Хөрөг шатаах хийгээд аврахын цаана

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 14 ・ 2

 

Урианхан Б.Галаарид

Ойрмогхон “Гал үндэстэн” холбооныхон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хөргийг шатаав. Өчигдөр “Ийгл” телевиз энэ сэдвийг хөндсөн нэвтрүүлэгтээ намайг урьж оролцуулсны дараа энэ сэдвээр дуугарахаас болохгүй нь  гэсэн бодол төрсөн учраас үүнийг бичиж байна.

Сүүлийн хорин таван жилд 15 удаа солигдчихоод байгаа Ерөнхий сайдын суудалд энэ удаа сууж буй хүний хөрөг бүү хэл бүхэл бүтэн улс орны туг далбааг шатааж эсэргүүцлээ илэрхийлэх нь энд тэндхийн улс орнуудад байдаг л үзэгдэл учраас гайхах юм уг нь алга. Улс орны эдийн засаг хүнд байна,  олон түмэн уур уцаар ихтэй байна. Бухимдлаа илэрхийлэх шалтаг олон байна. Ойлгож байна. Харин ойлгомжгүй нь хэн хаана хэрхэн үйлдээд, цаашдын үйл явдал хэрхэн өрнөв гэдэг асуудал.

Бөө мөргөлийн зан үйл үйлддэг газарт иргэний хөдөлгөөнийхөн очоод буддын шашны сор залах зан үйл хийж, хууль хяналтынхан  мөнөөх хөргийг гүйцэт шатаалгалгүй авч үлдсэнийг “Ерөнхий сайдын хөргийг аварч чадлаа” гэж сурталчилсан үйл явдлын гинжин хэлхээг эрүүл саруул ухаанаар тайлбарлах аргагүйд л гайхаш төрж сууна. Иргэний хөдөлгөөнийхөн бөөд хандав уу гэтэл бөө нь алга. Ламын шашны зан үйл хийлгэв үү гэтэл лам нь бас байсангүй. Улстөрийн эсэргүүцлийн арга хэмжээ юу гэтэл олны хөлөөс хол голын эрэгт очжээ. Хошин шогийн гараа мэт үйл явдал үргэлжилсээр байгаа аж.“Ийгл”-ийнхэн нэвтрүүлэгтээ “Гал үндэстэн” холбооноос төлөөлөл урьсан боловч Ноён уулын тахилгад оролцох тул(!) боломжгүй гэж хариулжээ. Иргэний хөдөлгөөн үү, шашны бүлэглэл үү?Буддын шашны зан үйлээс ашигласан тул нэвтрүүлэгт оролцож байр сууриа илэрхийлнэ үү гэсэн саналаас лам нар татгалзсан байна. Лам нарт айн цэрвэх ямар учир байна? Сор зална гэдэг нь ямар зан үйл болох тухай үзэгчдэд тайлбарлах тийм хэцүү гэж үү? Улс төр, шашин, мухар сүсэг, хөөрөл хийрхэл холилдон сүлэлдсэн эдгээр үйл явдалд зөв өнцгөөс дүгнэлт хийж, ийм үйлдэл даамжирвал ямар сөрөг үр дагавар авчирдаг талаар ярилцах цаг болжээ.

Монголын улстөрчид шашинд ихээхэн ач холбогдол өгдөг нь анзаарагддаг. Хэдэн жилийн өмнө сонгуульд нэр дэвшигчид Далай ламтай авахуулсан зурагаа ихэдчухалчилж сурталчилгаандаа ашигладаг байв. Аливаа томоохон арга хэмжээ, нээлтэд лам хувраг залж ном уншуулж харагддаг. Цагаан сарын шинийн 1-ний өглөө төрийн өндөр дээд албаныхан Гандан хийд рүү хөвөрдөг байсан нь саяхан. Томчууд маань толгой дараалан мүүнизмд автах шахсан түүх ч бас бий. Шүтэх бишрэх эрх чөлөө нээлттэй болсонтой  холбоотойгоор уул овооны тайлга тахилга гэж улстөрчид, лам бөө нар холилдсон нүсэр зан үйлүүд хийдэг болсон. Бас янз бүрийн хуурамч хутагт хувилгаан, ид шидтэн, тэнгэр сахиустан, “Алтан урагтангууд” үе үе  “тодорч” хөөрхий улстөрчдийг хөлдөө чирчих гээд байдаг тал бас бий.

Тэгэхдээ улстөрийн эсэргүүцлийн хөдөлгөөнд шашныг ашиглах нь харьцангуй бага байсан. Харин энэ он гараад улстөрийн жагсаал цуглаан, үзэл бодлоо илэрхийлэх арга хэмжээндээ шашныг татан оролцуулах хандлага идэвхжиж байна. Өнгөрөгч хоёрдугаар сард “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний үеэр тавиад бөө хуяг хувцсаа өмсөж, хэц хэнгэрэгээ бариад Төрийн ордны өмнө жагссан нь  үүний нэг жишээ юм. Сая Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хөргийг шатаахад бөөгийн зан үйл хийгээгүй ч ад зэтгэр зайлуулж, тэрс номтны хорлолыг няцаан дарахад хэрэглэдэг буддын  шашны сор залах гэгддэг зан үйлийн хэлбэрийг  ашигласан нь бас нотолгоо юм. Чухам эндээс л гол асуудал урган гарч байна.

Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь Үндсэн хуулиар баталгаажсан язгуур эрх. Иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийн үйл ажиллагаа энэхүү язгуур эрхэнд суурилдаг. Харин энэ язгуур эрхээ эдлэх, ялангуяа  улстөрийн байр сууриа илэрхийлэхдээ шашны зан үйлтэй хослуулах нь  туйлын буруу бөгөөд сөрөг үр дагавар авчрах магадлал ихтэй. Манайх шиг олон шашинт оронд шашны фанатизм дэлгэрч, нэг нэгнээ дорд үзэх, үгүйсгэх, буруутгах хандлага бий болгохгүй байх нь туйлын чухал гэдгийг хаа хаанаа анхаармаар байна. Бодлогогүй алхам хүсээгүй үр дүн дагуулдаг, буруу шийдэл зөрүү замруу хөтөлдөг. Аливаа шашин хүний сэтгэл зүрхийг ариусгаж,  гэрэл гэгээ рүү хөтлөгч нь  байх ёстой болохоос улстөрийн итгэл үнэмшил, байр сууриа илэрхийлэх зэвсэг нь болох ёсгүй. Иргэний хөдөлгөөнийхөн маань мухар сүсэгт дөрлүүлж ид шид, дом засалд найдах биш, улстөрийн аргаар соёлтой тэмцэхгүй бол нэр хүнд нь унана.  Тэгээд ч хэн нэгний зургийг шатааснаар асуудал шийдэгдэхгүй, хэн хүнгүй харилцан ойлголцож байж л Монгол эвлэнэ, хүчирхэгжинэ, хөгжинө. Шатаж байгаа зургийг аврах чухал биш, шаналж байгаа эх орны хувь заяаг аврах л чухал байна. Хөрөг шатаасан хийгээд аварсан түүхтэй холбогдуулан илүү үглэхэд ийм буюу.

2015.06.13

 Эх сурвалж: www.duuren.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 06 сар 15/

    оюуны хоосрол гэж л энийг хэлэх байх өрөвдөлтэй юм

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 14/

    шашин төр 2ыг хутгасан Очирбаттай холбоотой

    Хариулах