Улстөр
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2015 06 сар 24
Ж.Мөнхбат: Өнөөдөр улс орны ажлыг хэн гацаагаад байгааг бүгд мэднэ. АН-ын дотоодын тэмцэл л гацааж байгаа ш дээ
МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Ж.Мөнхбат улс төр, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “МАН-ыг засгаас хөөж гаргана, хамтарсан Засгийн газар тарах гэж байна гэсэн мэдээлэл сүүлийн үед их явж байна. Үүнтэй холбоотой АН-ын бүлийн дарга нар мэдээлэл хийж, АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж засаг байгуулахад хамтарсан намуудтай хийсэн гэрээний биелэлтийг шалгах ажлын хэсэг байгуулсан гэсэн мэдээлэл хийсэн. Өнөөдрийн байдлаар АН МАН-ыг засгаас хөөж, туусан албан ёсны шийдвэр гарсан зүйл ирээгүй байна. МАН-ын гишүүд төрийн ажлыг гацааж, засгийн газраа муулж байна, болж бүтэхгүй зүйлийг МАН-ыхан ярьж байна гэж бүлгийн дарга нар нь мэдээлэл хийх үеэрээ хэлсэн. Энэ худлаа. Бид болж байгаа зүйлийг болж байна, болохгүй байгаа зүйлийг болохгүй байна, засаж залруулах гээд л ажиллаж байна.
МАН 2014 оны арванхоёрдугаар сард Засгийн газарт орохдоо “Бид хамтарсан Засгийн газар орлоо гээд өмнөх болон шинэ Засгийн газрын хууль бус алдаа дутагдалыг хаацайлахгүй, үнэхээр нь хэлж, шааардлагаа тавина. Зөв зүйтэй зүйлийг нь дэмжээд явна” гэж хэлж байсан. Мөн МАН-ын нам хамтарсан Засгийн газрынхаа ачаа, хариуцлагыг үүрнэ. Тэрнээс өмнө буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын алдаа хариуцлагыг үүрэхгүй.
Өнөөдөр улс орны ажлыг хэн гацаагаад байгааг бүгд мэднэ. АН-ын дотоодын тэмцэл л гацааж байгаа ш дээ. Том төслүүд буюу Оюутолгой, Тавантолгойг АН гацааж байна. МАН-ын УИХ дахь бүлэг Тавантолгойг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж, УИХ-ын даргын зөвлөлд хүргүүлсэн. Харамсалтай нь Тавантолгой АН-ын фракцуудын эрх ашгийн зодооноос болж гацчихаад байна.
МАН малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулах, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, Сонгуулийн шинэ хуультай холбоотой олон санал, санаачилга, хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьсан. Гэтэл өргөн бариад жил найман сар хууль, тогтоолын төслүүд УИХ-ын даргын өрөөнд хав дараастай байж байгаа. АН олон гишүүний санал авсан асуудлыг хэлэлцэхгүй хэрнээ, дэмжлэг аваагүй олон асуудлыг дахин дахин оруулж ирдэг. Бид ямар нэгэн зүйл зохиож яриагүй. Болж байгаа, бодит зүйлийн талаар л ярьсан. МАН засгаас гарахгүй. Хамтарсан шиг хамтарч, ачаагаа үүрсэн шиг үүрнэ” гэлээ.
Т.БАТСҮРЭН
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.