Хоёрдугаар 10 хоногт эрс хүйтэрнэ

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2024 03 сар 11

Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээг танилцууллаа.


Цаг уурч Б.ЖАРГАЛАН:

-Олон жилийн дунджаар жилийн энэ үед Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 12-18 градус хүйтэн, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар 0-6 градус, бусад нутгаар 6-12 градус хүйтэн байдаг. Хур тунадасны хувьд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 6-10 мм, бусад нутгаар 0-5 мм ордог.

Энэ жилийн гуравдугаар сарын төлвөөр баруун аймгуудын баруун хэсэг Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан. Харин Төвийн нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна.

Ялангуяа Архангай, Төв аймгийн өмнөд хэсэг, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дундговь, Дорноговь гээд баруун аймгуудын нутгаас Говь-Алтайн зүүн өмнөд хэсэг, Баянхонгорын ихэнх хэсэгт олон жилийн дунджаас хүйтэн байхаар төлөв гарсан. Хур тунадасны тухайд нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджийн орчим, ихэнх нутгаар дунджаас ахиу хур тунадас орохоор байна.

Цаг агаар муудаж байгаа үеийг авч үзвэл гуравдугаар сар эхлэхэд баруун аймгуудын нутгаар хүйтний эрч суларч, өдөртөө баг зэрэг дулаарна.

Энэ сарын хамгийн хүйтрэлт хоёрдугаар 10 хоногт тохиолдохоор төлөв гарсан.

Тодруулбал, гуравдугаар сарын 8-9-нд нутгийн баруун талаас эхэлж хүйтний эрч чангарч олон хоног эрс хүйтрэхээр байна. Энэ нь ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-6 градусаар, 10-16 хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Харин гуравдугаар сарын 17-ноос ихэнх нутгаар дулаарна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх