"Сод Монгол групп" ХХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд тусалсаар ирсэн.
2007 онд СХД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэрт "Сод" цэцэрлэгийг барьж байгуулан, жилдээ 50-60 хүүхдийг хүлээн авч, ая тухтай орчинд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. 2017-2018 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ баярт өдөр "Сод" цэцэрлэгийн 10 жилийн ой мөн тохиож байгаа юм. Энэ хүрээнд "Сод Монгол групп" ХХК-ийн хамт олон тус цэцэрлэгийн хүүхэд, багачуудад хичээлийн хэрэглэл, оньсон болон оюун ухаан хөгжүүлэх 8 төрлийн тоглоомыг бэлэглэлээ.
Энэ жил 10 жилийн ой нь тохиож буй "Сод" цэцэрлэг нь газрын гүний дулаанаар дэд бүтцийг нь шийдсэн Монголын анхны цэцэрлэг гэдгээрээ онцлогтой.Байгальд ээлтэй, машдулаахан байдаг энэ технологийг нэвтрүүлсэнээрээ чухал ач холбогдолтой байдгийг цэцэрлэгт ажилладаг хүмүүс онцолж байсан юм.
"Сод Монгол групп" ХХК-ийн хамт олон тухайн цэцэрлэгтэй байнгын холбоотой байж, бараа материал бусад зүйлсээр тусалж байдгийг багш, ажилчид онцолж, талархсанаа илэрхийлж байлаа. Ийнхүү хичээлийн шинэ жилийн энэ өдөр 60 гаруй хүүхэд багачууд хичээлийн бүрэн хэрэглэл, ангидаа тоглох оюун ухаан хөгжүүлэх, ой тогтоолтод эерэгээр нөлөөлдөг зэрэг олон тоглоомтой боллоо. Хичээлийн хэрэглэл, оньсон тоглоомыг “Сод Монгол групп” ХХК-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Бямбажав гардууллаа. Тэрээр “Нийгмийн хариуцлагын хүрээнд олон чухал ажил хийдгийн нэг нь “Сод” цэцэрлэг. Манай группын байгуулсан бас нэг цэцэрлэг Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа. Хоёр цэцэрлэгт нийт 300 орчим хүүхэд сургуулийн өмнөх боловсрол олж авч байгааг харах сайхан байдаг. Хүүхдийн дуу цангинасан сайхан өргөөнд хүүхэд бүр аз жаргал, инээд хөөр дүүрэн байгаасай гэж бид бүхэн хүсч байна” гэсэн юм.
Харин тус цэцэрлэгийн багш Ц.Дуламсүрэн: "Манай хороонд цэцэрлэгийн насны хүүхдийн хамрагдалт маш бага байсан. Харин 10 жилийн өмнө "Сод Монгол групп"ХХК-ийн хамт олон энэ шинэ цэцэрлэг барьж өгснөөр хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж, эцэг эхчүүд нь ажлаа эрхлэх бүрэн боломжтой болсон. Мөн газрын гүний дулаанаар халдаг учраас өвөлдөө даарч, хөрнө гэсэн асуудал байхгүй маш дулаахан сайхан байдаг. Биднийг үргэлж дэмждэг "Сод Монгол групп"ХХК-ийн хамт олондоо баярлалаа " гэв.
Хүүхдүүд багачуудын хувьд: "Гоё бэлэгтэй, цүнхтэй, зургийн дэвтэр, зөндөө бэлэгтэй боллоо, баярлалаа" гээд сэтгэгдэл их өндөр байлаа.
Дашрамд дурьдахад, " Сод Монгол Групп" ХХК 8-р сарын 24-ний билигт сайн өдөр "Бяцхан Будда" буюу Бурхан багшийн эхээс мэндэлсэн дүр бүхий гэрэлт хөшөөг ивээн тэтгэн Гандантэгчинлэн хийдэд хүлээлгэн өгсөн билээ. Цаашдаа " Сод Монгол групп" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд, эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудын сайн сайхны төлөө сайн үйлсийг ихээр бүтээж тусламжийн гараа сунгасаар байх болно гэдгээ хэлж байсан юм.