Урлаг
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2015 05 сар 07
UBS телевизийн хамт олон цаатан ардын өвөрмөц ёс заншил, түүх соёлын онцлог, байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах үзлийг түгээн сурталчлах, хойч үед таниулах, үлдээн хадгалах зорилгоор бүтээсээн "Содура" дэлгэцийн уран бүтээлийн төслөө амжилттай хэрэгжүүлж байна. 3 сарын 20-ны өдөр нээлтээ хийснээсээ хойш өнөөдөр ч кинотеатр зорих олны хөлийг тасалдуулалгүй, ахмад настан, залуу үе гээд бүх насны үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа нь энэ хамт олон уран бүтээлч сэтгэлгээгээр чин сэтгэлээ зориулан бүтээснийх нь томоохон илэрхийлэл.
Үзэгч олноосоо урмын үгс хүлээн авч буй энэ өдрүүдэд UBS телевизийнхэн олон улсын кино наадамд оролцох урилга давхар давхар ирсэн баярт мэдээг үзэгч олондоо дуулгаж байна. Хэдхэн хоногийн өмнө Хонг Конгийн олон улсын кино наадамд оролцох урилга ирсэн бол, өнөөдөр дэлхийн киночдын оролцохыг хүсэж, өрсөлдөхийг мөрөөддөг алдарт Каннын кино наадмаас танай бүтээлийг оролцуулах боломжтой гэсэн хариуг хүлээн авчээ. Ингэснээр Каннын кино наадамд 2016 оны 5 сард өрсөлдөх эрхтэй болж дэлхийн өнцөг булан бүрт бүтээгдсэн уран сайхны, баримтат, богино хэмжээний гээд дэлхийн шилдгийн шилдэг кинонуудтай 69 дэх удаагийн наадамд мөр зэрэгцэн өрсөлдөх юм. Цаа буга маллан үе дамжин тайгад амьдарч буй уйгар угсааны тува цаатан иргэдийн аж байдалд орж буй өөрчлөлт, өдөр өдөрт л өөрчлөгдөж буй ахуй соёл, ёс уламжлалын тухай, монгол хүн байгаль эхтэйгээ шүтэлцээтэй, онгон дагшин байгаль, ан амьтнаа хэрхэн хайрлаж хамгаалдгийг дэлхийн хүмүүс үзэж мэдэрч болох боломж ийнхүү нээгдэж байна.
Каннын кино наадам нь олон улсын түвшинд кино театр, кино урлагийн хөгжилд хувь нэмэр оруулж, дэлхий даяар кино үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх болон хөгжүүлэх, дэмжих зорилгоор зохион байгуулагддаг томоохон нөлөө бүхий наадам билээ. Наадамд өрсөлдөх киноны тоонд багтах албан ёсны шалгаруулалт бүхий олон удаагийн үзлэг, шалгуур өндөр даваанууд бий. Уншигч та санаж байгаа бол сүүлийн жилүүдэд ази, ойрхи дорнод, өмнөд америкт бүтээгдсэн кино бүтээлүүд онцгой жин дарах болсон. Тухайлбал, 66 дахь удаагийн кино наадамд Хятадын найруулагч Жя Жанкэгийн "Тян Жү Дин буюу "Тэнгэрийн тавилан" кино шилдэг кино зохиолын шагналыг хүртэж байсан бол Франц, Тунисын давхар иргэншилтэй найруулагч Абделлатиф Кечиче "Аделийн амьдрал" киногоороо "Алтан далдуу мод" шагналын эзэн болж байсан билээ. Мөн 2 жилийн өмнө хятад, сингапурын найруулагчдын бүтээл цойлон оролцож байсныг санаж байна. Дэлхийн 2-р дайны дараа хоёр гуравхан удаа л зохион байгуулагдалгүй өнжиж байсан наадам эдүгээ кино сонирхогчид, кино бүтээгчдийн олимп, баялаг түүхтэй наадам болон өргөжсөн. Жинхэнэ чанга гарын шүүгчид болох орон орны шилдэг найруулагч нар шүүгчээр ажилладаг энэ наадамд сүүлд л гэхэд алдарт Стивен Спилберг Ерөнхий шүүгчээр ажилласан түүхтэй.
Каннын кино наадам зохион байгуулагдах тэр л өдрүүдэд дэлхийн киночдын сүлжээнд орж, мэдээлэл солилцох, гэрээ хэлэлцээр хийх, харилцаа хамтын ажиллагаа нээх, шинэ боломжуудыг олж авах ажил хэрэгч үйл ажиллагаа тасралтгүй зохион байгуулагддаг нь наадмын салшгүй хэсэг. Ийм нэр хүндтэй наадмын тэргүүн дээд шагнал Palme d'Or буюу "Алтан далдуу мод"-ны төлөө монгол киночид өрсөлдөнө гэдэг соёл урлаг, тэр дундаа үндэсний кино үйлдвэрлэлийн салбарт тохиох том үйл явдал мөнөөс мөн.
Хүний сэтгэлийн илэрхийлэл, хайр, хүндлэл, хар шунал, өшөө авалт, уугуул амьдралын гунигт хувь тавилан, соёл иргэншлийн зөрчил, тэмцэл энэ кинонд бий. Мөн харь орныхонд бол үлгэрт л гардаг болов уу гэмээр онгон байгаль. Тухайлбал, дэлбээлсэн цэцэгсээр дүүрэн Цэцэгт нуурын цагаахан мандал, малгайлан малгайлан буух шинэ цас, хөр цасны хүр хүр хийх чимээ, тэнгэр эрхэстэй зэрэгцэх сарьдаг өндөр уулсын оройд нэвсийн хүүдэгнэх манан будан, үүрийн гэгээнээр усаа зорин ирэх хангайн эзэн сүрлэг хандгай, буга, намрын өглөө өвсний толгойд шүүдэртэх мөнгөн хяруу, зайрмагтах усны уур, цэвэр цэнгэгийн дээд болор тунгалаг урсгал ус ... Мөн нүүдэлчдийн ахуй, уламжлалыг амилуулах уран аяз уянгалаг хөгжим. Энэ бүхэн нийлээд тайгын киноны чимэг гоёо.
Бээжингийн ОУ-ын кино наадам, Хонг Конгийн ОУ-ын кино наадам, Кайрын ОУ-ын кино наадам, Берлинале буюу Берлиний кино наадам, БНСУ-ын Чонжугийн, Торонтогийн гээд олон олон наадмаар дамжин дэлхийн киноны тоонд зүй ёсоор бүртгэгдэх, дэлхийн киноны тэргүүлэх зах зээлд хөл тавих, сүлжээнд нь орсноор олон улсын кинотеатруудын дэлгэцэнд уригдан залагдах, хүндтэйгээр морилох цаг ойрхон байна. Гагцхүү сайн бүтээл төрүүлэх л онцгой үүрэг, бас зорилго монголын киночдод үлдлээ.
Иймд, Монголын соёлын өвөрмөц хэсэг цаатны ахуй амьдралын онцлог, нүүдэлчин соёл иргэншил, Улаан тайгын дархан цаазат газар, Тэнгис-Шишгэд голын ай сав, үзэсгэлэн төгөлдөр онгон дагшин байгаль, монголын хөх тэнгэрээ нартад гайхуулцгаая. Таван тивийн хүмүүсийг уулга алдуулж, оргилсон сэтгэлийг нь тал нутаг руугаа, хөвч хангай руугаа даллацгаая. Бөмбөрцгийн сод уран бүтээлчидтэй өрсөлдөх монголын залуу киночдын том амбиц, хүсэл зоригийг нь урмаар мялаацгаая. UBS телевизийн уран бүтээлч хамт олонд томоос том амжилт хүсье.
Дэлхийн хэмжээний кино наадмын зохион байгуулагчдын анхаарлыг татаж эхэлсэн "Содура" уран сайхны киногоо та харин амжиж үзсэн үү.
Монгол хүн бүрийн үзэх ёстой кино - "Содура"
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.