Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 03 сар 30
4 дүгээр сарын 1 буюу бидний хэлж заншсанаар Инээдмийн баярын өдөр хошин урлаг, нийтийн дууны уран бүтээлчид үзэгч түмэнтэйгээ нэгэн үдшийг инээд хөөр, аз жаргалаар бялхан өнгөрөөнө.
Үүнтэй уялдуулан дээрх тоглолтонд оролцож ая дуугаа өргөх гэж буй сийлбэрч СТА Т.Баттогтохоос Инээдмийн баярын өдрийн талаарх сэтгэгдлийг нь хуваалцсан юм. Тэрээр сүүлийн 20 гаруй жил далны ясан сийлбэрээр дагнан уран бүтээл туурвиж буй.
-Энэ жилийн Инээдмийн баярын өдрөөр олон хамтлаг дуучид, хошин шогийн уран бүтээлчид нэгэн дор цугларч тоглолт хийж буйгаараа өмнөх жилүүдээс онцлогтой болж байна. Энэ сайхан тоглолтонд миний бие оролцож “Сумын овгор” дуугаа үзэгчдэдээ хүргэж гэж байгаадаа маш их баяртай байгаа. Энэ дуу маань нутаг усаа хамгаалсан, ихэс дээдсээ хүндэлсэн, эр хүний цайлган сэтгэлийг илэрхийлсэн утга учиртай дуу. Стрестэй бухимдалтай нийгэмд нэг өдөр ч болов бие биедээ гэгээн цагаан энерги түгээж, инээд бэлэглэж, уурлаж байсан ч өнөөдөр 4 дүгээр сарын 1 гэж бодохоор цаанаасаа гоё болоод явчихдаг шүү дээ. Тиймээс би энэ өдрийг ууж идэхээсээ илүү амар тайван инээж баяссан товчхондоо хэлэхэд эерэг сэтгэлгээний өдөр гэж боддог. Дууны чиглэлийн хувьд хийморлог эрчүүдээ магтан дуулсан бэлгэдлийн олон дуутай. “Бусдыг тэнхрүүлэгч нь өөрөө тэнхлүүн байдаг” гэдэг үгийг хэлэх дуртай. Мөн би уран бүтээлээ улам чамбайруулж УГЗ Б.Бямбаярын ая, Ш.Цэнд-Аюушийн шүлэг “Аавын нэр”дуу, УГЗ, хөгжмийн зохиолч Г.Энхбаяр,яруу найрагч Д.Ган-Очир нартай хамтран өөрөө захиалж “Гүйх гайхамшиг” дуу хийлгэсэн. Энэ нь эрүүл байвал ихийг бүтээнэ гэж монголчуудаа уриалж нэгдүгээрт махан биеийн, хоёрдугаарт оюун ухааны хөдөлгөөнтэй байя гэсэн утгатай дуу юм. Түүний хажуугаар энэ жил ахтайгаа хамтарч “Удам” нэртэй үзэсгэлэн гаргасан. Мөн энэ ондоо багтаж “Далны хөрөг” үзэсгэлэнгээ гаргах төлөвлөгөөтэй байгаа. Цаашид 4 дүгээр сарын 20-нд Улан-Үдэд болох үзэсгэлэнд, 6 дугаар сард Олон улсын үзэсгэлэнд оролцоно гээд хонин жилд уран бүтээлийн ганзага арвин байна.
Д.Нэргүй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.