Дундговь аймаг хууль бус Засаг даргатай нэг жил боллоо

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2015 05 сар 18 ・ 2

Дундговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж тус аймагт хууль бус Засаг дарга С.Од-Эрдэнэ хуулиас гадуур дураараа дургиж байгааг мэдээллээ. 2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Дундговь аймгийн Засаг даргаар С.Сүхбаатар хууль ёсоор сонгогдон томилогдсон цагаас эхлэн түүнийг огцруулах улстөржсөн хууль бус үйл ажиллагаа эхэлжээ. Анхлан өмнөх Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн ИТХ-ын хууль бус бичигт үндэслэсэн С.Сүхбаатарыг огцруулах 188 тоот захирамж 2013 оны 12-р сарын 6-ны өдөр гаргаж өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа маргааны эхлэлийг тавьсан түүхтэй. Энэ шийдвэрийг Захиргааны хэргийн хоёр шатны шүүх түдгэлзүүлсэн байдаг. Энэ шүүхийн шийдвэрийн дагуу Ерөнхий сайд Н.Алтанхуяг хууль бус 188 тоот захирамжаа 2014 оны 6-р сарын 2-ны өдөр хүчингүй болгожээ. Тэгсэн атлаа мөн өдрөө 75 тоот шинэ захирамж гаргаж С.Сүхбаатарыг дахин огцруулж, оронд нь хуулийн шаардлага хангаагүй С.Од-Эрдэнийг томилох шийдвэрийг 2014 оны 5-р сарын 24-ны өдрөөр огноолсон ИТХ-ын 03, 04 тоот тогтоол гэх хууль бус, ээлжит хуурамч бичигт үндэслэн гаргасан байна. ИТХ-ын тогтоолууд гэх энэхүү бичгүүдийг хууль бус, хуурамч гэдгийг энэ сарын 4-нд Захиргааны хэргийн 9-р шүүхийн шийдвэр баталжээ. Тодруулбал, Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулах асуудлыг Дундговь аймгийн ИТХ хуралдаанаараа огт хэлэлцээгүй атлаа хэлэлцэж санал хураалтаар огцруулсан мэтээр хуурамч бичгийг бүрдүүлсэн байжээ. Ийнхүү Дундговь аймагт хууль гэдэг гууль болжээ. Иймд Дундговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөлөл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт хандан Засаг даргыг томилсон хууль бус захирамж шийдвэрийг хүчингүй болгох хүсэлт гаргаж байгаа ажээ.

Дундговь аймагт хэт улстөржилтөөс үүдсэн төрийн албаны халаа сэлгээ хэтийдэж тус аймгийн удирдлагууд бүгд үүрэг гүйцэтгэгч болж төрийн ажиллах чадамж буурчээ. Түүнчлэн төсвийн мөнгийг хууль бусаар хяналтгүйгээр зарцуулах нь газар авсныг хэвлэлийн хуралд ирсэн төлөөлөгчид хэлж байлаа. Эдгээрээс шалтгаалан Дундговь аймаг өрсөлдөх чадвараа улам бүр алдаж 2 жил дарааллан судалгаагаар сүүл мушгиж байна. Үүнээс гарах гарц нь тус аймгийн хууль ёсны удирдлагыг ажиллах нөхцөл бололцоогоор хангах явдал бөгөөд аймгийн иргэдийн эрх ашиг шударга ёсыг шаардаж байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 05 сар 21/

    Төрд ажилаж үзээгүй хүнээр аймгийн засаг даргаар тавих санал тавидаг манай аймгийн ИХ мөн их хуралын гүшүүн Б.Наранхүүч хариуцлага хүлээх хэрэгтэй, даанч тийм зориг зүрх байхгүйл дээ....

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 21/

    Од-Эрдэнэ болон түүний орлогч, мөн томилсон албан газрын өрөвдөлтөй хөгийн дарга нар аймаг орон нутгийг хөгжлөөрөө бусад аймаг орон нутгаас хамгийн сүүлд оруулахад их хувь нэмэр оруулсан тул бүгдийг нь ял өгч түргэн зайлуулах хэрэгтэй........

    Хариулах