Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 11 сар 07
ҮЗХ-ны тэргүүлэгчдээ сонгох гэж багагүй хөглөсөн АН-ынхан өчигдөр тун ч ширүүн маргалдсан сурагтай. Хэвлэлийнхнийг оруулахгүй хуралдсан хаалттай хаалганы цаана МоАХ, Шонхор фракцитай хуралдаж байр сууриа нэгтгэсэн Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, бусад фракциудтай эв нэгдлээ хадгалж үлдсэн “Алтан гадас” фракцийн тэргүүн Н.Алтанхуяг нарын дунд том хэмжээний зөрчил үүсч, бараг зодоон цохиондоо хүрсэн гэх.
Хурлын тэргүүлэгчдээ тооллогын комиссыг аль фракциас тавих вэ гэдгээ удтал зөвшилцөж хэрэлдсэн АН-ынхан өнөөдөр үргэлжлүүлэн хуралдахаар болоод байгаа юм.
Өнөөдрийн хуралдаан жинхэнэ утгаараа “халуухан” болох бөгөөд МАХН-тай байгуулсан гэрээг цуцлах, мөн Их хурлын товыг зарлах, удтал ҮЗХ-г удирдсан “Алтангадас” фракцийг цөөлөх асуудлаар ярилцах гэнэ.
“Алтангадас” фракци сүүлийн хэдэн жилд ҮЗХ-д олонхийг бүрдүүлж байсан бол энэ удаад ҮЗХ-ны гишүүдээ халах солих өөрчлөх талаар ярих мөн өчигдөр хамтарч хуралдсан Нийслэлийн АН, МоАХ, “Шонхор” фракциас гишүүдээ олонхи болгох талаар ярьж байгаа гэнэ. Өнөөдрийн хуралдааны хамгийн чухал хэсэг нь МАХН-тай байгуулсан гэрээг цуцлах юм. Энэ бүхний дараа Н.Энхбаяр ямар тоглолт хийх вэ гэдэг нь олны анхаарлыг татсан асуудал болох билээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.