Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 06 сар 04
УИХ-ын чуулганаар “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: “Энэ бодлогын төсөлд оруулсан “Соёлын бүтээлч аж үйлдвэрийг дэмжин хөгжүүлнэ” гэсэн заалтын талаар гишүүд асууж байв. Энэ нэр томьёо ямар утга учиртай вэ” гэв.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хариулахдаа “Ийм нэр томьёо байнгын хорооны хуралдаан дээр орж ирсэн”
гэлээ.
УИХ-ын дарга З.Энхболд: “Өнөөдөр кино үйлдвэрлэлийг бас аж үйлдвэр гэж үздэг болсон” хэмээв.
Харин ажлын хэсгийн дарга Д.Ганхуяг гишүүн хариулахдаа: “Соёлын бүтээлч аж үйлдвэр” гэдгийг анх “Бүтээлч аж үйлдвэр” гэдэг нэрээр оруулж ирсэн ч байнгын хороон дээр “Соёлын бүтээлч аж үйлдвэр” гэвэл зохилтой гэж үзсэн. Энэ бол үйлдвэрлэл. Үүнд кино урлал, хөгжмийн бүтээл, тайзны урлаг, хэвлэлийн салбар, програм хангамжийн үйлдвэрлэл гээд оюуны өмчийн инновацийн бүтээлч үйлдвэрлэлүүд орж байгаа. Үүнийг НҮБ-ээс баталгаажуулсан” гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: “Бид нараар тоглоод байна уу. Энэ зорилгоо нэг хэлчхээч Д.Ганхуягаа чи. Энэ чинь инээдэм биш үү. Хүн ойлгохоор юм бичилдээ. Энэ УИХ-ын гишүүд чинь Монгол хэлийг яргалах үндсэн чиг үүрэгтэй юм бол тангараг дотор тэрийгээ бичээд өгөөч. Монгол хэлийг яргалах үүрэгтэй байдаг юм бол би яргалж чадна шүү. Арай дэндлээ. УИХ-аар монгол хэлээрээ тоглодгоо больцгоо. Ямар ийм балиар юм үзэх гэж энд сууж байгаа биш. Үндэснийхээ хэлийг хүндэтгэж сур. Сонсоод байхад оюуны өмчид суурилсан аж үйлдвэрийг л яриад байх шиг байна” хэмээлээ.
Г.Мягмарсүх
Эх сурвалж: www.new.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.