АН орших уу, эс орших уу

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 02

Албан тушаал, эрх мэдэлд дурласан хүний өөрийн хэсэг бүлэг Түгжилүүд төрийн ажлыг тэр чигээр нь гацаачихаад байна. Мөнгө, эрх мэдэл, албан тушаалд хүрч байвал намын эв нэгдэл, үзэл санаа, үнэт зүйл нь юу ч биш болчихсон эдгээр Түгжилүүдийн ач буянаар Сангийн сайдгүй төсөв анх удаа хэлэлцэж, мөнгөний бодлого нь төсвөөсөө тусдаа хэлэлцэгдэв.

Төсөв ч хугацаандаа батлагдаж чадахгүй нь бололтой. Газар сайгүй санхүүжилтээ хүлээсэн барилга обьект, цалингаа тавьж чадахгүй төрийн албадууд дүүрчихлээ. Улс төрийн сандал суудлын маргаан сарын турш үргэлжилж эцэст нь үр дүн гарсангүй, цаашдаа ч үргэлжлэх нь тодорхой болчихлоо. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэгчээр Ардын нам энэ асуудлыг оруулж ирээгүй бол асуудал ингэж удааширч, дампуурах байсан уу гэдгийг бодолцох л ёстой. Гэсэн ч бусдын босгосон овоон дээр очиж суучихаад шаагилдаж байгаа АН-ын шаазгай нар өөрсдөөсөө ичих хэрэгтэй. Тэд “мөхлөө” өөрсдөө дуудчихав. АН-ыг өнгөрөгч долоо хоногт бүлгийн хуралдаанаа хоёр өдөр хуралдуулахад маш олон жирийн гишүүд нь дотооддоо ойлголцож хэсэг бүлгийн төлөө бус улс орны эрх ашгийг урдаа тавьсан шийдвэр гаргах болов уу хэмээн харж байсан.

Харамсалтай нь тийм зүйл бол­сонгүй. Тэдэнд эрх мэдэл  хэрэгтэй болохоос, улс орон хэрхэн хөгжих, урагшлах нь хамаагүй гэдгээ харуулав. Хоёр өдөр хуралдсан бүлгийн хурлаар олигтой шийдвэр гараагүй бөгөөд талцаж хуваагдан хэрэлдсээр хоёр өдрийг баржээ. “Би намын дарга болно. Чи Ерөнхий сайд бол. Чиний гавьяа хаана байна” гэсэн авгай нөхрийн явган хэрүүл танхимд өрнөж ямар ч шийдэл олж чадалгүй тарсан гэх. Ингэснээр энэ долоо хоногийн пүрэв гарагт Ерөнхий сайдыг огцруулах 

МАН-ын хүсэлтийг хэлэлцэх нь зөв гэсэн шийдвэр гарсан байна. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг сайд суудалдаа үлдэх эсэх нь намын гишүүдийнх нь кнопоос шалтгаалах болж байгаа юм. Сөрөг хүчний тавь­сан өгөөшинд өөрсдөө гүйж очоод ор­чих­лоо, АН-ынхан. Бямба гарагт Удир­дах ажилтнууд нь хуралдсан ч мөн л хэрэлдэж, хэлэлцсээр өдрийг бар­сан бөгөөд ганц олзуурхууштай нь орон нутгийн намын удирдлагууд төр засаг тогтвортой ажиллах ёстой гэдэгт санал нэгдсэн гэнэ. Энэ хуралдааны үеэр МАНАН байгуулах саналыг ч нэг биш нэлээд хэдэн хүн гаргасан сурагтай. УИХ-ын ганц нэг­хэн гишүүн дуртай дургүйхэн ирж суу­сан хуралд АН-ын бүлгийн даргын үг жинтэй байжээ.

Тэрбээр, Ардын намын тавьсан асуудлаар бид ҮЗХ-оо хуралдуулах шаардлагагүй. Ийм цаг үед намын даргаа халж сольж, Ерөнхий сайдынхаа суудлаар оролдох юм бол бид нам руугаа их буугаар буудлаа гэсэн үг. Энэ бүхний дараа бидэнд ямар ч ирээдүй харагдахгүй байна гэдгийг хурал үймүүлэн хэрүүл маргаан тарьсан нөхдүүдэд ойлгуулж чадсан аж. АН-ын удирдах ажилтнууд энэ саналыг зөв зүйтэй хэмээн дэмжсэн бөгөөд тэдний үгийг үл ойшоож намын удирдах ажилтны хуралдаа суухгүй байгаа гишүүд ирэх сонгуулиар орон нутагт тойрог горилж ирэх хэрэггүй шүү хэмээн сануулга өгөөд буцжээ. АН-д гашуун түүх олон бий. Дөрвөн ч удаа Засгийн газраа унагаж, ард­чиллын алтан хараацай С.Зориг аг­саныг тэд дотоод тэмцлээсээ болж алдсан. Гудамжинд лааз өшиглөсөн он жилүүд дэндүү олон. 2000 оноос алдчихсан байсан нэр хүндийг нь эргүүлэн авч ирж, гутамшигтай ялагдлыг нь гайхамшигтай ялалт болгосон гавьяа намын дарга Н.Алтанхуягийнх гээд хэлчихвэл магтсан болчихгүй.

Эвслийн Засгийн газарт ажиллаж байхдаа гэнэтхэн л орхиж гарсан, ирээдүй нь тодорхойгүй улс төрийн хүчинтэй Засгийн газарт хамтрах гэрээ зурснаараа Ардын намд өдийг хүртэл ад үзэгдэж яваа хүн бол Н.Алтанхуяг. МАН-ыг барьцгүй болгож намдаа гурван сонгууль дараалсан ялалт авч ирсэн түүний хажууд намаас албан тушаал горилж суугаа лидерүүд дэндүү “жижигхэн” улс төр хийгээд байгаа юм биш үү. Намын даргын суудлыг авна гэдэг маргааш нь Ерөнхий сайдын суудлаас хөөж буулгана гэсэн үг. Ингэснээрээ тэд үйлээ өөрсдөө дуудаж, ирэх сонгуулийн дүр зургаа зурчихна. Үүнийг өдий олон жил олон даргатай намыг удирдаж ирсэн Ерөнхий сайд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тиймдээ ч хэсэг бүлгийн эрх ашгийг биш  жирийн гишүүдийнхээ санал бодлыг сонсч төрийн тогтвортой байдлыг чухалчлах гэсэн түүний саналыг буруутгах аргагүй билээ. Ямартай ч ирэх пүрэв гараг хүртэл хүлээх л үлдэж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх