Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 11 сар 14
・ 3
АН-ын ҮЗХ ээлжит бусаар хуралдаж олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан шинэ Ерөнхий сайдын нэрийг тодрууллаа. ҮЗХ хуралдахын өмнө АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдан УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн юм. Ингэснээр тэрээр УИХ дахь АН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай өрсөлдөхөөр болсон.
ҮЗХ-ны хуралдаан дээр хоёр нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцуулж, гишүүдийн сонирхсон асуултад хариулсан байна. Ингээд нууц санал хураалт явуулж, АН-ын дотоод сонгуулын хороо 00.50 цагийн үед саналын хуудсаа тоолж дуусан дүнгээ гаргасан юм. Санал хураалтад ҮЗХ-ны 173 гишүүн оролцсоноос нэг саналын хуудас хүчингүй болж, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын төлөө 80, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн төлөө 92 хүн санал өгчээ.
Ийнхүү УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг 53.6 хувийн саналаар ялалт байгуулж Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад нэр дэвшихээр боллоо. Энэ бол АН-ын түвшинд Ерөнхий сайдын нэр тодорхой болж байгаа гэсэн үг. Одоо хуулийн дагуу тав хоногийн дотор АН-ынхан Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүнийхээ талаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. Улмаар нэр дэвшигчээ УИХ-д өргөн барьж батламжлуулах болно.
Нэр дэвшигчдийг мөрийн хөтөлбөрөө танилцуулсны дараа ҮЗХ-ны хорооны гишүүд асуулт асууж хариулт авчээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Хөвсгөлийн фосфоритын ордыг ашиглахгүй гэсэн баталгаа өгч чадах уу” гэсэн асуулт тавьсанд хоёр нэр дэвшигч Хөвсгөл бол аялал жуулчлалын бүс байх болно гэж хариулжээ. Ингээд асуулт хариултаас тоймлон хүргэе.
Л.Гүндалай: Доогуурх ард иргэдээ бодооч. Хүнд суртлаа арилгаач. Хүүхдийн мөнгөө 40 мянга болгооч.
Р.Амаржаргал: Тэтгэвэр тэтгэмжийг 50 хувь нэмнэ.
Ч.Сайханбилэг: Эрүүл мэндийн салбарт том реформ хийнэ
Р.Амаржаргал: Популизмын эсрэг хийх ганц зүйл бол эдийн засгийн өсөлт.
Лу.Болд: Энэ хурлын дараа нам маань нэг болох ёстой. Бүлэг маань нэг болох ёстой. Та хоёрын хэн нь үүнийг хийж чадах вэ?
Ч.Сайханбилэг: 1996 оноо дахин дахин давтаад байвал 2016 он байхгүй. Тиймээс нам хагалах тухай асуудал байхгүй.
Ч.Сайханбилэг: Үүсээд байгаа хямралыг мэдэрч байна. Гарч болох гарцыг бас харж байна. Магадгүй үр дүн нь 2-3 жилийн дараа ч гарч магад.
Р.Амаржаргал: Би бол камикадзе болно гэсэн үг. Маш хүнд шийдвэрүүд гаргах шаардлага гарна. Эдийн засгийн өсөлт рүү хамрыг нь гаргаж чадвал их юм болно.
Ч.Сайханбилэг: Оюутолгойн 34 хувийг нийгэмд хэлэлцүүлэх замаар шийдэх хэрэгтэй. Өнөөдрийн уушиг дээр. Нийгмийн салбарын хувьчлалыг заавал эхлүүлнэ
Р.Амаржаргал: Ард иргэддээ хүртээмжтэй минимум стандартын эрүүл мэндийн үйлчилгээ хэрэгтэй.
Ийнхүү асуулт хариулт өрнөсний дараа нууц санал хураалт болсон юм. Санал хураалтын дүн гарсны дараа УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Алтангадас”-ынхан ҮЗХ-нд яалт ч үгүй олуулаа юм байна хэмээн жиргэсэн байв. Өчигдөр болсон ҮЗХ-ны ээлжит бус хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулснаас гадна АН-ын даргыг шинээр томилсон.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.