Э.Ганхуяг:Ах нараа уйлуулж байгаад л авсан

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 14
 

НАМЗХ-ноос өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, тус холбооны ЕНБД, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэний албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, залуусын эрх ашгийг дур мэдэн зөрчиж буй талаар мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр Төв аймгийн НАМЗХ-ны дарга Э.Ганхуягтай уулзаж, орон нутгийн холбоодын үйл ажиллагааны  талаар товч мэдээлэл авснаа хүргэж байна.

НАМЗХ аймаг бүрт салбартай.  Яг  орон нутгийн холбоодын хувьд НАМЗХ-ноос Г.Тэмүүлэнд хүргүүлж буй шаардах бичигт  бүгдээрээ нэгдэж байгаа хэрэг үү?

- Орон нутгийн холбоодын үйл ажиллагааг ерөнхийд нь аваад үзэхэд өнгөрсөн 18 жилийн хугацаанд  НАМЗХ-ны нийт ажлын 70 орчим хувийг дангаараа үүрсэн байдаг. Асар олон залуусын итгэл зүтгэл, хөдөлмөрөөр манай нам өнгөрсөн жилүүдэд орон нутагт түлхүү ялалт байгуулсаар ирсэн. Гэхдээ бид ямар нэгэн албан тушаал горилон, шударга бус байдлаар замаа засахыг хүсэхгүй байсаар өдийг хүрлээ.

Энэ нь биднийг  холбооны тодорхой дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулсаар ирснийг гэрчлээд өгнө. Яг энэ утгаар Г.Тэмүүлэн тэргүүтэй 12 нөхдийн бүрэлдэхүүн  НАМЗХ-ны 60 мянган залуусын өмнөөс дур мэдэн дуугарч, дүрэм зөрчих байдлаар гажуудал үүсгэж байгааг орон нутгийнхан зүгээр хараад сууж чадалгүй, шаардах бичиг хүргүүлэх ажилд нэгдсэн юм.

Шаардах бичиг хүргүүлэх ажилд нийт хичнээн аймаг нэгдсэн бэ?

- 16 аймаг нэгдэж, шаардах бичигт гарын үсгээ зурсан байгаа. Нийслэл хоёр хуваагдчихсан

Шаардах бичгийн гол үндэслэлүүд нь юу бэ?

- Их хуралд орон нутгаас оролцох төлөөллүүдийн тоо хэмжээг НАМЗХ-ны бага хурлын шийдвэрийн дагуу байгуулагдсан  ажлын хэсгийн буюу Г.Тэмүүлэн тэргүүтэй нөхдүүд өөрчлөөд байгаа.  Мөн  зарим орон нутгуудад  Г.Тэмүүлэний гарын үсэг бүхий  ээлжит бусаар   хурлаа товлон хуралдахыг үүрэгдсэн албан бичгүүд очсоны улмаас гишүүдийн хооронд үзэл бодлын зөрүү үүсэж, маргаан дагуулахад хүрээд байна.

Үүнээс гадна холбооны дотоод дүрэмд тусгайлан заагдсан  35 насны гишүүнчлэлийн квотыг 40 болгох асуудлыг хатуу эсэргүүцэх чиглэлд шаардах бичгийн агуулга тусгагдаж байгаа юм.

Яагаад гишүүнчлэлийн насны квотоо 40-өөс бага байх ёстой гэж үздэг юм бэ?

