Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 10 сар 16
Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл энэ сарын 13-нд дууссан бөгөөд шалгалтыг арваннэгдүгээр сарын 12, 13 ,14-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Номингэрэл нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Энэ үеэр Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Д.Батсүх “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах чиг үүрэг 2016 оны дөрөвдүгээр сарын 15-наас Хуульчдын холбоонд шилжиж ирнэ. Гэхдээ 2016 он хүртэл энэ асуудал Хууль зүйн сайдын эрх мэдэлд байгаа ч Хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах Ажлын хэсэг болон комиссыг байгуулахдаа Хуульчдын холбооны саналыг авсан” хэмээлээ. Мөн тус шалгалтын зохион байгуулалтад хүний субьектив нөлөөлөл орох бололцоог хязгаарлан, нарийвчлан журамлаж, цахим системээр анх удаа авч байгаа. Ингэснээрээ шалгалтыг шударга явуулах боломж бүрдэж байгааг онцлов. Хуульчийн мэргэжлийн шалгалт өгөхөөр 1774 хүн бүртгүүлсэн ч эдгээрээс өнөөдрийн байдлаар 1516 хүнд шалгалтад орох эрх олгогджээ. Иймд бүртгэлтэй холбоотой өргөдөл, гомдол байвал Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 8 дугаар зүйлд заасны дагуу энэ сарын 20 хүртэл Ажлын хэсэгт хаяглан бичгээр ирүүлэх боломжтой юм байна. Шалгалтыг зохион байгуулах ажлын хэсгийнхэний зүгээс тус шалгалтад бэлтгэх, хууль зүйн бодлого бодох аргачлалд сургах, тухайн хуулийн зүйл заалтыг зөв зүйлчлэн хэрэглэх, хууль зүйн дүгнэлт бичих мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтыг зохион байгуулж байгаа аж.
Түүнчлэн шалгалтаuд орох эрх авсан хүмүүст шалгалтын үйл явц, журмын талаар мэдээлэл өгөх уулзалтуудыг шалгалт хүртэл тухайлан зохион байгуулах юм байна. Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын сан Хуульчийн мэргэжлийн шалгалтад зориулж, энэ сарын 9-ний өдрөөс ирэх сарын 09-ний өдөр хүртэл уртасгасан хугацаагаар буюу ажлын өдрүүдэд 08:00-18:00 цаг хүртэл ажиллах юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.