Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
23 цагийн өмнө

“JCI Чэйрмэн” салбар байгууллагын санаачлагаар “Ид шидийн орон Хөвсгөл” салбартай хамтран “BEYOND TOMORROW” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
Энэхүү төсөл нь боловсролын хүртээмж багатай орон нутгийн хүүхдүүдэд чиглэн хэрэгжүүлж байгаа гэдгээрээ онцлог бөгөөд Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ахлах ангийн сурагчид хамрагдахаар болов. Улмаар гарааны үнэлгээ болон бусад шалгуур хангасан 30 хүүхэд Ид шидийн орон Хөвсгөл салбараас сонгогдон 2025 оны оролцогчдын түүчээг эхлүүллээ.


“JCI Chairman” салбар байгууллагаас 2025 онд хэрэгжүүлж байгаа “Beyond Tomorrow” төсөл нь Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуучуудыг хөгжүүлж, өрсөлдөх чадвартай боловсон хүчин болгон бэлтгэхэд чиглэсэн урт хугацааны санаачилга юм. Төслийн хүрээнд орон нутгийн болон хотын алслагдсан бүсийн сургуулийн сурагчид, өсвөр насны хүүхдүүдийг хамруулан мэргэжлийн боловсрол, олон улсын тэтгэлэгт хөтөлбөр, менторшип хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2025 онд Лантуун дохио ТББ-тай хамтран 16-18 насны 30 хүүхдийн баг бүрдүүлж, дараах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхээр зорьж байна.
∙ Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж олгох
∙ Тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн сургалтууд хөтөлбөрт хамруулах
∙ Дэмжигч байгууллагуудад дадлагажих, ажлын байр олгох боломж бүрдүүлэх
∙ Эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх сургалтууд зохион байгуулах


“Beyond Tomorrow” төсөл нь богино хугацаанд үргэлжлээд дуусах биш, харин олон жилийн турш хэрэгжих төлөвлөгөөтэй. Шалгарсан хүүхэд, залуучуудтай тогтмол холбоотой байж, тэднийг зөвлөн чиглүүлэн чадварлаг боловсон хүчин болгох нь төслийн үндсэн зорилго юм. Тус төсөл нь дэмжигч байгууллагуудын хувьд ирээдүйн үнэт боловсон хүчнээ бэлтгэх хөрөнгө оруулалт бөгөөд эргээд үр өгөөжөө өгөх чухал ач холбогдолтой.
Эхний сургалт цугларалт 4/8-4/11 өдрүүдэд Улаанбаатар хотод болж нийт төслийн оролцогч 30 хүүхэд Улиастайд байрлах “Ид шидийн орон” төвд олон төрлийн сургалт хөгжлийн хөтөлбөрт хамрагдлаа. Мөн төслийн дэмжигч байгууллагуудын дэмжлэгээр VR тоглоомын төвд чөлөөт цагаа өнгөрөөж, ART OF UB галерейд уран зураг зурах зэргээр оролцогч хүүхдүүдийн академик бус хөгжилд хувь нэмэр орууллаа.


Оролцогч хүүхдүүд Хөвсгөл аймагтаа эргэн очсоны дараа долоо хоног бүр IELTS сургалтандаа хамрагдахын сацуу менторуудтайгаа харилцах, онлайнаар шалгалтанд бэлдэх зэрэг олон төрлийн хөтөлбөрт хамрагдах юм. Тэдэнд мэргэжлээ зөв сонгоход туслах сэтгэл зүйн тестийг www.mycareer.mn -тэй хамтран хэрэгжүүлсэн бол IELTS & SAT шалгалтанд бэлдэх, хэлний сургалтанд хамрагдах боломжийг “PRIMIS educare”-ийн хамт олон ивээн тэтгэж байна. Түүнчлэн “JCI Чэйрмэн” салбар байгууллагын дотоод менторшип хөтөлбөрөөр дамжин амьдралын зөвлөгөө, сургууль болон бусад төлөвлөлтүүдийг хэрхэн хийхэд суралцах боломжтой.
Энэхүү төсөлд цаашид хамрагдах хүүхдүүдийн тоог жил бүр нэмэгдүүлж, төслийн нөлөөллийг өргөжүүлснээр бид олон зуун хүүхдийн ирээдүйг өөрчлөх боломжтой. Энэ нь Монголын ирээдүйн хөгжлийг баталгаажуулахад чухал хувь нэмэр оруулах төсөл юм.
Бидний мөрөөдөл, таны дэмжлэгээр биелнэ!
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.