Хиллари Клинтон сонгуулийн сунгаагаа эхлүүллээ

Улстөр ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 13

 

АНУ-ын тэргүүн хатагтай, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон тус улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөөх сунгаанд оролцохоор болжээ. Х.Клинтон“Би Ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөнө” хэмээн мэдэгдсэн хоёр минутын бичлэг хийлгэж, ням гаригт интернэтэд байршуулсан байна. Уг бичлэгт Х.Клинтон америк иргэдийн эрх ашгийг хамгаалагч болохыг зорьсноо зарлаж, “Гэр бүл хүчтэй бол Америк орон хүчирхэг” гэжээ. Үүнээс гадна эдийн засаг, нийгмийн тэгш бус байдлыг сонгуулийн кампанит ажлынхаа гол сэдэв болгохоо хэлсэн аж. Тэрбээр 2008 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн эрхийн төлөөх Ардчилсан нам доторх сунгаанд ялагдал хүлээж, Б.Обама нэр дэвшсэн түүхтэй. Харин одоо Ардчилсан намаас түүнтэй эн дүйцэхүйц нэр хүндтэй улстөрч өөр байхгүй гэж үздэг. Энэ онд67 нас хүрч буй Х.Клинтоныг нэрээ дэвшүүлэхээр болсноо албан ёсоор зарласны дараа Ерөнхийлөгч Б.Обама түүнийг Ардчилсан намаас нэр дэвшүүлэхийг дэмжиж буйгаа мэдэгдсэн байна. Б.Обама Х.Клинтоныг АНУ-ын төлөө юу хийх ёстой талаар өөрийн гэсэн бодит төсөөлөлтэй тул гайхамшигтай Ерөнхийлөгч болно гэж боддогоо илэрхийлжээ. Х.Клинтон нөхрийгөө Ерөнхийлөгчийн алба(1993-1997) хаах хугацаанд Америкийн эрүүл мэндийн тогтолцоонд шинэчлэл хийхийг оролдсон боловч уг хуулийн төсөл Конгресс дэх санал хураалтын шатанд хүрч чадаагүй. Ерөнхийлөгч Б.Клинтоныг Цагаан ордонд дадлага хийж байсан Моника Левинскийтэй холбоотой байсан тухай дуулиан гарахад тэрбээр нөхрөө дэмжиж байсан юм. Ардчилсан намаас нэр дэвшиж, Конгрессын сонгуульд ялснаар 2001-2009 онд Нью-Йорк мужийг төлөөлж, АНУ-ын Сенатын гишүүнээр ажилласан юм. Түүнчлэн 2009-2013 онд Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан улс төрийн арвин туршлагатай нэгэн.

 

- See more at: http://www.unen.mn/content/48733.shtml?alias=world#sthash.8j2BFgRZ.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх