Сонгуулийн чимээ хаалга тогшиж, улстөрчид ард түмэн хэмээн мэхэлзэхийн зуурт улстөрийн хүчнүүдэд энэ хаалга тогших чимээ үе үехэн ширүүсэх болов. Тэр тусмаа төрийн эрх барьж буй АН дотооддоо ихээхэн дажинтай, хаалга үүдээ эвдэхдээ тулжээ. АН-ын дарга З.Энхболд, Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын төлөвлөгөө ёсоор Н.Алтанхуяг буюу “алтангадас”-чуудыг АН-ын хоймроос шахаж хатавчинд гаргасан. Уг нь МАН-тай тохирсон ёсоор явсан бол засгийг Ч.Сайханбилэг бус З.Энхболд тэргүүлэх учиртай байсан бололтой.
Харин дээрх гурвалын төлөвлөгөөнд зурснаар С.Баярцогт нарыг өмнөө түрж, хүчээ зузаатгах гэсэн бодлого нь Ч.Сайханбилэгийг санамсаргүйгээр Ерөнхий сайд болгочихгүй юу. Тэгэхээр Ч.Сайханбилэг сайндаа энд залраагүй хэрэг. Энэ нь ууган хүчинд ч таалагдаагүй л төлөвлөгөө байх. Өнөөх л “алтангадас”-ыг намнах гэсэн төлөвлөгөөний хэсэг учраас өөр арга байгаагүй. Гэсэн хэдий ч ахин өндийх тамир тэнхээ ихтэй “алтангадас”-чууд хоймор цоролзож мэднэ хэмээн тэдэнд хайр найргүй хандах болов.
Н.Алтанхуягийн ахлах зөвлөх байсан Л.Гансүх, “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурь нарыг хууль зөрчсөнд нь хориод байгаа хэрэг биш гэдгийг ч учир мэдэх хүмүүс хэллээ. Давхар агуулга нь Н.Алтанхуяг, “алтангадас”-т өгч байгаа сануулга. Эндээс сануулга авахгүй бол дараагийн цохилтоо ч бэлдсэн байгаа биз. Түүнээс биш хэдэн сараар хоригдохоор хууль зөрчөөгүй гэдгийг тал талаас нь батлаж л байна. Хамгийн гол нь Н.Алтанхуягт “УИХ-ын гишүүний эрхэнд халдах эсэх” тухайд том хамгаалалт бий учраас түүнийг юу юугүй бариад авахгүй. Нөгөө талаар хувь улстөрчийн зангараг ч бий. Тиймээс тэрээр ахин өндийх сонирхлоо илэрхийлж, удаа дараа хариу цохилт өгч байгаа. Гэхдээ зүгээр нэг УИХ дээр цор цор гээд суух биш. Тэрээр Ардчилсан хүчний холбоо, Ардчилсан холбоо, “Шонхор” гээд гурван гол бүлэглэлд вирус тариад амжижээ.
Н.Алтанхуяг тус фракцийн гол гол нөхдүүдтэй тохироо хийж, удахгүй болох ҮЗХ-ны хурал, аажмаар Их хуралд нэгэн баг болж, дээрх гурвалаас намаа салгаж авах тухайд тохирсон байна. Үнэндээ ч Ч.Сайханбилэг, З.Энхболд нарын нэр ч нам дотроо шалан дээр унасан бололтой. Энэ нь ч “алтангадас”-чуудад их шалтгаан, том боломж гарч байна гэсэн үг. МоАХ-ны хаалгыг савж одсон Ш.Түвдэндорж тэргүүтэй нөхөд ийн “алтангадаст”-т дагаар орсон мэдээлэл ч ташаарсан зүйл биш аж. Гэтэл нөгөө талаас хоолонд орж чадаагүй залуус ч Н.Алтанхуягт дагаар орсон. “Шонхор”-оос ч зориг шулуудсан нөхөд бий. Мөн ямар нэг албан тушаалд шунадаггүй намдаа үнэнч зүтгэдэг нөхөд ч З.Энхболд, Ч.Сайханбилэг нартай сонгуульд орж болохгүй гэдгээ ил далд мэдэгдээд эхэлсэн. 2012 оны ялалтын буухиаг гагцхүү Н.Алтанхуяг л үргэжлүүлэх болно гэсэн мессэж АН дотор нэгэнт тарж, Ч.Сайханбилэг намынхаа нэрийг шороотой нэгэнт хутгасан гэдгийг ч намынхан нь зөвшөөрч буй. Энэ мэт олон талын тохироо бүрдсэн цагт Н.Алтанхуяг, “алтангадас”-чууд Их хуралдаанаар дайралт хийж, хоймор эзлэх төлөвлөгөөг хэдийнээ боловсруулаад эхэлжээ.
Ерөөсөө АН дотооддоо Н.Алтанхуягийг сэм дэмжиж байгааг олон талын эх сурвалж хэлэх боллоо. Болохгүй зүйл байхгүй. Тэгэхээр Н.Алтанхуягт давах давааны нэг том нь МАН. Ямар ч байдлаар улстөр хийсэн энэ хүчинтэй тохиролцож таарна. Н.Алтахуягийг унагаах үед анхнаасаа хоёр том улстөрийн хүчин үзэл бодлоо хойш тавиад тохиролцсон гэх мэдээлэл бий. Байсан болоод л өнөөдөр хамтраад засаг барьж байгаа хэрэг. Улстөрд мөхийн эрх ашиг байдаг учраас Н.Алтанхуяг байгаа боломжийнхоо үүднээс МАН-тай тохиролцож цаашаа явахаас өөр аргагүй. Хуучин хамтарсан Засгийн газарт ч тэрээр намаа төлөөлж сууж байсан гээд ойлголцоход хэлээ амаа мэдэлцэх нөхөд ч ойр байгаа. МАНын хувьд ч эрх баригч нам болохгүй байгаа учраас бид засгаас гарна гэж удаа дараа хэвлэлээр мэдэгдэх болсон нь зүгээр нэг улс орны төлөөх шийдэл биш. Юутай ч сонгуулийн чимээ дундуур Засгийн газар огцрох нь дамжиггүй. Энэ тохиромжтой үеийг отож байгаа “алтангадас”-чуудад хоймор эзлэх боломж бий.
Н.Дөл
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.