Өвөл хаяанд ирж хүйтний эрч чангарсан эдгээр өдрүүдэд Монголын улс төрд зуны халуунаас ч илүү аагим өдрүүд үргэлжилж байна. Чухамдаа дээрээ суудлаа олж бодлого шийдвэр цэгцэрч байж л доороо гүйдлээ олж иргэдийн амьдрал өөдлөх нь энэ цагийн шаардлага мэт. Ойрын өдрүүдэд өрнөөд байгаа улс төрийн халуухан үйл явдлуудаас Монгол Улс өөдлөн дэвжих үү, өнөө л хэрүүл маргаантайгаа үлдэх үү гэсэн асуудал шийдэгдэнэ. Монголын улс төрийн амьдралд хамгийн том асуудал нь өөрсдөө болчихоод байгаа улс төрчдийг эх оронч, эв нэгдэлтэй, алсыг харсан, зангарагтай бас туйлбартай байгаасай гэж ард түмэн хүсэн хүлээж буй. Их улс төрийн шуугиант амьдралын хажуугаар өөрсдийгөө “шинэ манлайлагч” хэмээн өргөмжилсөн хэсэг залуус UBS TV-ээр орой бүр гарах боллоо. Тэдний ярианд авах ч юм байна, хаях ч юм байна, сонсох ч юм байна, сурах ч юм байна. Сошиал ертөнцөөр ад үзэгдэж муулуулж бас магтуулж ч үзсэн тэднээс иргэд одоогийн ах, эгч нар шигээ биш бүтээлч, хамтын ажиллагаатай, том эрх ашгаа, эрэмбээ мэддэг шинэ цагийн манлайлагчид төрөөсэй гэж хүсэн хүлээж буй нь лавтай. Ямартай ч Монгол төрийн тэргүүнээр ажиллаж байсан Нацагийн Багабанди, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Д.Содном, Д.Бямбасүрэн гээд нэр цэвэр олон эрхэм, судлаачид мөнөөх залуустай аминчлан уулзаж заавар зөвлөгөө өгч буй нь анхаарал татахгүй байхын аргагүй. Өнөөдөр Монголын улс төрийн нөхцөл байдал цаашид хэрхэн үргэлжлэх, засгийн хувь заяа хэрхэн тодрох нь ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байр сууриас ихээхэн хамааралтай. Улс орны өнцөг булан бүрээс ирсэн гэх “Манлайлагч” 90 залуу Ц.Элбэгдорж ерөнхийлөгчтэй уулзах урилга илгээсэн юм байна. Ерөнхийлөгч ч зөвшөөрчээ. Маргааш орой 21.30 цагаас UBS TV дээр олон улс төрчид, суудал горьдогсод мэдээж иргэд сувгаа тааруулах нь гарцаагүй.