Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 09 сар 25
Нийслэлийн хоёрдугаар амаржих газрыг тойронд өндөр барилгууд баригдсанаас төрөх эмнэлгийн халаалт доголдож, эх, нялхас даарах болсон байна.
Дулааны шугам сүлжээний асуудлаас болж тус амаржих газар 2013 онд хүндхэн өвөлжсөн бол дээрх асуудал энэ жил ч давтагдах бололтой. Харин үүнд "Улаанбаатар” их дэлгүүрийн удирдлага буруутай гэж амаржих газрынхан үзэж байгаа аж. Тиймдээ ч эмнэлгийн ажилтнууд тус их дэлгүүрийн гадна жагсаал хийж эсэргүүцэл илэрхийлсэн юм. Тэд “Монгол эх төрөх газаргүй болж, олон эх нярайн эрх зөрчигдөж байна”, "Эх нярай дулаан орчинд төрөх-Эмчлүүлэх эрхтэй”, “Сүхээ та эх нярайд эхийн сэтгэл гарга” гэсэн бичигтэй лоозонг барин жагслаа.
Анх 1959 онд ашиглалтад орсон энэ төрөх эмнэлгийн хоёр давхар байшингийн нэг давхрын өрөөнүүд өнгөрсөн өвөл огт халаагүй аж. Тиймээс эмнэлгийн захиргаанаас НЗДТГ, НЭМГ-т хандаж, нэмэлт халаалтын шугам татуулах санхүүжилтийг шийдүүлсэн байна. Уг нь тендерт шалгарсан компани инженерийн шугам сүлжээний зургийн дагуу “Улаанбаатар” их дэлгүүрийн зүүн талын нийтийн эзэмшлийн талбайгаар дулааны шугам татах гэтэл тус дэлгүүрийн удирдлагууд ажлыг нь хийлгэхгүй, 14 хоног саатуулжээ. Үүнийгээ дэлгүүрийн удирдлагууд “Манай байгууллагын халаалтад сөргөөр нөлөөлнө” гэж тайлбарласан байна.
Түүнчлэн “Улаанбаатар” их дэлгүүрийн зүүн талын авто зогсоолоор дайрч гарах дулаан шугам дэлгүүрийн халаалтад сөргөөр нөлөөлөхгүй гэсэн техникийн нөхцөлийг мэргэжлийн байгууллагын тооцооллоор ОСНААУГ-аас дүгнэлт гаргаж өгсөн боловч тус дэлгүүрийн удирдлагууд эсэргүүцсээр байгаа аж. Гэтэл дулааны шугамыг нэмж татахгүй бол өдөрт 40-өөд эх амарждаг, 20 гаруй мэс засал хийдэг, сард 670 гаруй нярайг өлгийдөж авдаг төрөх эмнэлэгт хөлдөх аюул нүүрлээд байгаа юм байна.
Эсэргүүцлийн жагсаалын үеэр эмч, ажилтнууд хагалгаа хийх явцад эмч нарын гар чичирж байна шүү дээ хэмээн ярьцгаасан. Тэгвэл тус амаржих газарт 500-1000 граммтай дутуу төрсөн нярай хүүхэд, 25 эх эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Мөн энэ онд 3000 гаруй эх төрөхөөр жирэмсэний хяналтад байгаа аж. Тэгэхээр эмчийн гар чичирч байхад дутуу төрсөн нярай ямар байх нь ойлгомжтой юм.
Амаржих газраас “Улаанбаатар” их дэлгүүрийн захиргаанд удаа дараа албан тоот хүргүүлсэн ч ажил эхлүүлэхээр очсон гэрээтэй компанийн удирдлага, инженер нарыг удаа дараа хөөж, бүдүүлэг зохисгүй үйлдэл гаргаж байгаад тус амаржих газрын эмч ажилтнууд эсэргүүцэн жагссан аж. Жагсаал хийх үеэрээ амаржихаар ирсэн эхчүүд, тэдний ар гэрийнхэн болон эмнэлгийн хамт олны нийтийн эзэмшлийн талбайг даруйхан чөлөөлөхийг шаардсан гарын үсэг бүхий өргөх бичгийг дэлгүүрийн удирдлагуудад хүлээлгэн өгсөн юм. Ийнхүү “найрсаг” гэх тодотголтой “Улаанбаатар” их дэлгүүр төрөх эмнэлэгийг хөлдөөх сонголт хийхгүй гэж найдъя.
Д.Оюунханд: Дулааны нэмэлт шугам тавихгүй бол өвлийн ачааллын үед төрөх эмнэлэг хөлдөх аюул нүүрлээд байна
Дээрх эсэргүүцлийн жагсаалын үеэр Нийслэлийн хоёрдугаар амаржих газрын ерөнхий эмч Д.Оюунхандтай цөөн хором ярилцлаа.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.