ЯАЖ НОМ УНШУУЛАХ ВЭ?

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2024 02 сар 05

Эцэг эхчүүд, багш нар хүүхдүүдээ яаж ном уншуулах вэ гэдэг арга замыг хайсаар л байна. Миний хувьд багш бид төрөл бүрийн шалтаг тоочин гомдоллож суухын оронд уран зохиолыг хэрхэн заах арга зүйдээ анхаарах ёстой санагдана.

Бидний одоо хэрэглэж буй уран зохиолын хөтөлбөр, сурах бичгийн дасгал даалгаврууд амьдралгүй, уран зохиолд дурлуулахад чиглээгүй мэт санагддаг. Иймээс хүүхдийг хэрхэн номд дурлуулах, уран зохиолоор хэрхэн хөгжүүлж, төлөвшүүлэх талаар өөрийн арга туршлага, саналаа энэхүү эсээгээр илэрхийлэхийг зорилоо. Уран зохиол бол гайхамшигт ертөнц.

Тэр ертөнцөд шавь нараа яаж умбуулах вэ? Яаж дурлуулах вэ? гэдэг талаар 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн өөрийн туршлага, саналаа дор хуваалцъя.

Нэгэн зүйл. Их уншуулах, унших дадалд хэвшүүлэх Юуны түрүүнд би сурагчдаа аль болох их уншуулъя гэсэн зорилготой байлаа. Ингэхдээ юуг сонгож уншуулах вэ гэдэг маш том асуудал байлаа. Ингээд нэлээд судалгаа хийсний эцэст зохиолч, яруу найрагч Д.Оюунчимэг, Б.Номинчимэд нарын орчуулан гаргасан Хүүхдийн сонгодог зохиолын дээжис 108 боть цувралыг уншуулж эхэллээ. Долоо хоногт 3 ном унших зорилго тавьж түүндээ хүргэхийн тулд хичээлийн бус цагаар, хичээл тарсны дараа гэх мэтээр ангиараа уншлага хийдэг байлаа.

Энэ бол хамгийн чухал үе. Ном унших дадалд сургахын тулд багшаас уйгагүй хичээл зүтгэл шаардана. Өөрөөр хэлбэл уран зохиолын багш “Ийм тийм зохиолыг уншаарай” гээд хэлээд орхих биш заавал уншуулахад анхааран удирдан чиглүүлж ажиллана гэсэн үг.

Сурах бичгийн агуулгад байгаа зохиолуудыг ч гэсэн бүрэн эхээр нь уншуулах. Зөвхөн түүгээр хязгаарлагдахгүй аль болох их л уншуулах хэрэгтэй гэсэн үг. Сүүлийн үед сурагчдын ачаалал ихсэж байгааг харгалзан тодорхой зохиолыг сонгон авч ангиараа заавал унших аян өрнүүлж байна. Өглөө хичээлээсээ өмнө 20 минут ангиараа уншлага хийх. Гэх мэтээр багш байнгын эрэл хайгуулч байх хэрэгтэй. 

Хоёр зүйл. Ярих чадварыг хөгжүүлэх Нэг хүүхэд 10 дээш ном уншсаны дараа ярих ажил эхэллээ. Эхлээд 1-2 удаа юу ч хэлэхгүйгээр сурагчаар яриулав. Ингэхэд хүүхдүүд маань уншсан зохиолынхоо агуулгыг л ярьж байлаа. Түүний дараа дараах шаардлагыг тавьж яриулав.

• 2-3 зохиолын харьцуулан ярих

•Адил төстэй болон ялгаатай зүйл нь юу байв гэдгийг харьцуулах

• Чамд хамгийн ихээр таалагдсан, хамгийн ихээр жигшсэн, өрөвдсөн, гайхсан, эргэлзсэн зүйл юу байв. Өөрөөр хэлбэл мэдрэмж сэтгэгдлээ илэрхийлээрэй.

• Аль дүрийг хамгийн ихээр онцолмоор байна? Тухайн дүртэй адил төстэй чанар чамд байна уу?

• Тухайн зохиолуудыг уншсаны дараа чамд юу бодогдов. Гэх мэтээр чиглүүлэг өгч яриулахад хүүхэд өмнөхөөсөө тэс өөрөөр ярьдаг болсон. Өөрөөр хэлбэл сурах бичигт буй дасгал даалгавраас илүүтэйгээр зохиолын агуулгыг ойлгуулах бүтээлч асуулт, зохиолоор дамжуулан орчлон хорвоог таних боломж, өөрийгөө таних боломж олгох нь илүү амьдралтай байсан.

Гурван зүйл. Бичих чадварыг хөгжүүлэх Сурагчид маань тодорхой хугацааны дараа нэлээд уншиж, ярих чадвар нэлээд сайжирсны дараа “Эсээ” бичүүлж эхэлсэн. 6-р ангийн хүүхэд ямар эсээ бичдэг юм бэ гэж бодож болно. Өөрийн бяцхан ертөнцдөө уншиж ойлгосноо бодож эргэцүүлэн, харьцуулан жишиж түүнийгээ уншсан зохиол бүтээлийн агуулга, дүр, үг хэллэгээр батлан оюун дүгнэлт гарган бичихийг эсээ л гэнэ шүү дээ. 

Шинэ Үе сургуулийг монгол хэл уран зохиолын багш О.Байгальмаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх