МУГЖ Ө.Уянга "Зул сарын аялгуу" жазз, поп опера тоглолтоо толилуулна

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2023 12 сар 07

 

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлон дуулаачдыг өнгөлдөг МУГЖ Ө.Уянга тодорхой бус шалтгаанаар ажлаас халагдсан тухай мэдээнд олон мянган фэнүүд нь харамсаж байлаа. Тэгвэл тэрбээр ажлаасаа халагдах тушаал аваад яахаа мэдэхгүй шууд л театрынхаа үйлдвэрчний эвлэлд хандсан байдаг. Ингээд хуулийн зөвлөгөө авч, өмгөөлөгчтэй уулзаж шүүхэд ханджээ. Уг асуудлын дагуу шүүх хурал болж, шийдвэр иргэн Ө.Уянгын талд гарсан баярт мэдээг бид өмнө нь дуулгаж байсан билээ. Түүнийг ДБЭТ-ын гоцлол дуучнаар ажилд нь буцаан томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлсүгэй гэсэн шийдвэр гарсанаар өдгөө ажилдаа оржээ. 

Дэлхийн тайзыг эзэгнэж хоолойн цар хүрээгээрээ гайхагддаг дууч бүсгүй маань жазз, поп опера тоглолтыг тайзнаа амилуулах гэж буйгаа дуулгалаа. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Киргизийн дуурийн театрт урилгаар Ж.Вердийн "Травиата" дуурийн Виолеттагийн дүрд дуулсан. Мөн "Монгол сонгодог Речитал" романсын тоглолтоо тоглосон билээ.

 

 

"ЗУЛ САРЫН АЯЛГУУ" нэртэй жазз, поп опера тоглолт арванхоёрдугаар сарын 16-нд Соёлын төв өргөөний тайзнаа үзэгчдийн хүртээл болно. Тус тоглолт хоёр хэсгээс бүрдэх юм. 

Тоглолтын 1-р хэсэг ПОП ОПЕРА АНИР поп оркестртой дэлхийн болон сонгодог поп опера дуунуудаа дуулж эгшиглүүлнэ.

Тоглолтын 2-р хэсэг ЖАЗЗ ОПЕРА 50-н жилийн түүхтэй МУ-ын филармонийн Баянмонгол жазз оркестртой хамт жазз опера-г энэ үдэш хуран цугласан үзэгчиддээ мэдрүүлэхээр зэхжээ.

Монголын анхны жазз, поп опера тоглолтод, Анир поп оркестр, Удирдаач Б.АЛТАНХУЯГ МУУГЗ, Баянмонгол жазз оркестр, Удирдаач С.САРУУЛ-ОД, Дуучин Э.АНХБАЯР МУГЖ, Дуучин Д. ДҮЙНХЭРЖАВ, Дуучин НААГИЙ, Дуучин Б.БАЯРЦЭЦЭГ, Концертмейстр, төгөлдөр хуурч, Э.НАМУУН, Концертмейстр, төгөлдөр хуурч, Ү.УРТНАСАН нар оролцоно. 

Тоглолтоо үзэгчдийн хүртээл болгоход ердөө 10-хан хоног үлдлээ. Тасалбарыг СТӨ-ний касс болон Ticket.mn-с захиалах боломжтой. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх