Ерөнхий сайд Н.Алтанхуягийг УИХ-аас огцоруулсантай холбоотойгоор АН дотор дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг асуудал нэлээд бужигнаан үүсгэсэн. Ингэж бужигнаан үүсэх шалтгааныг АН дах олон фракци хоорондын зөрчилдөөн гүнзгийрсэнтэй холбоотой гэж ажиглагчид хэлж байна.
Шинэ ерөнхий сайдын нэрийг тодруулахаар ээлжит бус хурал зарлан 2 өдөр хуралдсан АН-ын ҮЗХ-ын хурлаас Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг тодруулах үүргийг УИХ дах АН-ын бүлэгт хариуцуулахаар тогтож, үг найруулгын алдаатай тогтоол үйлдснээр өндөрлөсөн. Өчигдөр УИХ дах АН-ын бүлгийн хуралдаан болж, тус хуралдаанаас Монгол Улсын Ерөнхий сайдад Р.Амаржаргалын нэрийг дэвшүүлэхээр болжээ. Энэ бүлгийн хуралд нэр дэвшээд байсан Ч.Сайханбилэг хуралдаандаа ирээгүй, Д.Ганбат гишүүн нэрээ татсанаар 28 гишүүн оролцсон АН-ын бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар ийнхүү Р.Амаржаргалыг дэмжжээ. Тэд одоо энэ шийдвэрээ АН-ын ҮЗХ-ийн хурлаар оруулж, дараа нь Ерөнхийлөгчид танилцуулаад, Ерөнхийлөгч дэмжсэн тохиолдолд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн эцэслэн шийдвэрлэх юм.
“Огцорсон ерөнхий сайд” Н.Алтанхуяг, Р.Амаржаргалын эсрэг кноп дарж “нэг талаас намаасаа урвасан” нэр дэвшигчийг дэмжихгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн хэлсэн амандаа хүрсэн. “Алтан гадас” фракцийн зүгээс шинэ Ерөнхий сайдад Н.Алтанхуягийн кабинетэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг зүтгүүлэхээр оролдож байгаа ч нам дотроо олонхийн дэмжлэгийг авч чадахгүй байгаа юм. Хэрвээ Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болох юм бол түүнийг Н.Алтанхуяг “далдаас” удирдаж, Н.Алтанхуягийн бодлого тэр хэвээрээ үргэлжилнэ гэсэн үг. Тэгээд ч муу ажилласан гэдэг шалтгаанаар огцорсон Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг ч хариуцлага хүлээх ёстой. Товчхондоо бол Н.Алтанхуягийг Ч.Сайханбилэгээр солих юм бол “Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй” гэдэг математикийн томьёолол шууд утгаараа хэрэгжинэ гэсэн үг. Үүнийг АН-ын гишүүд өөрсдөө ч гадарлаж байгаа. Харин Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхээр болсон нь АН-ын зүгээс шинэ Ерөнхий сайд байж болох хамгийн зөв хүнээ гаргасан гэж үзэх судлаачид байна. Эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үед нэг талаас эдийн засагч мэргэжилтэй, нөгөө талаас аль нэг фракци бүлгэмийн эрх ашиг гэж туйлшрахгүй, нэр цэвэр хүн Ерөнхий сайд болох нь зөв зүйтэй гэсэн байр сууринаас хандан Р.Амаржаргалыг дэмжигчид АН төдийгүй УИХ-д суудалтай бусад намуудад ч гэсэн байгаа юм.
Гэсэн ч АН-ын дарга Н.Алтанхуягийн тэргүүлдэг “Алтангадас” фракци үүнийг эсэргүүцэж, өөрсдийн “бууны нохой” гэж хэлж болохуйц АН-ын Хяналтын хороо гэгчээр асуудлыг өөр тийш нь эргүүлэхийг санаархаж байгаа нь ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл энэ нь Н.Алтанхуяг Р.Амаржаргалын эсрэг байж болох бүх хувилбараар эсэргүүцэж байна гэсэн үг юм.
Ц.Мөнх
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.