Ахмад дайчдад "тусгаар тогтнолын одон" гардууллаа

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 05

 

Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан УИХ-ын дэд дарга, Монгол Ардын намын дарга М.Энхболд,  Ерөнхий нарийн  бичгийн дарга Ж.Мөнхбат нар тусгаар тогтнолын төлөө амь биеэ хайрлалгүй тулалдаж явсан ахмад дайчдад Монгол Ардын намын дээд шагнал болох  Тусгаар тогтнолын одонгоор энгэрийг нь мялаалаа.  Энэхүү шагналыг 1939 оны Халх гол, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмадуудад  олгосон юм.

Монгол Ардын намын дарга М.Энхболд уг арга хэмжээний салхийг хагалж хэлсэн үгэндээ “Дэлхийн II дайнд ялалт байгуулсны 70 жилийн ой энэ өдөр тохиож байна. Энэ дайнд оролцож эх орноо хамгаалж, чөлөөлөх дайнд гар бие оролцож, эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө тулалдаж явсан ахмад дайчдын төлөөллийг Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн шийдвэрээр Тусгаар тогтнолын одонгоор шагнахаар боллоо. Намынхаа Удирдах зөвлөл, мянга мянган гишүүдийн нэрийн өмнөөс Халх гол болон чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад та бүхэнд ялалтын 70 жилийн ойн баярын мэнд хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Дэлхийн II дайн хүн төрөлхтний түүхэнд хамгийн их гамшиг зовлон авчирсан, удаан хугацаанд үргэлжилсэн гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Дэлхийн 60 гаруй улс орон энэ дайнд ямар нэгэн байдлаар оролцож нийтдээ 60 сая хүний амь насыг авч одсон. Ийм дайнд ялалт байгуулахад асар их хүч хөдөлмөр зарцуулсан. Дэлхий нийтийг хөмрөн авахаар зорьж байсан фашизмыг устгахад чухал үүрэг гүйцэтгэсэн дайн болсон. Үүнд Монголын ард түмэн анхаарал тавьж ажилласан. Тухайн үед хэдийгээр эдийн засгийн хувьд сайн байгаагүй ч үйлдвэрийн газрууд амралтгүй ажиллаж, тэндээс гаргасан бүтээгдэхүүнээ фронтод илгээж байсан. Олон удаагийн бэлгийн цувааг дайны талбарт  илгээсэн түүхтэй” гэлээ.

МАН-ын дээд шагнал Тусгаар тогтнолын одонгоор 1939 оны Халх голын дайнд 31 дүгээр отрядын байлдагчаар оролцсон Баянгол дүүргийн VI хорооны иргэн С.Сумъяа,  1945 оны чөлөөлөх дайнд эрэлхэгээр тулалдаж, тусгаар тогтнолоо хамгаалсан Я.Дэмбэрэл, Т.Бат-Очир,  С.Гомбосүрэн, Д.Жанцандорж,  Ш.Цагаан, С.Ванчигдоо,  Д.Ёндонжамц,  Ц.Даш, Д.Магсаржав, Н.Шаравжамц, Д.Цэндмаа,  Д.Цэнд-Аюуш нарын 13 ахмад дайчин шагнуулсан билээ.  Тэдний төлөөлөл болгож, 1945 оны чөлөөлөх дайнд ЗХУ-ын байшинт долдугаар дивизэд салаан дарга байсан Ц.Даш гуай юм. Чөлөөлөх дайнд оролцсон тухайгаа тэрбээр “Архангай аймгийн Хашаат сумаас 19 настайдаа цэргийн албанд татагдаж байлаа. Цэрэгт байх хугацаандаа Байшинтын долдугаар дивизэд таван жил цэргийн алба хаасан. Сүүлийн хэдэн жилд эх орны дайнд оролцож, тусгаар тогтнолоо хамгаалсандаа баяртай явдаг.  Дайны үед бэрхшээл олон тулгарч байлаа. Дайн дуусах үеэр манай ангийг сайн байлдсан гэж одонгоор шагнасан” хэмээн ярилаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх