй гэж болохгүй л дээ. Яагаад гэхээр, тууль нь өөрөө монгол зан заншил, ёс уламжлал, түүх соёл гээд маш их зүйлийг агуулсан байдаг. Ерөөсөө тэр чигээрээ л монгол өв уламжлалын зүйл. Тэгэхээр тууль хэрэггүй юм гээд орхичихвол бид нар өв соёлоо л орхиж байна гэсэн үг. Тиймээс туулиа хүндэтгэн үзэж нэгдүгээрт, цуглуулж нэгтгэх хэрэгтэй. Хоёрдугаарт, цуглуулсан түүврээ судлах хэрэгтэй. Ингээд ирэхээр тэр туулиудаас түүхийн шинж чанартай зүйлүүд, монголчуудын ахуй соёлын юмс, эртний өвөг дээдсийн маань сэтгэлгээ гээд маш олон зүйл гарч ирнэ. Түүний дараагаар энэ мэтийг ойлгож мэдчихээд орчин үетэйгээ нийцүүлэн найруулж цэгцлээд кино, жүжиг гэх мэт зүйлсийг хийж хүмүүст хүргэж болно шүү дээ.

-Түрүүн засал номын үүрэг гэж ярьсан шүү дээ. Түүнийгээ дэлгэрүүлж яриач?

-Тийм, урьд цагт бол туулийг засал номын, ерөөл бэлгийн журмаар хайлдаг байсан. Тухайлбал,Урианхайд “Хаан цэцэн” туулийг хайлахад амар амгалан, эрүүл энх байх, “Талын хар бодон”, “Бужин даваа хаан” туулийг хайлахад гай барцад арилдаг гэж үздэг бөгөөд энэ хоёр туулийг нэг туульч гурваас дээш хайлж болдоггүй гэдэг. Өнөр өтгөн болохыг хүссэн үр хүүхэдгүй айлд “Эрх хачин харцага”, “Наран хаан хөвгүүн”, буян хишиг дуудах айлд “Аргын өнчин яргай”, “Аргил цагаан өвгөн”, “Баян цагаан өвгөн” гэх зөөлөн туулийг хайлдаг.

Харин “Хөх нуурт Гэсэр” туулийг хайлахдаа болж буй үйл явдалдзориулан хэлдэг. Үүнд:

  • Насны баяр, хүүхэд төрснийбаярт зориулан “Баатар мэндэлсэн” бүлэг
  • Хуримд зориулан “Рогмо хатантайгаа гэрлэсэн” бүлэг
  • Морины уралдаанд зориулан “Морь уралдаж хаан болсон” бүлэг
  • Дайны талбарт “Гэсэр баатархорыг төвшитгөсөн” бүлгийгтус тус хэлдэг байсан. Одоо ч зарим газар хэвээрээ байгаа.

Тэгэхээр хэлийг нь ойлгохгүй, утга учрыг нь мэдэхгүй Төвөд, Энэтхэг ном уншуулж суудаг хэрнээ яагаад сайхан туульчаа уриад, хуураа хуурдаад монгол туулиа хайлаад байж болохгүй гэж. Бид нар Ганжуур, Данжуур, Сундуйн жүд зэрэг номоос залхаагүй биз дээ.Жирийн нэг айлаас эхлээд төрийн ордонд хүртэл монгол туулиа хайлдаг болчихвол сайхан л юм гэж би хувьдаа бодож явдаг л даа. Цаг зав болохгүй урт гэж байгаа бол гол чиг шугамыг нь алдуулалгүй багасгаж хураангуйлчихаж болно шүү дээ.

 

-Зарим судлаач, сонирхогчид ардын юмыг тэр хэвээр нь байлга. Хүрч хөндөх хэрэггүй гээд байдаг тал бас бий шүү дээ?

-Яаж болох юм. Тууль чинь хэчнээн жилийн өмнөх зүйл билээ, тухайн үеийн нийгэм ямар байлаа. Одоо үеэс тэс ондоо шүү дээ. Тийм учраас зайлшгүй орчин үетэйгээ, энэ нийгэмтэйгээ уялдуулах л ёстой. Үгүй бол хэн ч сонирхохгүй, мэдэхийг ч хүсэхгүй. Гэхдээ энд орвонгоор нь өөрчлөх талаар биш зөвхөн хураангуйлах, үг хэллэгийг нь ойлгомжтой болгох тухай л ярьж байгааг ойлгох хэрэгтэй.

-Монгол туулийн ач холбогдлын талаарх судалгаа хэр хийгдсэн бэ?

-Цөөнгүй хийгдсэн. Гэхдээ бүр нарийвчилж судлах шаардлагатай зүйлүүд бас байгаа.

-Уг нь бол ардын аман зохиол буюу тууль, үлгэр, домгийн ач холбогдлын талаар хийсэн судалгаагаа олон нийтэд мэдээллэх нь чухал баймаар. Гэтэл энэ талаар энгийн нэг хүн, жишээ нь би мэддэггүй. Хэрвээ мэддэг бол би туулийг унших ёстой, надад ийм ийм ач холбогдолтой, хэрэгтэй гээд ашиглаад хэрэглээд явмаар байдаг. Тэгэхээр манай судлаачид, эрдэмтэд гээд байгаа хүмүүс ерөөсөө л олон нийтэд биш өөрсөддөө зориулж судалгаагаа хийдэг юм биш үү?

-Яахав судлаач хүн судлаач гэсэн байр сууринаасаа, эрдэм шинжилгээний талаасаа харж тухайн хүрээндээ ажлаа хийж байгаа л даа. Энэ нь нэг талаар өрөөсгөл зүйл болоод байгаа юм. Гэхдээ дан ганц судлаач гэхгүй олон талаасаа оролцох хэрэгтэй байна. Туульч нь ч туулиа дэлгэрүүлдэг, олон нийт ч гарсан ном зохиолыг олоод уншчихдаг баймаар байна.

-Цаашид туулиа олон нийтэд таниулан дэлгэрүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй гэж бодож байна?

-Юуны түрүүнд нэгдэж эвлэлдэх л хэрэгтэй байна. Тууль судлаач, туульч, тууль сонирхогч гээд бүгд өөр зүйл ярьдаг. Ингэхээр яаж хөгжих юм.

Түүнээс гадна кино, жүжиг, хүүхэлдэй болгоё гэхээр тулгардаг нэг асуудал байна. Тэр бол зураг. Зургийн анги төгссөн зураач хүмүүс бүгд л Дональд, Мики Маус шигээ нэг формоор зурчих гээд байдаг. Монгол баатар гэхээр л нэг л их том сандал дээр суусан, том малгай тавьсан хүн зурчихдаг. Эрийн сайн Хан Харангуй, Жангар хоорондоо ялгагддаггүй. Тэгэхээр монгол зургаа хөгжүүлэх, монгол зургийн сайн зураачтай болох хэрэгтэй байна. Түүний дараа хүүхдүүддээ таниулахын тулд сурах бичигт нь ойлгомжтойгоор хэсэгчилж оруулах, олон нийтэд зориулан тэмцээн уралдаан явуулах зэрэг олон зүйл хийж болох юм.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх