УИХ-ын чуулганы хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч Ерөнхий сайд, Сангийн сайд нар хуралдаанд оролцох боломжгүй байсан учир асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан юм.
Ингээд Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэвХууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцууллаа.
ОУВС-гийн шийдвэр гаргах хамгийн дээд нэгж нь Захирагч нарын зөвлөл ба ОУВС-гийн 188 гишүүн улсыг төлөөлөн ажилдаг нэгж нь Захирлуудын зөвлөл юм. Захирлуудын зөвлөл нь 24 гишүүнээс бүрддэг бөгөөд Захирлуудын зөвлөлийн 5 гишүүнийг ОУВС-д хамгийн их квот эзэмшдэг Америкийн Нэгдсэн Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Франц Улс болон Англи Улс бүхий 5 гишүүн улс томилж, үлдсэн 19 гишүүнийг бусад гишүүн улсууд сонгодог байна. Монгол Улсын хувьд БНСУ, Австрали, Шинэ Зеланд, Узбекистан зэрэг нийт 15 улстай нэг тойрогт харьяалагддаг. Тус тойргийн Гүйцэтгэх захирал, Орлогч гүйцэтгэх захирлыг БНСУ, Австрали Улс болон Шинэ Зеланд улс томилон ажиллуулдаг аж.
ОУВС хөгжиж буй орнуудыг түлхүү оролцуулах, дуу хоолойг нь нэмэгдүүлэх зорилгоор Захирлуудын зөвлөлийн гишүүнчлэл дэх хөгжингүй оронд хамаарах 2 суудлыг хөгжиж буй оронд шилжүүлэх, 9 болон түүнээс дээш гишүүдтэй тойргуудад хоёрдох Орлогч гүйцэтгэх захирлыг ажиллуулах, Захирлуудын зөвлөлийг бүх гишүүн орнуудын оролцоотойгоор сонгодог тогтолцоонд шилжих юм байна. Энэхүү шинэчлэлийн дагуу ОУВС-гийн ерөнхий хэлэлцээрийн 12 дугаар зүйлийн 3(b), 3(c), 3(d), 3(f), 3(i), 3(j) болон 8 дугаар хэсэгт, 21(a) болон (ii) зүйлд, 29(a) зүйлд болон хуваарийн холбогдох заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа юм байна. Монгол Улсын харьяалагддаг тойрогт 15 улс хамаардаг учир шинэчлэлийн үр дүнд Монгол Улс нь шийдвэр гаргах явцад өөрийн оролцоогоо илүү нэмэгдүүлэх боломжтой болох ажээ.
Өнөөдрийн байдлаар ОУВС дахь квотын хэмжээ дэлхийн эдийн засгийн хэмжээтэй харьцуулахад бага байгаа бөгөөд энэ нь ОУВС-гаас санхүүгийн хямралд өртсөн гишүүн орнууд болон бусад гишүүн орнуудад шаардлагатай байгаа хэмжээний санхүүжилтийг олгоход хүндрэл учруулж байна. Тиймээс ОУВС-ийн квотын хэмжээг нэмэгдүүлэх нэн чухал шаардлага гарч буй юм байна.
Энэхүү квотын шинэчлэлээр ОУВС квотын хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлэх буюу одоогийн байгаа 238.5 тэрбум Зээлжих тусгай эрх (ЗТЭ)-ийг 477.0 тэрбум хүртэл нэмэгдүүлэх юм. Тус шинэчлэлийн үр дүнд 61 орны квот нэмэгдэх бөгөөд 53 нь хөгжиж буй орнууд байгаа бөгөөд үүнээс Монгол Улсын квот 51.1 сая Зээлжих тусгай эрхээс 72.3 сая болж нэмэгдэх аж.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор дээрх асуудлыг хэлэлцээд хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн дэмжсэнээр Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
TlMES.mn