АН засаг барихаараа гишүүдээ барьж хорьдог, цагддаг, хэлмэгдүүлдэг гэсэн шүүмжлэл өчигдөр хаалттай хуралдсан УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар яригджээ.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Ч.Гансүх иргэдийн гар дээр 200 мянган төгрөгөөр очдог нүүрсийг хөтөлбөр хэрэгжүүлж 80 мянган төгрөгөөр өгч, түгээлт, савлалт гээд 800-аад хүнийг ажилтай болгосны төлөө шоронд хорьж үйлийг нь үзсэн. Багануурын нүүрсний уурхайг 27500 төгрөгөөр нийлүүлнэ гэсэн тогтоол, шийдвэр нь байхад шигшиж ангилаад зарвал 39900 төгрөгөөр борлуулна гэсэн бичигтэй хутгаж, энэ хоёрын зөрүүнээс 2 тэрбум төгрөг завшлаа гэж буруутгаж байна. Гэтэл үнэндээ Багануурын нүүрсний уурхайгаас нэг ч удаа шигшүүлж, ялгуулж нүүрс аваагүй, өөр компаниар ангилан ялгалт хийлгэж, шигшүүлж худалдаалж байсан бүхэн нь тогтоогдоод байгаа.
Ингэж мэдээжийн зүйлээр нэгнийгээ улстөрийн зорилгооо нухчин дардаг байдлаа болиоч хэмээн зарим гишүүд ихэд л бухимджээ. Бас "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурийг үл ялих, хөрөнгө завшсан ямарч асуудалгүй зүйлээр цагдаад хориод хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хүн тендер шалгаруулаад, хөрөнгө мөнгө идсэн зүйл байхгүй байхад батлан даалтад ч гаргадаггүй. Таван удаа хүсэлт явуулахад хүлээж аваагүй гэнэ.
Я.Батсуурь аргаа бараад намынхаа шударга гэж үздэг Э.Бат-Үүл, Р.Гончигдорж хоёрт надад туслаач, би ардчиллын төлөө 30 гаруй жил зүтгэхдээ хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн, энэ хугацаанд сахилгын ч зөрчил гаргаж байгааг намтар минь гэрчилнэ, “Говь Повер” компанид үүссэн асуудлыг шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэрлэсэн гэж учирлажээ. тэрээр 80 настай ижий минь бие өвдөж хэвтэрт орж, миний бие ч муудаж, сэтгэл санааны хямралд ороод байна хэмээн тусламж гуйсан аж.
Энэ мэтчилэн асуудлаар АН-ын бүлгийн гишүүд нэлээд ширүүхэн маргалджээ. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Сайханбилэгээ чи Я.Батсуурийг буруутай гэдэг тогтоогдоогүй, шалгагдаж байна. Энэ хүн ямар буруу юм хийсэн юм. Гэтэл чи хэрэг шийдэгдээгүй байхад албан тушаалаас нь чөлөөлж, өөр хүн томиллоо. Энэ үйлдэл нь түүнийг буруутай мэт харагдуулж байна " хэмээн зандарчээ. Хариуд нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Намайг шоронд хийсэн гэж хэлэх гээд байгаа юмуу. Үүнд миний оролцоо байхгүй шүү. Хууль хяналтын байгууллагынхантай уулзсан. Удахгүй суллана гээд хугацаа яваад л байна даг" хэмээн хариулсан гэх.
Р.Гончигдорж "Гэм буруутай нь батлагдаагүй байхад хэнийг ч гэмтэн гэж үзэх болохгүй" хэмээн үг нэмэрлэжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Я.Батсуурийг АТГ-аас шалгаж цагдан хориод хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Өнөөдөр энэ эрхэм Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна. Батлан даалтад гарах хүсэлтээ таван удаа илэрхийлсэн ч хүлээж аваагүй. Түүнийг Эрүүгийн хуулийн 150.3 буюу бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 265.2 буюу төрийн бус байгууллагын албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр буруутган шалгаж байгаа талаар эх сурвалж мэдэгдсэн юм. Үнэндээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнгийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй “Говь Повер” компанид 5.4 тэрбум төгрөг гаргаж өгсөн гэсэн асуудлаар холбогдуулан шалгаж байгаа гэнэ.
“Эрдэнэс тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь “Шүүхийн шийдвэрийг үндэслэж, дээрх хэмжээний нөхөн төлбөр олгосон” гэсэн тайлбар хийжээ.
“Эрдэнэс тавантолгой” компани нь “Говь повер” компаниар нүүрс тээвэрлүүлэхээр 17 тэрбумын гэрээ байгуулсан байдаг. Гэвч дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаж, зардлаа бууруулах шаардлагатай болсон.
Улмаар нүүрсээ Цагаан хаданд буулгалгүй шууд ачилт хийх болсноор “Говь Повер” компанитэй хийсэн гэрээ нь цуцлагдсан байна. Мэдээж нүүрсээ хөрш орон руу шууд тээвэрлэх болсноор ашигтай ажиллаж эхэлсэн байна. Тонн тутамд 5 ам.долларын хэмнэлт хийж чадсан гэжээ.
Харин гэрээ цуцлагдсанаас болж “Говь Повер” компани 7.4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Улмаар хохирлыг барагдуулах ёстой гэж тус компаниас үзэж шүүхэд хандсан бөгөөд шүүхээс дээрх хэмжээний нөхөн төлбөр олгох ёстой гэсэн шийдвэр гарсан гэж тайлбарлажээ.
Гэвч энэ асуудал нь Я.Батсуурийг хуулийнханд шалгагдах гол үндэслэл болсон гэнэ. Шүүхийн шийдвэрийн дагуу асуудлыг шийдсэн байхад намайг буруутгаж хорьж байгааг эсэргүүцэж, тэмцэлийн бүхий л хэлбэрийг ашиглана, хилс хэрэгт унахгүй гэдгээ тэрээр мэдэгджээ.
www.times.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.