БУУЗЫГ ЯАГААД СЭВДЭГ ВЭ?

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2024 01 сар 31

Жилийн жилд огт хариулт нь олддоггүй асуулт бол энэ. Зовлонтой гэхээсээ илүү одоо бүгдээрээ хариулж чадахгүй тул бараг хошин асуулт болоод хувирчихсан.

Хошин хошин хариултууд тавьж байгаамаа, хажуу айлдаа үнэртүүлэхээр сэвж байгаа гэж мэгээд  За тэгвэл одоо учрыг нь мэдэж авангаа ер нь гурил гэж найрлагадаа юу агуулдгийг ч мэдээд авчих, илүүдэхгүй.

Буузыг бид улаанбуудайн гурилаар хийнэ ээ. Глютентэй, хадны мангаатай гэж айгаад байх хэрэггүй, угаасаа гурилын цавуулгийг дээд зэргээр байлгах, буузанд тохируулах үүднээс цавуулаг хамгийн сайн дээд гурилыг ихэвчлэн сонгодог. 1-р гурил ч болно.

Улаанбуудайн гурил нь товчхондоо цардуул болон уургаас бүрддэг, энэ хоёрын шинж чанараас л буузыг сэвэх шаардлага гарч ирнэ.

ЦАРДУУЛ

Цардуул бол аймаар урт молекулын гинжин хэлхээнээс тогтдог, хүйтэн усанд уусдаггүй нүүрсус. Аймаар урт гэдгийг глюкозын мангар олон гинжин хэлхээ гээд ойлгочих хэрэгтэй. Хэтэрхий урт тул үүнийг дундуур нь таслахгүй л бол хүний бие шингээж чадахгүй, түүхий гурил идвэл нөгөө идсэн гурилыг чинь бие тань аюулгүй болгох гээд шууд чацга харвана.

Хүйтэн усанд уусдаггүй гэдгийг юу гэж ойлгох вэ гэхээр гурилаа бүлээн усаар зуур гэж загнуулж байсан хүмүүс их дотноор ойлгох байх. Зуурах усны температур өндөр байж цардуул уусч, цаашдын бүтээгдэхүүний гоозүйд сайнаар нөлөөлнө. Цардуул агуулсан зуурмаг нь 55-85 хэмийн дулаанд желатинждаг бөгөөд жигнэх температурт бүрэн желатинжиж, цардуулын хоорондын холбоо тасарч бага молекулт нүүрсуснуудыг үүсгэж гэдэс ходоодонд шингэхэд бэлэн болдог. Нэг гэм нь үүнийг тогтоон барих зүйл байхгүй бол усанд уусдаг нэгдлүүд болоод хувирчих тул урсаад алга болно оо.

Энэ үүргийг цавуулаг гүйцэтгэнэ. Цардуул өндөр температурт желатин буюу цэлцэн хэлбэртэй байдаг бол бууз сэвэх үед зуурамтгай чанар нь нэмэгдэж илүү хатуурдаг, энэ бол буузыг сэвэх хоёрдугаар шалтгаан. Буруу хойшоо юм болохоороо нэгдүгээр шалтгааныг нь доор нь бичнэ.

Хөрсөн бантан өтгөрдөг, цардуулаар өтгөрүүлсэн соус хөрөхөөрөө бүүр өтгөрчихдөг гэдгийг ажиглаарай. Цардуул бүүр хөрөөд удах тусам хатуурах байтугай талсжчихдаг байвал яах уу. 

Шинэхэн хөрсөн талхны гол сайхан хөвсийсөн зөөлөн байдаг бол удсан талх зүсэхэд үйрээд байдаг, энэ бол цардуулын талсжилтын хамгийн том жишээ.

УУРАГ

Улаанбуудайн гурил нь глютен буюу цавуулаг уураг, энэ нь глютенин болон глиадин уураг, багахан хэмжээний альбумин, глобулин уургаас тогтдог. Ямар ч уураг 60 хэмээс дээшээ эргэлт буцалтгүй өөр төлөвт шилжих буюу денатурацид ордог. Эдгээр уураг ч мөн адил. Буузны гурилын цардуулыг жигнүүрийн нүхээр алдчихалгүй барихын тулд, буузны шөлийг нь дотор нь агуулахын тулд глютенин глиадин хоёр уураг хоорондоо полимержиж, …. За полимержиж гэхээр ойлгомжгүй бол тасралтгүй нарийн наалдамхай жигд тархсан утаслагийн оронт тор үүсгэж, өөртөө цардуулыг нягт нааж барьж байдаг. Жигнэлтийн температурт денатураци бүрэн явагдаж, сайтар полимержиж цардуулаа нааж авдаг.

Тэгвэл бууз бэлэн болоод сэвэхэд энэ уургууд мөн адил хатуурдаг. Хатуураад, цардуулаа нааж аваад сайхан гөлгөр нягт бүтэц үүсгэнэ. Уургууд ажиглаад байхад ер нь хатуурч байгаа биз. Цус хатуурна, өндөг хатуурна, сүүний уураг хатуурна … Энэ бол буузыг сэвэх нэгдүгээр шаардлага. ДҮГНЭЕ Тэгэхээр сэвэх гэдэг нь температурыг түргэн буулгаж хатууруулах зорилготой юм байна, ингэснээр доторхи чийг болон шингэнээ хамгаалах зорилготой, буузаа шөлтэй нь идэх зорилготой юм аа. Түүнээс биш сэвж үнэрийг нь тарааж хажуу айлдаа гайхуулах биш шүү.

Мантуун буузыг сэвдэггүй шалтгаан бол гуриланд үүссэн хийн температурыг огцом хөргөвөл бондойлгож байсан хий нь агшин зуур агшиж мантуун бууз биш болдог тул л сэвдэггүй шүү. Түүнээс тарган туранхайгаар нь ялгаварлаад байгаа хэрэг биш. 

Энгийн буузны гурилд хий байхгүй тул суганыхаа булчирхайг цочтол сэвсэн ч болно. Аан тийм, сэвэхгүй бол гарт наалдамхай байдаг ч хөрөөд ирэхийн цагт адилхан л хатуураад ирнэ. Сэвэхгүй бол түүхийрнэ гэдэг бол бүүр зуун дамжсан худал ойлголт, гүний температур нь цардуулыг задлах, уургийг денатурацид оруулах хэмжээндээ хүрсэн л бол болсон гэсэн үг, Гялс товчхон сэвчихье гэсэн ямар урт сэвчихэв ээ, алив таануус нэг сэвээдэх ээ.

 Хүнсний Инженер О. Гал-Очир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх