Улстөр
・Нийтэлсэн:
Баярмаа
・
2014 11 сар 02
Өнөөдөр Монгол улсын нийт өр хэд гэдэг нь тодорхойгүй байгаа билээ. Учир нь Н.Алтанхуяг сайд нэг тоо гаргаж ирж, сөрөг хүчин нь өөр тоо гаргаж ирж байгаа.
Тэгвэл нийтийн гадаад өр буюу улсын өр гэдэгт Засгийн газар, төрийн өмчит аж ахуйн нэгж, үйлдвэрийн газрууд, Төвбанкны тавьсан өр, Засгийн газар болон Төвбанкны гаргасан баталгааг багтаадаг.
Сөрөг хүчний зүгээс: Монгол Улсад өрийн дарамт бодитойгоор нүүрлэлээ. Үндэсний аудитын газрын дүгнэлтээр улсын өрийн хэмжээ 50 хувиар буюу 5,8 их наяд төгрөгөөр нэмэгдэж 17,7 их наяд төгрөгт хүрч ДНБ-ий 102 хувьтай тэнцлээ. Өнгөрсөн онд зөвхөн "Чингис" бондын хүүгийн төлбөрт 98,9 тэрбум төгрөг төлсөн нь 1990 оноос хойших үе үеийн Засгийн газрын авч ашигласан зээлийн нэг жилийн хүүгийн төлбөрөөс 3.1 дахин их болж өсжээ. Өөрөөр хэлбэл, монголчууд бидний төлөх өр сүүлийн үед аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрснийг судалгааны байгууллагууд анхааруулсан хэмээн мэдэгдээд байгаа.
Харин энэ талаар Ерөнхий сайд баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулган дээр хийх мэдээлэлдээ арай өөр зүйлийг ярихаар бэлтгэсэн байх юм. Тодруулбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан улсын өрийн тухай төсвийн тусгай шаардлага болох өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн улсын өрийн ДНБ-д эзлэх хувь 2014 оны 9-р сарын 30-ны байдлаар 49.3 хувьтай тэнцэж байна. энэхүү үзүүлэлт нь тухайн оны ДНБ болон валютын ханшийн жилийн эцсийн гүйцэтгэлээс хамаарч өөрчлөгдөж болно.
Тэгэхээр Монголчуудын нийт өр ДНБ-ний 102 хувь уу? 49.3 хувь уу гэдэг нь эргэлзээтэй болж таарч байгаа юм. Харин өрийг жирийн иргэн та бидний татварын мөнгөөр төлөх нь үнэн, та бидний үр хүүхэд төлөх нь үнэн болж таарч байгаа юм.
Өрийг өвлүүлдэггүй Монгол ёс өнөө үед алдагдах вий дээ...Учир юу вэ гэвээс ирэх жилийн төсвийн төсөлд Монгол улсын өрийн босгыг ДНБ-ий 70 хувьд хүргэх талаар тусгасан байгаа. Энэ нь өнөөдрийн та бидний болон бидний үр хүүхдүүдийн төлөх өрийн хэмжээ нэмэгдэж байгааг илэрхийлж байгаа хэрэг.
Өрийн талаарх ойлголтоо нэг мөр болгочихоод өрийнхөө хэмжээг нэмэхгүй байхыг хүсэх иргэн Монгол улсад хэд байгааг төрийн эрх баригчид минь бодоорой. Бодож чадахгүй бол өргүй бол баян гэдэг үгийг саначихад гэмгүй шүү
А.Баярмаа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.