- НАМЗХ анх байгуулагдсан цагаасаа мөрдөж ирсэн, улстөрийн хүрээний цэвэршүүлэлтийг хийдэг алхам бол насны тоо зааж өгөх явдал. Улстөрийн шат шатны байгууллагад дороос нь дээш өгсөж, халаа сэлгээгээ нэгэндээ тавиж өгөх  нь өөрөө асар эрүүл зарчим. Өмнөх удирдлагуудын түүхийг аваад үзэхэд 35 насны энэ квотыг баримтлах хүрээнд  ах нараас ах нар авахдаа ах нараа уйлуулж байгаад л авсан. Бид ч мөн тэр замаар л  НАМЗХ-г шинэчлэх бодлого бариж ирсэн байгаа. 35-аас дээш насныхан цаашдаа намдаа нөлөөллөө бэхжүүлэх, тодорхой шатанд хүлээн зөвшөөрөгдөх  зэргээр өөрийн хүрээллээ бэхжүүлээд явдаг. Мэдээж дүү  нар үүнийг нь дэмжээд, биенээ орхихгүй байх жишээтэй.

-Танай аймгийн НАМЗХ-н дээр шаардах бичиг очсон талаар сая яригдлаа. Энэ яг ямар учиртай бичиг байв?

- Манай аймгийн НАМЗХ-ны тэргүүлэгчид  нэлээд эртнээс хоёр хуваагдаж эхэлсэн.  Нийт орон нутаг дахь НАМЗХ-г миний бие тэргүүлдэг учраас Э.Ганхуяг гэдэг хүн төв удирдлагын багт орчих юм бол 40 насны квотын асуудал хүчтэй эсэргүүцэлтэй тулна гэж нөхдүүд тооцоолсон бололтой.

Гэхдээ энэ миний бодол шүү. Тийм учраас Төв аймгийн НАМЗХ-ны чуулга уулзалтыг хийлгэнэ гэсэн байдлаар зарим гишүүдтэй үгсэн бужигнаан үүсгэсэн асуудал гаргасан.  Бүр тодруулбал,  Г.Тэмүүлэний гарын үсэг бүхий бичиг очсон юм билээ. Уг нь Г.Тэмүүлэн албан тушаалын эрх үүргийнхээ дагуу бол бидэнд тийм бичиг илгээх эрхгүй.

Яагаад?

- НАМЗХ-ны бага хурлаас гарсан шийдвэрийн дагуу Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг томилогдсон. Ажлын хэсгийг тус холбооны ЕНБД гэдэг утгаараа Г.Тэмүүлэн ахалж таарсан юм. Гэхдээ ажлын хэсгийнхэн зөвхөн их хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд үйл ажиллагаагаа явуулахаар тогтсон л доо.

Гэтэл байдал буруугаар эргэж, Г.Тэмүүлэн тэргүүтэй ажлын хэсгийн 12 нөхөд холбооны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг эзгүй хойгуур далимдуулан удирдлагын түвшний шийдвэрүүдийг дур мэдэн гаргаж эхэлсэн. Ингэхдээ холбооны дүрмийн амин чухал заалтуудыг зөрчиж, насны квотод халдах болсон нь цаанаа хувийн эрх ашгиа дээдэлж байгаатай холбоотой.

Танай аймаг ээлжит бус  чуулганаа хийхээр өдрөө товлосон гэсэн үү?

- Дүрмийн хорооны шийдвэрийн дагуу энэ сарын 16-нд ээлжит бус чуулганаа хийхээр зарласан. Гэхдээ ээлжит бус чуулган зарлах үйл явц нь өөрөө холбооны дүрмийг зөрчсөн шинж чанар агуулж байгаа учраас бид хяналтын хорооноосоо зөвшөөрөл авах ёстой. Одоогоор хяналтын хорооны шийдвэр гараагүй байна.

Гэхдээ залуусынхаа эрх ашгийг хүндэтгэх үүднээс бид ээлжит бус чуулганыхаа бэлтгэл ажлуудыг хангаад явж байгаа. Ээлжит бус чуулган болж, бүх зүйл дүрмийнхээ хүрээнд шийдвэрлэгдэх юм бол би албан тушаалаа өгөхөд бэлэн байна. Энэ үзлээ бүх шатны байгууллагуудад илэрхийлсэн байгаа.

- Ярилцсанд баярлалаа.

 

Ж.Мядагбадам

PHOTONEWS.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх