Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 04 сар 14
・ 3
Монголчууд өнөөг хүртэл тамын тогооны үлгэрээсээ огт салахгүй л явна. Жаахан сайн яваа нэгийгээ муулдаг, унагадаг, гоочилдог, хөлнөөс нь татаж унагаахыг хичээдэг байдал хэчнээн ч жил үргэлжлэв.
Хамтраад, нэг зүгт хараад зүтгэх гэдэг ойлголт манайханд огт алга. Зүгээр л улс орны удирдагчдаар л жишээ авъя л даа. Өнөөдрийг хүртэл монголчуудад таалагдах дарга гэж байсангүй.
Хэдхэн жилийн өмнө Н.Энхбаяр гэдэг Ерөнхийлөгчтэй байлаа, манайхан. Өөрсдөө саналаа өгөөд, сонгоод гаргаад ирсэн. Сүүлдээ өөрсдийнхөө сонгосон хүнийг элдэв муугаар хэлээд, нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах адил үзэв. Түүн шиг муу хүн байхгүй мэтээр л хараа, зүхсэн юмдаг. Ингэж байхдаа Ардчилсан Ерөнхийлөгчтэй болчихвол манай улс Азийн бар битгий хэл арслан болох л мэт хуйларсан. Тиймдээ ч 2009 онд одоогийн Ерөнхийлөгчийг сонгож байлаа. Гэтэл өнөөдөр түүн шиг муу хүн алга. Бараг л хүн болгон муу хэлж байна. Хүн бүр л чадлынхаа хэрээр мууллаа. Одоо хэнийг сонговол болох юм, бүү мэд.
Ер нь ингэж тамын тогоодож байхаар гадаадаас л нэг хүн авчраад улсаа удирдуулчихъя. Хэн ч яах вэ, хамгийн гол нь мөнгөтэй, IQ өндөртэй, их тархи нь илүү ажилладаг нөхөр байхад л болно. Билл Гейтс гээд нэг нөхөр байдаг даа. Компьютерийн программ хангамжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч, 31 настайдаа тэрбумтан болсон супер хүн байна. Манайх баахан бонд гаргаад, 1.5 тэрбум ам.доллар босгож ирээд, нэг хэсэгтээ л шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг дөвчигнөөгүй юу. Гэтэл Билл Гейтс 54 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж байгаа.
Мань хүн Монголыг удирдвал мөн сайхан байна аа. Одоо энэ гацаад байгаа Оюутолгой, Тавантолгой энэ тэрийг бол ёстой амархан хөдөлгөнө дөө. Ард түмэнд ч таалагдах байх. Ядаж л ердөө 1.5 тэрбумхан ам.доллар авчрах гэж бонд энэ тэр гаргаад, бөөн өрөнд ороод байхгүй. Шууд өөрийнхөө 54-өөс ганцхан тэрбумыг нь л гаргаад, юу л бол юу хийнэ. За 5-6 тэрбум ам.доллар гаргачих юм бол Монгол Улс шууд л Азийн бар болно биз дээ. Сайхан биш үү.
Ард түмэнд ч таалагдана. Муулах хүн үгүй болно. Тэртэй тэргүй манайхан өөрсдийнхөө удирдагч нарыг голоод, гоочлоод, гадны шар толгойтой нөхөр л харагдвал эрх хав шиг сүүлээ шарвагануулаад байдаг юм чинь хамаа юу байна. Ер нь дэлхийд мөнгөтэй, гүйлгээ ухаан сайтай хүмүүс их байна. Тэднээс сонгож байгаад, бүгдээрээ гуйгаад, уриад, улсаа найр тавиад өгчихгүй юу. Бидний хайрт Орос ах нарын дунд ч овоо олон тэрбумын хөрөнгөтэй хүн байна. Арай элэгтэй байх гэвэл. Жишээ нь, Роман Абромович гээд тэрбумтан байна шүү дээ. Мөнгөө үрэх аргаа олж ядаж байна, тэр хүн.
Эхнэртээ саран дээр газар худалдаж авч өгч байна гэнэ. Монгол Улсыг удирдаач гэвэл тэр мөнгөөрөө Улаанбаатарт байгаа 200 гаруйхан мянган өрхийг шууд орон сууцтай болгочихож болж байна. Тэгээд л утаа энэ тэр шууд шийдэгдэнэ. Түүнээс гадна манайханд Путин их таалагдаад байгаа гэсэн. Обамад хайртай монгол хүний тоо ч сүүлийн үед их өсч байгаа юм уу даа. Обамагийн бүрэн эрхийн хугацаа удахгүй дуусна. Тэгэхээр Монголд ирж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөө ч гэж захидал бичихгүй юу. Хэдэн хүний гарын үсэг цуглуулсан ч яадаг юм. Энэ санаачилгыг дэмжих хүн зөндөө байгаа байх.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.