Г.Сарангэрэлийг зодсон этгээдийн хэрэг прокурорт шилжлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 15

2014 оны 7-р сарын 5-ны өдөр Г.Сарангэрэл Баянгол дүүрэгт явж байхдаа Ялагдашгүй хэмээх эрд зодуулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.  

Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газар шалгаж байсан бөгөөд  Г.Сарангэрэл болон  Ялагдашгүй нарт танхайрсан гэж үзэн Эрүүгийн хуулийн 181.2.1-ийг үндэслэн эрүүгийн  хэрэг үүсгээд байсан билээ.  Харин Г.Сарангэрэлд үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож,  н.Ялагдашгүйг үргэлжлүүлэн шалгаж хэргийг прокурорт шилжээд байгаа ажээ. Хэрвээ Г.Сарангэрэлийг зодсон этгээдийн гэм буруутайг шүүхээс тогтоовол түүнд гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх ажээ.

Дашрамд дуулгахад Г.Сарангэрэлд зохиомол хэрэг үүсгэсэн  хэмээн  Эрүүгийн цагдаагийн газрын экс удирдлагууд шалгагдаж байгаа.  Тэгвэл хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хүний тоог  Эрүүгийн төлөөлөгч Т.Энх-Амгалан, Хурц нар нэмээд байна. Тэднийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар шалгаж байгаа ажээ.  

 Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр нар  УИХ-ын гишүүн О.Баасанхүү  нэр төрд халдсан хэмээн шүүхэд өгөхөө мэдэгдээд байсан. Тэд Иргэний хэргийн I шүүхэд  Иргэний хуулийн  511.1-2-ыг үндэслэн хандаад байсана юм.  Харин  тус дүүргийн шүүхийн шүүгч  н.Энхбаяр  2014-08-26-ны өдрийн 14451 тоот шүүгчийн захирамжаар О.Баасанхүүгийн хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар өргөдлийг хүлээн авахаас татгалзсан байна.   Улмаар  О.Баасанхүүгийн  гэрийн хаяг,  Г.Сарангэрэлийг  тэмдэгтийн хураамж төлөх  боломжгүй, амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой гэдгийг хорооны тодорхойлолт, хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй байдал, үл хөдлөх хөрөнгөгүй, нийгмийн даатгал төлдөггүй, хорих ангид байгаа зэргийг баримтжуулан шүүхэд өгөхөд 2014-10-08-ны өдөр амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой гэдгийг хангалттай баталж чадахгүй байна хэмээн өргөдлийг хүлээн авахаас татгалзжээ. Тиймээс  өмгөөлөгч Г.Батбаяр давж заалдах шатны шүүхэд өргөдөл өгч байгаа ажээ.  

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх