Мэргэжлийн боксын тамирчид маргааш халз тулалдах өрсөлдөгчтэйгөө нүүр туллаа

Спорт ・Нийтэлсэн: Отгонхүү 2024 12 сар 05

“Erdenet cup-2024″ мэргэжлийн боксын тулаанд халз өрсөлдөх тамирчид жингээ үзэж, нүүр тулах “Face off” үйл ажиллагаа өнөөдөр Соёл, урлагийн цогцолборт боллоо.

“Erdenet Cup-2024” мэргэжлийн боксын тэмцээнд 12 тамирчин, зургаан жинд хурд хүч, авхаалж самбаа, авьяас билгээ сорин өрсөлдөх юм.

Энэ үеэр “Ширэн бээлий” клубын ахлах дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Д.Төрбат хэлэхдээ “Уяач хүн уясан морио харж баясдаг бол дасгалжуулагч багш тамирчдаа харж сэтгэлийн их таашаал авдаг. Монголын тамирчид хоорондоо анх удаа аваргын зургаан бүсийн төлөө өрсөлдөх гэж байна. Эдгээр тамирчид мэргэжлийн боксын тэмцээнд өрсөлдөх ур чадвартай залуус. Өөрсдийгөө мэдэрсний үндсэн дээр өрсөлдөж байна. Ер нь тамирчин хүний хувь заяа сонирхогчдын тулаанаас мэргэжлийнх рүү ордог. Мэргэжлийн бокст амжилт үзүүлснээр тухайн тамирчны ахуй амьдрал дээшлээд явдаг. Эрдэнэт үйлдвэрийнхэн агуу хөдөлмөрч юм. Ийм гоё цом, бүс хийсэн байна. Ялсан тамирчид цом, бүсийн эзнээр тодорно. Монголын хэмжээнд бүстэй тамирчдын цувааг эхлүүлж байна. Эрдэнэт боксын мэргэжлийн дасгалжуулагч багштай. Тэгэхээр боксын сайн тамирчид эндээс төрнө гэдэгт итгэлтэй байна. Нийт Эрдэнэтчүүд, үйлдвэрийн бүтээлч хамт олон, дасгалжуулагч багш, тамирчдадаа ажил хөдөлмөрийн болон спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе” гэв.

Монголын нэгдмэл боксын холбооноос анх удаа зохион байгуулж байгаа “Erdenet Cup-2024” мэргэжлийн боксын халз тулаан маргааш буюу энэ сарын 6-ны баасан гаргийн 18:00 цагт “Хангарди палас”-т болно. Тус тэмцээний хамтран зохион байгуулагчаар Монголын боксын холбоо, их спортыг дэмжигчээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “MNB Спорт” суваг, “Unival” студи хамтран ажиллаж байна.

Мэргэжлийн боксын тамирчдын гал гарсан ширүүн тулаан, нүд гүйцэхгүй хурд, хүнд цохилт, уран нарийн тоглолтыг дэргэдээс нь үзэхийг хүсвэл ердөө ганцхан орой болох “Erdenet cup-2024” тэмцээнийг зорин ирж, үзэхийг урьж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх