ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ УНГАР УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХАВ

Улстөр ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 14
 
saikhan ungar
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Унгар улсын Ерөнхийлөгч  Янош Адерт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бараалхлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Янош Адер Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзаж байгаадаа баяртай байна гээд, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлаар ярилцаж, санал солилцсоноо хэллээ. Монгол Улсын хүн амын усны хангамж, хөдөө аж ахуй болон аж үйлдвэрийн усны хэрэгцээг хангах, усны нөөц тогтоох, цэвэршүүлэх, дахин ашиглах чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгээ  Ерөнхийлөгч Янош Адер хэллээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр орны Ерөнхийлөгчийн ярилцаж тохирсон ажлуудыг дэмжиж ажиллахаа илэрхийлээд Унгар улс манай улсад Элчин сайдын яамаа дахин нээхээр болсонд баяртай байна. Хоёр орны хооронд худалдааны эргэлт өсч байгаа хэдий ч бараа бүтээгдэхүүний тооны хувьд цөөн байгаа.  Европын холбооны гишүүн орнуудад Монголын 7000 гаруй бараа бүтээгдэхүүн нэн таатай нөхцөлөөр гарах боломжтой. Энэ боломжийг ашиглан Монголын арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүнийг Унгарын зах зээлд гаргаж,  худалдааны тэнцлийн хоёр урсгалыг хангах сонирхолтой байна гэж Ерөнхий сайд хэллээ  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх