Э.Цэнгэлсайхан: Бодит үнэн үлгэр домгоос ч илүү гайхамшигтай

Бизнес ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 07

 


Байгаль ертөнцийн үй түмэн үзэгдлийн тайлбарыг агуулсан "Бодит байдлын ид шид" номын –орчуулагч Э.Цэнгэлсайхантай Ид шид гэж чухам юу болох бодит байдлын талаарх сонирхолтой уг номын тухай хором ярилцлаа.

-Сайн байна уу. Номын түлхүүр блогийн нийт уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

- Би Их Британий Эдинбүргийн их сургуульд Философи, Сэтгэл зүй чиглэлээр сурдаг. Зуны амралтаараа Монголд ирчихээд Монсудар компанид ажиллаж байна.

-“Интерном” номын дэлгүүрт өөрийн тань орчуулан гаргасан “Бодит байдлын ид шид” ном нээлтээ хийгээд удаагүй байгаа.Тэрхүү номынхаа тухай дэлгэрэнгүй ярьж өгөөч?

- Энэхүү ном нь аливаа зүйлийн үнэн, бодит байдал гэдэг ямар ч зохиомол үлгэр домог эсвэл шашин, мухар сүсгийн тайлбаруудаас илүү гайхамшигтай гэдгийг харуулахыг зорьсон. Номын бүлэг болгон тодорхой нэгэн асуултаар гарчиглагдсан байгаа. Жишээ нь “Хамгийн анхны хүн хэн байв?”. Мөн бүлэг бүр асуултаа орон орны домгуудаар хариулж эхэлнэ. Жишээ нь Австралийн Тасмани омгийн хүмүүс ертөнцийн хоёр бурхан хоорондоо байлдаж, нэг нь ялагдах үед өөд болохоосоо өмнө хамгийн анхны хүмүүсийг бүтээсэн гэдэг бол, Христчүүд бурхан хүн төрлөхтнийг өөртэйгөө адилхан дүрслэлтэйгээр хийж Эдэний цэцэрлэгт Адамыг тавьснаар хамгийн анхны хүн бий болсон гэж үздэг. Ийм янзаар домогт тайлбаруудын дараагаар бүлгийн гол хэсэг нь эхэлдэг агаад энэ бол тухайн асуултын шинжлэх ухааны бодит тайлбарууд юм. Жишээ нь дээр дурдсан асуултанд, яг үнэндээ хамгийн анхны хүн гэж огт байгаагүй. Хүн төрлөхтөн маш удаан хугацааны туршид хувьслын явцаар аажмаар сүүлд сармагчингаас бий болсон. Аажмаар гэж хэлсний учир нь нярай хүүхэд нэг өдөр том хүн болдоггүй шиг сармагчингаас нэг өдөр хүн гаргаагүй.

-Ричард Доксины тухай манай зарим залуучууд сайн мэдэхгүй байх энэ зохиолч ихэвчлэн ямар төрлийн ном зохиол бичдэг хүн бэ? Энэ зохиолчын тухайд

- Ричард Докинс бол миний хүндэлж явдаг хүмүүсийн нэг. Өөрөө бол Оксфордын их сургуулийн нэрт биологич, бас олон жил тэндээ Профессор хийсэн. Тэрбээр ихэнх бүтээлүүдээ мухар сүсгийн эсрэг, шинжлэх ухаан ба оюуны төлөө хийсэн гэж үздэг. Өөрийн бүтээлүүдээрээ олон хүмүүсийг мухар сүсэг, шашны нөлөөнөөс ангижруулж чадсанаар өнөөдөр томоохон бурхангүйч үзэлтнүүдийн хүндлэлийг авсан хүн.

-Таны бодлоор бодит байдал ид шид гэж юу вэ?

- Миний юу гэж бодохоос илүү, харин зохиолч юуг илэрхийлэхийг хүссэнийг ойлгох нь чухал байхаа. Миний ойлгосноор бол бодит байдалд ч гэсэн ид шид шиг биднийг алмайруулдаг, сэтгэл хөдөлгөдөг бас гайхшруулдаг гэсэн утга санаа.

-Одоогийн монгол залуусын маань хандлага үзэл бодол таны нүдээр харвал?

- Сүүлийн үед Христ, Мусилман, Мүүн, Бөө гэх мэт олон янзын шашны урсгал дэлгэрч байгаагаас харвал залуучууд юунд читгэж автахад бэлэн, оюуны дархлаа султай байна. Миний бодлоор аливаа зүйлд оюунлаг хандахын тулд үнэн худлыг ялгах чадварыг эзэмших хэрэгтэй. Тэр чадвар нь аливаа зүйлд итгэхээсээ өмнө өөрөөсөө “Энэ үнэн гэдэгт ямар нэгэн баримт нотолгоо бий юу?” гэж асуухаас эхлэнэ. Ийм чадвар байхгүйгээс болж олон хүмүүс, ялангуяа шашны байгууллагуудад луйвардуулж хохирч байдаг. Бөө эсвэл лам хүн сүнстэй ярилцдаг гэх нь хэдий хайрлаж явсан хүнээ алдсан нэгэнд тайтгаруулах нөлөө үзүүлж болох боловч үүнийг үнэн гэх ямар ч нотолгоо байхгүй. Тиймээс л иймэрхүү зүйлд бид итгээд цаг мөнгөө үрээд явах нь утгагүй. Лабараторын нөхцөлд шинжлэх ухааны аргаар нотлогдсон зүйлсийг л үнэн гэж үзэж амьдралдаа, эм тариа, машин, барилга байшин, онгоц пуужин гэх зэргээр хэрэгжүүлдэг эринд бид амьдраад удаж байна. Бөө, лам хүмүүс шинжлэх ухааны аргаар нотлуулахыг хэзээ ч хүсэхгүй, яагаад гэвэл өөрсдийнх нь хийж байгаа зүйлс худал хуурмаг гэдгийг өөрсдөө мэддэг. Сүнстэй, эсвэл бурхантай ярилцдаг гэдэгт чин үнэнээсээ итгэдэг хүмүүс байхыг үгүйсгэхгүй, гэхдээ тэд ихэвчлэн Шизо “Schizophrenia” гэх хий юм сонсдог, хардаг эмгэгтэй хүмүүс байдаг нь аль хэдийнээ нотлогдсон зүйл (100 хүн тутмын нэгд тохиолддог түгээмэл эмгэг).

-Танин мэдэхүйн энэ номыг яагаад орчуулах болов. Орчуулж байх явцад өөрт тань хүндрэл бэрхшээл хэрхэн тулгарч байв яаж даван гарсан бэ?

-Заавал танин мэдэхүйн ном орчуулах онцын шалтгаан байгаагүй. Миний сонирхол, сурч байгаа мэргэжилд нийцсэн, мөн олон хүмүүст хэрэгцээтэй сэдэв гэж бодсон учраас энэ номыг орчуулсан. Мэдээж хүндрэл бэрхшээл, хийж дуусгалгүй өнгөрөх олон шалтгаан байсан. Гэхдээ надад хийе гэсэн хүсэл, мэдээж олон хүмүүс тусласан учраас би хийж чадсан.

-Монгол нийт залуусыгаа юун дээр илүү анхаарч өөрсдийгөө хөгжүүлээсэй хэмээн боддог вэ?

-Өөрсдийгөө таньж, өөрсдийн давуу тал, дур сонирхол юунд байна, түүн дээрээ үндэслээд зорилгоо тодорхойлж, түүнийхээ төлөө тэмцэж амьдраасай гэж би хүсдэг. Тэгсэн цагт хүн өөрийгөө хөгжүүлэх маш их боломжийг хардаг гэж би боддог.

-Орчуулгын дараах мэдрэмж сэтгэл хөдлөлөөсөө хуваалцаач

-Хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг нь хүмүүсийн уншиж байхыг харах юм байна лээ.

-Таны хамгийн анхны орчуулга байсан уу. Цаашид ном орчуулах уу ?

-Би өмнө нь комик номнууд орчуулж байсан. Энэ миний хамгийн анхны орчуулсан том хэмжээний ном. Цаашид мэдээж, хүнд хэрэгтэй ном гэж үзвэл орчуулна.

-Бидэнтэй хамтдаа сонирхолтой сэдвээр ярилцаж блогийн маань урилгыг хүлээн авсан танд баярлалаа.Амжилт хүсье.

-Баярлалаа та бүхэнд ч гэсэн амжилт хүсье.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх