Ардын жүжигчин О.Ганбаатар: Хотын гудамжаар яваад хар даа, дан гоё залуус

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 19 ・ 1
Ардын жүжигчин О.Ганбаатар: Хотын гудамжаар яваад хар даа, дан гоё залуус
Балетын алдартай гоцлооч, Монгол Улсын ардын жүжигчин О.Ганбаатарыг “Их хотын иргэн” буландаа урьж ярилцсан юм.Хөгжлийн тавь гаруйхан жилийн түүхтэй Монголын балетын урлагийн дэвшилд балетчин мэргэжил эзэмшсэн хүн бүрийн хүчин зүтгэл бий ч гэлээ өнөөдөр дурдагдаж, үеийн үед дурсагдах онцгой хэдэн балетчин байдгийн нэг нь ардын жүжигчин О.Ганбаатар юм.Их хотын иргэнтэй ийнхүү хөөрөлдлөө. 

-Юуны өмнө танаас аль нутгийнх вэ гэж асуумаар байна.Манайхан сүүлийн жилүүдэд их нутгархдаг болсон шүү дээ.Аймгийн, сумын нутгийн зөвлөл гээд л? 

-Би хотынх.Улаанбаатарт төрсөн юм чинь.Гэхдээ одоо нийслэл хотоо мэдэхээ байхад хүрч байна. Саяхан надаас нэг сурвалжлагч “Та дунд сургууль хаана төгссөн бэ” гэж асуухад нь “Жанжны нэрэмжит хоёрдугаар сургууль” гэж хариулмагцаа араас нь шууд “Нээрээ одоо манай сургууль хаа байна аа” гэж өөрийн эрхгүй асууж орхисон. 

-Тэгээд хариултыг нь олсон уу? 

-Үнэнийг хэлэхэд одоо би сургуулиа шууд олж чадахгүй.Байшин барилга олон болсон.Гудамжнууд, хаяг ч тодорхой биш.Миний сурч байсан үеэс өөрчлөгдөөд, өөр газарт оччихсон юм билээ. 

-Танай гэр хаа байдаг вэ? 

-Одоо юу.Одоо бол манайх III хороололд. 

-Та ажил, гэр хоёрын хооронд машинаар явж байна уу? 

-Ажлын өдрүүдэд голдуу явган л явдаг хүн дээ, би.Автобусанд сууна.Багшийн дээдийн буудлаас автобусанд суугаад л явчихдаг юм.Автобус хурдан очдог.Тэгээд ч үнэмлэхээ үзүүлээд үнэ төлбөргүй явчихна. 

-Унаатай биз дээ, гэхдээ? 

-Хөдөө явахдаа л унаатай гарна л даа. 

-Таны унасан газар Улаанбаатар гоё хот уу.Юу нь таалагддаг вэ? 

-Гоё хот шүү дээ.Хот ямар байх нь оршин суугчдаас х хамаарна.Ялангуяа сүүлийн арав гаруй жилийг аваад үзэхэд манай хотын залуучууд их цэвэрхэн, гоё болж байгаа.Нуруулаг, царайлаг, мөр, хөл тэгш, цайвар царайтай болж байгаа.Хувцас хунараа сайхан өмсөнө.Та нар сайн хараарай даа, гудамжаар зөрж өнгөрч байгаа охид, залуусыг.Аяндаа санал нийлэх байх даа.Залуус сайхан болох хэрээр соёлтой болж байна.Энэ бол Улаанбаатарыг минь гоё харагдуулж байгаа нэг зүйл шүү дээ. 
 
ОРОС БАГШ НАРЫН ШАЛГАЛТ БА ДУНДАД АЗИЙГ ЗОРИХ БОЛСОН НЬ 

-Балетчин, театрын уран бүтээлч байх нь соёлтой хотын соёлтой иргэний хийдэг ажил. Тэгэхээр та  соёл түгээгч. Энэ олон жилийн турш балетын жүжигчин, балетын багшаар ажиллахдаа балетын урлагийн гайхамшгийг Монголынхоо үе үеийн үзэгчдэд харуулж, ойлгуулж ирлээ.Та балетчин болсон түүхээсээ сонирхуулж ярих уу? 

-1955 онд юм, би 11 хүрдэг жил. Гуравдугаар ангид байсан юм уу даа.Нэгэн өдөр сургуульдаа иртэл хичээл орсонгүй, харин бүжигт хүүхэд шалгах үзлэг гээч юм явагдав.Хоёр орос багш бага ангийн бараг бүх хүүхдийг шалгалаа.Эрэгтэй, эмэгтэйгүй алхуулж гишгүүлж хараад л, ойр зуурын дасгал хөдөлгөөн хийлгээд л, гар хуруу барьж, хөл жийлгэж үзээд л, хөгжмийн аянд дагаж алхаж чадаж байгаа эсэхийг ч шалгав.Түүнээс хойш нэг их удалгүй сурагч Ганбаатарыг ЗХУ-д сургуульд явуулах болсон тухай мэдээ ирсэн.Пермь гэж хот руу явуулна хэмээн сургуулиар л нэг яриа болдог юм. 

-Тэгээд яасан явах бэлтгэл гээд бөөн ажил өрнөсөн үү? 

-Өө тэр жилдээ яваагүй.Пермийн сургуулийн дотуур байр дүүрсэн учир Монголоос хүүхдүүд хүлээж авахаа хойшлуулсан байсан гэсэн.Тэгээд хойтон жил нь явуулахаар болж бэлтгэл хангуулж эхлэв.Гэхдээ энэ удаа шалгарсан хүүхдүүдийг Орос биш, Дундад Азид явуулна л гэсэн. 

-Нөгөө Пермь биш үү? 

-Ташкентад явуулахаар боллоо гээд ар гэрийнхэнтэй нь уулзаж асууж, зөвшөөрөл авна л болсон.Манай ээж аав ч яах вэ явуулна л гэсэн.Харин би юугаа ч мэдэхгүй.Сургууль болоод нам, засгийн ажил гэсэн бүдэг бадаг ойлголттой.Тэгээд ч тэр үеийн хүүхдүүд эцэг эхийн үгнээс гардаггүй, юу л гэнэ, аяар нь байдаг байсан цаг. 

-Аав ээж тань урлагийн улс байв уу? 

-Хэн ч урлагийн хүн байгаагүй.Миний аав Чоймболын Очиржанцан гэж уг нь цэргийн хүн байснаа намайг сургуульд явах үед төрийн энгийн албан хаагч болсон.Ээжийг маань Түмэнбаярын Пагмасүрэн гэдэг.Эмч мэргэжилтэй.Эцэг эх маань хэн нэгэн хүн эрдэм ном сурах гэж байгааг дуулбал баярладаг, эрдэмтэн улсуудыг их шүтдэг, тухайн үеийн мундаг сэхээтнүүдээс үлгэр дуурайл авдаг сайхан хүмүүс байсан юм.Тиймдээ ч ганц хүү минь яах бол гэж айж эмээлгүй эрдэм сургахаар алс 8000 км хол газар сургуульд явуулсан юм.Мэдээж дотроо зовж байсан байж таараа.Гэсэн ч хүүгээ нүүр дүүрэн инээмсэглэлтэй үдсэн.Тэгэхээр миний аав ээж хоёр ухаантай, боловсролтой хүмүүс байсан байгаа биз. 

-Хэр олуулаа явсан бэ.Бүгд балетчин болохоор уу? 

-Зөвлөлтийн мэргэжилтэн багш нарын  шалгалтад тэнцэж шалгарсан гээд Т.Туул, Д.Баасанхүү, Д.Алтантуяа, Д.Цогтсайхан, Н.Оюундэлгэр, А.Навчаа нарын үе тэнгийн 16 охид, хөвгүүд явсан даа. Узбекистаны нийслэл Ташкентад бүжиг сурахаар явж байгаа гэхээс өөр мэдэх юмгүй л очсон.Гэтэл Ташкентын Хореографическое училище буюу балетын сургуульд очсон байлаа.Монгол Улсын төр засгаас эх орондоо сонгодог урлагийг системтэй хөгжүүлэх бодлогын хүрээнд мэргэжлийн дуурийн дуучид, балетын жүжигчдийг сонгодог урлагийн хөгжлөөр тэргүүлэгч улсуудын нэг хойд хөршид сурган бэлтгэх төлөвлөгөөний дагуу явуулж сургасан юм.Тэнд зургаан жил сураад эх орондоо ирж, театрт балетын жүжигчнээр ажилд орсон. 
 
ТЕАТРААСАА НЭГ АХ ЖҮЖИГЧИН 

-Зургаан жил сурсан гэхээр та 1962 онд ирсэн гэсэн үг биз.Тэр үед Улсын хөгжимт драматик театр гэж байсан уу? 

-Тийм шүү.Улсын дуурь бүжгийн театр маань 1963 оны тавдугаар сарын 15-нд байгуулагдсан.Тэгэхээр би театраасаа нэг ах байгаа биз дээ.
 
-Нээрээ тийм юм аа... 

-Тэгж хошигнох дуртай, би.Намайг жүжигчин болсны дараа жил байгуулагдсан гээд. 

-Таны балетын урлагт гаргасан амжилтыг балетын гоцлооч Т.Туулаас салгахын аргагүй гэдэг юм билээ.Та хоёр оюутан байхаасаа хамтарч бүжиглэсэн гэсэн байх аа? 

-Тийм шүү. 

-Та хоёрыг театрт ирэхдээ бэлэн номертой хос байсан нь олон удаа хэрэг болсон гэж Б.Жамъяндагва гуай ярьж байсан.Шинэ театрын анхны балет юу байсан гэдэг билээ? 

-Мэргэжлийн уран бүтээлчидтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн Улсын дуурь, бүжгийн театрын нээлтийн балетын анхны бүтээл нь Н.А.Римский-Корсаковын “Шехерезада”, П.И.Чайковскийн “Франческа да Римини” байсан. Эдгээр балетын гол дүр цэргийн тэргүүн болон Паоло нарын дүрийг би бүтээсэн.Партнёр нь маань балетын гоцлооч Т.Туул. 

-Та олон балетад тоглосон уу? 

-Улсын дуурь, бүжгийн театрын тайзнаа 1987 он хүртэлх хугацаанд тавигдсан бүхий л балетын жүжигт гоцолж тоглосон. Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг”-ийн Галт, П.И.Чайковскийн “Франческа да Римини”-ийн Паоло, “Цэнхэр нүдэн бүсгүй”-н Франц, “Хошуу наадам”-ын Хайдар, “Найз залуус”-ын хувьсгалч залуу Насан, “Мөнхийн нөхөрлөл”-ийн Пунцаг, “Ганхуяг”-ийн Ганхуяг, “Мөнгөн залаа”-гийн Алтанхүү, “Эсмеральдо”-гийн Актеон, “Үнсгэлжин”-гийн хаан хүү,  “Дон Кихот”-ын Базиль, “Хунт нуур”-ын алиа салбадай, “Спартак”-ын Спартак гээд л нэрлэж болно.  Гол дүрд тоглосноо нэрлэвэл шүү дээ. 

-Хийдгээ хийсэн, туулахаа туулсан хүнд үнэндээ балетын гол дүрд тоглох тийм ч хүнд даваа байгаагүй мэт өдгөө санагддаг уу? 

-Миний мэргэжил, ажил юм чинь даваа бүрийг давж байж л цаана нь гарч байсан даа. 
 
ГАВЬЯАТ БОЛСНОО ГАДААДАД ЯВЖ БАЙХДАА СОНССОН 


-Гараа сайн байсан болохоор нэлээд эрт төрийн эрхэм дээд шагнал хүртсэн байх? 

-1969 онд Монгол Улсын гавьяат жүжигчин болсон. БНАСАУ-д тоглолтоор яваад буцах замдаа  арванхоёрдугаар сарын 31-нд Бээжинд Монголынхоо Элчин сайдын яаманд шинэ жилийн хүлээн авалтад орох болсон юм. Тэгэхэд Гадаад харилцааны яамнаас цахилгаан утас очсоныг албаны хүн уншиж танилцууллаа.Улсын дуурь, бүжгийн театрын балетын гоцлооч О.Ганбаатар, Т.Туул, гоцлол дуучин Д.Жаргалсайхан нарт Монгол Улсын гавьяат жүжигчин цол олголоо гэхэд нь үнэндээ хэлэх үг олдохгүй сандарсан.АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг 29-нд нь гарсан юм билээ.Биднийг ирэхэд хамт олон маань баяр хүргэж угтаж авсан нь амьдралын минь мартагдашгүй нэгэн дурсгалт мөч байлаа. 

Үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 05 сар 21/

    Сайхан дурамж байна. Ийм сайхан хүмүүсийн тухай л хэвлэл мэдээллээр гаргаж баймаар байгаан сайхан энергитэй шүү дээ. Энэ нэг балиар улс төр, хов живийг болимоор байгаан юм СЭТГҮҮЛЧИДЭЭ

    Хариулах