Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 11 сар 04
・ 2
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахыг дэмжээд байна. Өөрөөр хэлбэл, байнгын хорооны хуралдаанд гишүүдийн ирц 89.5 хувьтай байсан буюу 19 гишүүнээс 17 нь оролцсон юм. Ингээд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад 17 гишүүнээс 11 нь дэмжсэнээр байнгын хороо уг асуудлыг дэмжсэн.
Ингээд гишүүдийн саналыг танилцуулж байна.
Н.Алтанхуяг: Намайг 1937 оных шиг хэлмэгдүүлэх нь байна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр санал хураалгахын өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг товч тайлбар хэлсэн. Тэрбээр “Хоёр жил ажиллалаа. Энэ хугацаанд огцруулах асуудлыг зургаа дахь удаагаа сөрөг хүчнийхэн маань тавьж байна. Ерөнхий сайдын асуудлыг хоёр дахь удаагаа тавьж байна. Учир шалтгаан байдаг бол тавиад, ярилцахад болохгүй юм байхгүй. Эдийн засгийн асуудал, бусад асуудлаар ярилцаж болно. Гэхдээ Засагт ороогүйн төлөө хонзон санаж, улсын ажлыг саатуулж, нурааж байгаа нь харамсалтай. Дээр нь энэ дотор бичсэн олон үндэслэл дотроос дөрөвдүгээр үндэс лэл байгаа. Түрүүн Р.Гончигдорж дарга хэлчихлээ. Тэгэхээр энэ бол миний хувь хүний хувьд ч тэр. Би 1990 оны ардчилсан хувьсгалд анхнаасаа оролцож байсан хүний хувьд Ардчилсан шинэ Үндсэн хуулийг гаргахад тусалж, дэмжиж явсан хүний хувьд гүн эмгэнэл илэрхийлж байгаа. Өнөөдөр Монгол Улс 37 он болчихож болохгүй. Монгол Улс Ардчилсан Үндсэн хуультай. Ардчилсан Үндсэн хуулиндаа хэнийг ч гэм буруутайг шүүх тогтоогоогүй байхад гэм буруутайд тооцож, ярьж болдоггүй юм.
Хүний амьдрал баян. Д.Хаянхярваагийн аль нэг хамаатан садан зүгээр л өчигдрийн АТГ-ынхан шиг хэвлэлийн хурал хийгээд, тэдэн тэрбумын авлигын хэрэгт холбогджээ гэхэд тэр хүн гэм буруутай гэж тооцогдохгүй. Шүүхийн эцсийн шийдвэр гарсан байх учиртай. Үүнийг би Ардчилсан шинэ Үндсэн хуулийн агуулгыг зөрчиж, уландаа гишгэсэн 1937 оны хэлмэгдүүлэлт шиг гэр бүл, хамаатан саднаар нь аймаглан устгадаг байдлыг сэргээх гэсэн оролдлого гэж үзэж байгаа. Тийм учраас үүнийг эсэргүүцэж, дүүргийн иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан. Н.Алтанхуягаас Д.Хаянхярваад хаяглан гаргасан “Миний нэр төрийг сэргээж өгөөч” гэсэн нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу шүүх иргэний хэрэг үүсгээд явж байгаа. Энэ бол тоглоом биш шүү. Энэ хувь заяа их олон хүн дээр ирнэ шүү, Д.Хаянхярваа. Тоглоом тоотой нь дээр. Хоёрдугаарт, би хэлье. Монгол Улсын Үндсэн хуулинд хэн нэгэн буруутай бол тэр хүн нь өөрөө хариуцлагаа хүлээдэг. Ийм Үндсэн хуулийг бид баталсан.
Одоо 23 жилийн дараа Үндсэн хуулийнхаа үндсэн үзэл баримтлал, хүний эрх, эрх чөлөөний асуудалд ийм бүдүүлгээр халдаж байгаад би санаа зовж байна. Гэм буруутай этгээд үйлдсэн гэмт хэрэгтээ зөвхөн өөрөө хариуцлага хүлээнэ. Хэрвээ гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдсон тохиолдолд. Түүнээс биш өчигдөр АТГ-ынхан шиг жишээ нь “Л.Гансүх гэдэг хүн тэгжээ” гэж хэлчихээд тэрнийгээ Их хурлын огцруулах үндэслэл болгон тавина гэдэг бол даанч харамсалтай байна. Бид ер нь ямар зам руу л яваад байна даа. Нөгөө ардилал, хүний эрх, эрх чөлөө хаачсан юм бэ. Би ямар ч байсан ингээд товчхон тайлбар хийчихье. Их хурал дээр ороод хэдүүлээ бусад асуудлаа ярилцаад, нэг зүг рүүгээ харсан нь дээр. 1937 оныхоо хэлмэгдүүлэлтийг буцааж сэргээх гэж байгаа юм уу. Эсвэл Ардчилсан Монгол Улс ардчилсан хэвээрээ үлдэх гэж байгаа юм уу гэдгийг нэлээд сайн ярилцах хэрэгтэй болсон байна” гэсэн юм.
Д.Эрдэнэбат: Би чуулган өөрийнхөө байр суурийг дахин нотолно
Харин Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах нь зөв хэмээн эсрэг кноп дарсан УИХ дахь АН-н бүлгийн дарга Д.Эрдэнбат бүлгийн хуралдааны дараа “Миний байр суурь хэвээрээ байгаа. Үүн дээр ямар нэгэн эргэлзээ байхгүй. Санал хураах үед кноп андуураад дарагдсан юм болов уу гэж бодож байна. Төр засгаа тогтвортой байлгыхын төлөө зүтгээд л явж байгаа хүн. Кноп андуураад дарагдав уу, техникийн саатал байв уу. Гэвхээ би үүн дээр маргахыг хүсэхгүй байна. Тэртээ тэргүй ойлгомжтой. Хүмүүс буруу ойголт авч болохгүй гэж бодож байна. Бүх асуудал чуулган дээр шийдэгдэнэ. Би чуулган дээр өөрийнхөө байр суурийг дахин нотолж илэрхийлнэ. Сая байнгын хороон дээр ч гэсэн байр сууриа тодорхой илэрхийлсэн шүү дээ. Энэ асуудал хэрхэн шийдэгдэх нь чуулганы хуралдаан дээр л шийдэгдэнэ” гэлээ.
Ерөнхий сайдын асуудлыг яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.
Ц.Эрдэнэ
Эх сурвалж: www.eagle.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.