Засгийг саваадахаа зогсоож, төсөв хэлэлцэх их ажилдаа оръё

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 11 сар 04
 

Засгийн газар огцрох уу, Н.Алтанхуяг солигдох уу гэх асуулт улс төрийн хүрээний халуун төдийгүй халгаатай сэдэв болов. Цаашлаад АН доторх бүсчилсэн барилдаан ирэх оны төсвийн төслөөс ч илүүтэй анхаарал татаж байна.

Шинэчлэлийн Засгийн газар хариуцлагагүй ажилласан уу гэвэл ажилласаан. Гадна, дотноос хөрөнгө босгож, зээл авч зам харилцаа, дэд бүтэцдээ зарцуулсан. Ам.долларыг чангаруулж, айл гэрт хүндрэл учруулсан гээд зэмлэл их. Харин зэмлэл, шийтгэл, хариуцлагаас илүүтэй намын даргынхаа алдаан дээр дөрөөлж эрх мэдэл, эд хөрөнгөний шунал нь хэрээс хэтэрсэн, ангаж цангасан араатан амьтдын уралцаан шиг үйлдэл улам бүр хүчээ авч буй нь гүн эмгэнэл. Улс төр тогтвортой байх нь үндэсний аюулгүй байдалд чухал хэмээн аман дээрээ албархах ч бороо далимдуулж хот руу гэтэх чонын араншин үзүүлэх нь төр тогтвортой байхын илэрхийлэл, итгэл мөн үү. Өнөөдрийн хувьд ардчиллаар хаацайлж, хэрүүлээ мэтгэлцээнээр зөвтгөдөг эрх баригчдын дунд эрх мэдлийн төлөөх цусгүй тулаан өрнөж байна. Сөрөг хүчнийхний зүгээс шидсэн жижиг чулууг шүүрэн авч, дэргэдэх нөхрөө тэвнээр шивж суугаа нь зөвтгөх шалтгаан яавч болохгүй. Үнэндээ Ардын намыг эрх барьж байх үед Ардчилсан нам ард нийтийн дунд яаж хар муур гүйлгэж, эрх баригчид руу элдвийн чулуу шидэлдэг байлаа.

Үнэндээ Ардчиллын түүхэн дэх Засгийн газрууд цагаасаа эрт “нүд анидаг” эмгэнэлт тавилан өдгөө ч тус намыг ээрч эхэллээ. 1996 онд л гэхэд Ардчилсан холбоо эвсэл ялж, буянаар нь дөрвөн Засгийн нүүр үзсэн. Тухайн үед илт давуу ялалт байгуулсан ч эвсэн нийлсэн нөхөд нь дотроо алалцан, дээш гарсан нэгнээ дэгээдэж унагаах тактикийг улс орны хөгжлөөс тэргүүнд тавьж, ширүүхэн тоглоцгоосон. Яг энэ увайгүйтэл нь шинэчлэлийн Засгийн газрын хойдохыг уншихад хамгийн том дэм болох бололтой. Өөрөөр хэлбэл, хариуцлага тооцох нэрийдлээр шахаж, өөрсдөө дээш ахих, ашиг сонирхлын амбиц нь алган дээр тавьсан мэт ил болсон ардчиллын баатруудыг бид харж байна. Ийм хөгийн алалцаан дотор Н.Алтанхуягийг огцруулах байтугай оролдох ч шаардлага байна уу гэх гөжүүд бодол асав. Тэр сайн удирдагч биш ч сайн төсөл боловсруулагч. Хэнд юу бэлэглэхээ хэнээр ч хэлүүлэхгүй мэднэ. Бас хэнээс юуг авахаа ч гадарлана. Чухамдаа тэр өөрийн намыг ялалтад хүргэсэн зохицуулагч.

Намынх нь генсек Ц.Оюундарь “Юм хийж байгаа хүн л алдаа гаргадаг. Энэ жишгээр л Н.Алтанхуяг Ерөнхий сайдыг элдвээр муучилж байгаа. 1992 оны П.Жасрай гуайн Засгийн газар нэг л дүмбэгэр, их сайхан тогтвортой  байсныг санадаг.  Ингээд 1996 онд 72 хүний суудалтай байсан эрх баригч нам  25 гишүүнтэй болж байсан шүү дээ” гэснийг энэ дашрамд саная. Маргах аргагүй үнэн. Тухайн үедээ П.Жасрайн Засгийн газрыг муу ажиллаж байна гэсэн яриа огтхон ч гарч байгаагүй. Гэвч үр дүн нь тэр.  

Засгийн газрыг дагаад савлаад байвал УИХ-ын үйл ажиллагаа доголдоно гэсэн МАН-ын дарга М.Энхболдын үгийг ч ишлэе. Засаг тойрсон элдэв асуудлаас үүдэлтэй зарим яамд толгойгүй хэд хонож байна. Шинэ сайд нарын нэрс тодорхой болсон ч тэргүүнийх нь асуудлаас улбаатай сунжирсаар. Хуучин сайдууд албаа өгөөд үүрэгт ажлаас чөлөөлөгдчихсөн болохоор өрөө тасалгаа нь эзгүйрч, энэ хооронд дэд сайдууд данханд цай чанамар болон сууна.

Эл бүгдээс нэн чухал нь ирэх оны төсвийн төсөл хугацаандаа батлагдах битгий хэл ондоо багтах уу гэх санаа чилээсэн асуудал хаалганы гадна овоорчихлоо. Ирэх онд тэтгэврийн болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд уух эм, идэх талхаа дийлж авах эсэх нь өдгөө батлах төсвөөс шууд хамааралтай. Ийм байтал өөр зуураа талцаж, өвөр түрийгээ тэмтрэн үзэлцэх нь зохисгүй зүйл болоод байна. Иймээс Засгийн тэргүүнийг сэнтийгээс нь сугалж тавин, өргөс чулуу шидлэхийн оронд шинэчлэлийн багийг алдаагаа үтэр түргэн баллуурдаж, үлдсэн хугацаанд үүрэгт ажлаа сайжруулахад нь хяналт тавих үүргээ умарталгүй ажиллавал яасан юм бэ, байнгын ажиллагаатай парламентынхаан. Товчхондоо, Н.Алтанхуягийг солих шаардлага алга. Наанадаж төсөв хэмнэнэ. Түүнчлэн их өрийн зөвхөн хүүнд л гэхэд ирэх жил 703 тэрбум төгрөг төлөх учиртай. Өр шир, өгөө авааныхаа асуудлыг ч эмхэлж цэгцлэг.

Л.НИНЖСЭМЖИД

Эх сурвалж: www.new.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх