Золиосны Засгийн газар

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 11 сар 16

Эмхлэн байгуулагдах Засгийн газарт Төрийн тэргүүний хайрласан нэр. Будаанд шигжиж, бусадтайгаа зөвшилцөхийн оронд эцгийн ёсоор шууд л оноов. Үүгээрээ тэр Ардчиллынхан тэртээх хар түүхээ давтах гэж буйг хүний, өөрийнхөнд сануулсан гэхэд болно. Түүнчлэн Р.Амаржаргал Ч.Сайханбилэг УИХ-ын босго давахгүй. Давлаа гэхэд түүний тэргүүлсэн Засгийн газар Цагаан сарын дараа нүд аних тухай цахим ертөнцөд жиргэжээ. Мөн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь “З.Энхболд, Р.Амаржаргал хоёр хоёулаа гөжүүд, зөрүүд. Бусдын үгийг хүлээж авахдаа муу. Энэ хоёр нийлээд хоёр дахь өдрөө хэрэлдээд, хор дундуур нь гүйгээд хоёр сарын дараа бүтэхгүй байна юм гэдэг дүгнэлт хийгээд байтал дундуур нь намын дарга нь Ерөнхий сайдаа авах хэрэгтэй гэдэг хатгаас орж ирээд хавар Засаг дахиад унах вий гэж эмзэглэж байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодотгосон нь бий. Ч.Сайханбилэгийн тухайд ч Р.Амаржаргалаас дутахааргүй зөрүүд бас гөжүүд гэдгийг намынхан нь андахгүй. Юутай ч Засгийн газрын тэргүүн хэн байхаас үл хамааран хэд наслах бол гэсэн хүлээлт ардчиллынханд айдас дагуулж эхэллээ.

Стандарт бус намын дарга буюу Зэ

 

10А-гийнхны амбиц хэзээ ч дуусахгүй ээ гэж. Уг нь Н.Алтанхуяг намын даргын суудлаа намынхаа Их хурлаар өгнө гэж зөрүүдэлж байсан нь өчигдөрхөн мэт. Тэр ч бүү хэл, Гүйцэтгэх засаглалын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр хэд хонох сонирхолтой байлаа. УИХ-ын дарга З.Энхболд ч ирэх сарын 8-нд хуралдах Их хурлаар ёслол төгөлдөр эл албыг авна гэдгээ илэрхийлсэн. Гэтэл гэнэт л Н.Алтанхуяг албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгч, З.Энхболдыг олонх нь дэмжив.

 

2008 оны сонгуулийн дараахан Н.Алтанхуяг намын даргын албыг ҮЗХ-ны хурлын шийдвэрээр авч байлаа. Намын их хурлаар даргыг тодруулах учиртай гэх үг цухалзсан ч сураг алдарсан юм. Яг л өнөөдрийнх шиг. Дүрмээ зөрчсөн стандарт бус даргын далбаан дор зургаан жил жаалсан АН-ынхан Зэ-гийн командаар хэр удахыг харах л үлдэх шив.

“Алтан гадас”-ынхан эргэн ирэв

Өмнөх ҮЗХ-ны хуралд төрийн албанд шилжсэн 30 гаруй хүн оролцоогүй. Үүнээс бол Н.Алтанхуягийн талд асуудал шийдвэрлэж чадаагүй гэж ардчиллынхан өөрсдөө дүгнэж буй. Учир нь төрийн албанд шилжигсэд цөм “Алтан гадас”-т харьяалалтай тул санал хураалтад арга мухардсан аж. Мөн  бүлгийн хуралдаанд тус фракцийн долоон гишүүн оролцоогүй бөгөөд санал хураалтын дүнд Р.Амаржаргал дэмжигдэв. Үүнээс үүдэн Н.Алтанхуягтай хамт “Алтан гадас”-ынхан буланд шахагдлаа гэх мессеж түгсэн юм.

Харин өнгөрсөн баасан гарагийн хуралдаанд Боомтын нэгдсэн захиргааны дарга Л.Гүндалай, ШУТИС-ын багш Батчулуун тэргүүтэй эрхмүүд иржээ. Төрийн албан хаагчид АН-ын ҮЗХ-ны хуралд хууль зөрчин суусантай холбоотойгоор гишүүд нь УИХ-ын дарга З.Энхболдод шаардлага хүргүүлсэн нь ч бий. Гэвч тэргүүн эгнээнд суугаа эрхмүүдээс энэ талаар ямар нэгэн гомдол санал гаргасангүй. Ийнхүү “Алтан гадас”-ынхан эргэн ирж, Ч.Сайханбилэг Ерөнхий сайдад нэр дэвшив.

Тоглуулж ханадаггүй Р.Амаржаргал

Богино наст, тоглоомын Засгийн газрын бодит дүр болдог эмгэнэлт тавилантай Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгоно гэж тохуурхав. Хоёр жил гаруйн хугацаанд үхсэнээс өөрцгүй мэт амьдарч байсан Р.Амаржаргалыг Шонхор болоод МоАХ-ынхан түлхүүрдэж, бүлгийн хурлаар 100 хувь дэмжиж амь оруулав. Ямартаа л тэр бүлгийнхээ хуралдаанд хамгийн эхэнд ирж суусан юм, тэдгээр өдрүүдэд.

З.Энхболд Женкотой хүч хавсарч Н.Алтанхуягийг унагаж, Фортуна тэргүүтэй МҮДН-ыг өөрийн талдаа урвуулах нь тэр. Улмаар “Алтангадас”-ыг шахаж Р.Амаржаргалыг дэвшүүлж баярлуулав. Гэтэл Зэ ганц шөнийн дотор алга урвуулахын дайтай эргэлт хийж “Алтан гадас”-тай тохиролцож, Р.Амаржаргалаас Ч.Сайханбилэгийг илүүд үзэв.

Ч.Сайханбилэг дэмжлэг хүлээх үү

            Н.Алтанхуяг л муу ажилласан юм байна. Түүнээс биш кабинат нь тун сайн ажилласан тул Ч.Сайханбилэгийг оруулж ирлээ гэх хошигнол газар авлаа. Түүнчлэн Р.Амаржаргал мань хүнийг УИХ-ын босго давахгүй бүдэрнэ гэж зөгнөв. Ч.Сайханбилэгийн тухайд хэвлэл мэдээллийн дуу хоолойг  боомилох,    иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх  талбар болох сайтуудын мэдээний доорх сэтгэгдлийг хянах, улмаар хэн, хаанаас, ямар зорилгоор сэтгэгдэл бичснийг тогтооно гэж мэдэгдэж байсан нэгэн. Иймээс хэвлэлийнхний дайсан гэж цоллогдох шахсан нөхөр.

“Сувгаа битгий солиорой” хэмээж байсан Ч.Сайханбилэг Ардчиллын тэртээх хар өдрүүдэд сайдын алба хашиж байв. Түүнчлэн Н.Алтанхуягийн баруун гарын үүргийг гүйцэтгэж, гал тогоог нь хариуцсан нөхөр. Тийм байтал эзэнд нь хариуцлага тооцож, зарцыг нь тахин шүтнэ гэдэг амаргүй байх биз. Нөгөөтэйгүүр, сөрөг хүчнийхэн энэ эрхмийг дэмжинэ гэдэг юу л бол. Их л том зүйлээр гар цайлгах хэрэг гарах вий.  

Шинэ даргын илтгэх бичиг

АН-ын шинэ дарга З.Энхболд өнөөдөр өргөх бичгээ өргөн барина. Тэрбээр Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжээрэй гэж УИХ дахь бүлгүүдээс хүсэх гэж. Мөн энэ хүрээнд зөвшилцөнө гэдгээ ч нуусангүй. Ийнхүү маргааш чуулганы хуралдаан зарлаж, нэр дэвшигчийг батламжлах аж. Улмаар түүний дараа Засгийн газраа эмхлэн байгуулах асуудлаар хэлэлцэх гэнэ.

Харин АН-ын бүлгийн гишүүд үг дуугүй ҮЗХ-ны шийдвэрийг хүндэтгэх учиртай гэнэ. Тэрбээр “АН-ын бүлэг ҮЗХ-ны шийдвэрийг хүндлэх ёстой. ҮЗХ бол нэр дэвшүүлдэг олонхи болсон намын албан ёсны дээд байгууллага юм” гэв. Түүнчлэн Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болвол Засгийн газарт нь улс төрийн намуудын дарга нарыг оруулахгүй гэж үзэж байгаа гэнэ.

 

Ч.Сайханбилэгийг дэмжих биш унагах магадлал өндөр

            Эцсийн цэгийг УИХ тавина. Р.Амаржаргалын хэлсэнчлэн Ч.Сайханбилэг УИХ-ын босго давахгүй байх магадлалтай. Нэгд, Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрөхгүй буцааж байсан тохиолдол манайд бий. 1998 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорч, дараагийн Засгийн газрын асуудал яригдаж байх үед тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Да.Ганболдыг долоон удаа буцаасан түүхтэй. Ингээд УИХ-д олонхи болоод байсан “Ардчилсан холбоо” эвслийнхэн дараагийн хүнийг өргөн мэдүүлэхээс өөр аргагүй болж, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг нэр дэвшүүлж байлаа. Мөн Э.Бат-Үүлийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхэд Ерөнхийлөгч Н.Багабанди мөн л дэмжсэнгүй. Тиймээс энэ үйл явц давтагдаж мэдэх л юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд дараагийн Ерөнхий сайд хэн байх нь хамаагүй. Хамгийн гол нь улстөржихгүйгээр ажлаа хийх, дараагийн сонгуульд нэр дэвшинэ, намын жагсаалтаар гишүүн болно, 2017 онд Ерөнхийлөгч болно гэх мэтээр карьер хөөхгүй тийм хүнийг Ерөнхий сайд болгох байр суурийг баримталж буй. Харин Ч.Сайханбилэг энэ шалгуурт хэр нийцэх бол. Мөн Н.Алтанхуягийн Засгийн газрын алдааг мань хүнээс салгаж ойлгоход бэрх.

Хоёрт, З.Энхболдын хэлсэнчлэн УИХ дахь бүлгийнхэнтэй зөвшилцөнө. Гар цайлгах инж хэр байхаас кнопны даралт хамаарна. Хэрэв тохиролцож чадахгүй бол Ч.Сайханбилэг бүдэрнэ. Одоогийн байдлаар сөрөг хүчнийхэн түүнийг эсэргүүцэж буй. Ч.Сайханбилэгийн Засгийн газар бол Н.Алтанхуягийнх л гэсэн үг. Миний юм бол чиний юм гэдэг шиг зарчмаар ажиллах тул тааламжтай оноо авна гэдэг ээдрээтэй л зүйл.

Л.НИНЖСЭМЖИД

Эх сурвалж: www.new.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх