МАН-ын дарга ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 07

 

УИХ-ЫН ДЭД ДАРГА, МАН-ЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ДАЙЧИДДАА ТҮҮХЭН ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ЧИН СЭТГЭЛИЙН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ

Аугаа эх орны дайнд оролцсон ахмад дайчид тэдний үр хүүхдүүд, Улаан армийн ухрах давших ямар ч үед ялалтад ямагт итгэлтэй байж зүрх сэтгэлээсээ дэмжсэн Монголын ард түмэндээ болон өнөөдөр улс орноо төлөөлөн улаан талбайд ёслолын жагсаалд хөл нийлүүлэн алхаж яваа Зэвсэгт Хүчний дайчиддаа түүхэн ялалтын 70 жилийн ойн баярын чин сэтгэлийн  мэндийг өргөн дэвшүүлье.

Манай гаригийн газар нутгийн ихэнхийг хамарч 1939-1945 онд үргэлжлэн 61 улс орон, хүн амын 80  хувь татагдан оролцож 60 сая хүний алтан амийг авч одсон дэлхийн II дайн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан юм. Энэ дайны хамгийн хүнд бэрхийг Зөвлөлтийн баатарлаг ард түмэн, улаан армийн дайчид нуруундаа үүрч, холбоотнуудын цэрэгтэй хамт нийтийн дайсны эсрэг тэмцэж, нөмрөн ирэх фашизмын аюулаас хүн төрөлхтнийг авран хамгаалж чадсан билээ. 

 Дэлхийн II дайны ялалт асар их үнээр олдсон бөгөөд орчин үеийн  хөгжлийн түүхийг нээж, олон улсын цэргийн хүчний болон улс төр, эдийн засгийн харилцааг цоо шинээр тодорхойлон даян дэлхийд энх тайвныг тогтоох түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон юм. Монгол Улс 1939 онд Халхын голоор халдан довтолсон харийн түрэмгийллийг Зөвлөлтийн цэргийн анги, нэгтгэлүүдтэй хамтран бут цохиж, ард түмнийхээ эрх чөлөө, улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж, Алс Дорнодод асах байсан дэлхийн дайны аюулыг хязгаарлан зогсоож чадсан билээ. Дэлхийн II дайны төгсгөл 1945 онд  Монгол Зөвлөлтийн дайчид мөр зэрэгцэн давшиж хойд Хятадын ард түмнийг Японы цэргийн түрэмгийлэгчдээс чөлөөлөхөд онцгой үүрэг гүйцэтгэж ялалт байгуулсан түүхтэй. Энэ утгаараа ялалтын баяр нь Монгол-Оросын ард түмэн, Зэвсэгт хүчний дайчдын байгуулсан гавъяа, нөхөрлөл, тэмцэл ялалтын балрашгүй түүх, бахархан дурсагдах тэмдэглэлт үйл явдал мөн.

Монгол эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалж, амь биеэ үл хайрлан тулалдаж атга шороо, алхам газрынхаа төлөө алтан амиа алдсан баатарлаг цэрэг эрс, ахмад үеийнхээ байгуулсан гавъяаг үеийн үед мөнхөд дурсах учиртай. Манай улс дорно зүгт цэрэг, стратегийн чухал үүрэгтэй оролцсоны дээр дайны хүнд бэрх жилүүдэд Зөвлөлтийн армид туслах “Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” уриатай хөдөлгөөн өрнүүлж мал мах, агт морь, нэхий дээл, эсгий гутал, дулаан хувцас бэлэн мөнгө, алт, үнэт эдлэлээ цуглуулан өгч, бэлэг хүргэх галт тэрэгний цувааг фронт руу удаа дараа илгээж байлаа. Үйлдвэр, аж ахуйн газрууд амралтын өдрүүдэд илүү цагаар ажиллаж норм, төлөвлөгөөгөө давуулан бүтээгдэхүүнээ фронтод нийлүүлж, байлдаж байгаа цэрэг дайчдыг зоригжуулан дэмжиж үйлдвэрийн цех, сүргийн билчээрээс үнэнч сэтгэлийн үгтэй өчнөөн захидал илгээж байсан.

Энэ бүхий л үйл ажиллагааг Монгол Ардын Нам удирдан зохион байгуулж, ард нийтийн хөдөлгөөнийг  намын гишүүд манлайлж байлаа. Монголын ард түмний хандивын хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкийн бригад, “Монгол ард“ нисэх эскадрилийг байгуулж Улаан армид хүлээлгэн өгснийг  Зөвлөлтийн ард түмэн Монголын ард түмнийг “Зовох цагт нөхрийн чанар танигдана” хэмээн дурсан үнэлдэг юмаа.

Дэлхийн II дайны төгсгөлд буюу 1945 оны 2 дугаар сард ялагч гурван гүрний төрийн тэргүүн нарын Ялтын бага хурлаар ЗХУ-ын тавьсан саналаар гадаад Монголын  статус-квотыг хэвээр хадгалан хүлээн зөвшөөрөхөөр тогтсон юм. Ийнхүү их гүрнүүд манай улсын тусгаар байдлыг хүлээн зөвшөөрсөн нь дэлхийн II дайны түүхэн ялалтад манай ард түмний оруулсан хувь нэмэр, Монголын төрийн зөв мэргэн гадаад бодлогын үр дүн  билээ. Монгол Ардын Намын алсын хараатай бодлого, ард түмний эв нэгдэл, сүүн цагаан сэтгэл, түүхэн ялалтыг наашлуулж, улс орныхоо тусгаар тогтнолыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлэх үндэс суурийг тавьсан юм.

Дэлхийн дайны ялалтаар дархалж, их үнэ цэнээр олж авсан тусгаар тогтнолоо бид үеийн үед эрхэмлэн  дээдэлж, хайрлан хамгаалах  учиртай. Энэ бол монгол хүн бүхний мартах ёсгүй түүх, үндэсний ой санамжид үүрд хадгалагдан үлдэх  эрхэм чухал түүхэн үйл явдал билээ.

Эх орны дайнд оролцсон ахмад дайчид болон их ялалтын найдвартай ар тал байж, өнөөгийн энх цагийг авчрахад үнэтэй хувь нэмрээ оруулсан ах дүүгийн найрамдалт Монгол-Оросын ард түмэндээ ялалтын 70 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Газар тэнгэрээр гагнагдсан мөнхийн хөрш, дайны талбарт шалгагдсан дайчин нөхөрлөл, Монгол–Оросын ард түмний ах дүүгийн найрамдал мандтугай!

 

Улсын Их Хурлын дэд дарга,

Монгол Ардын Намын дарга                                   Миеэгомбын ЭНХБОЛД


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх