Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 10 сар 17
Хорвоо дээрх амьтан бүхэнд өөр өөрийн гэсэн зовлон бий гэдэг. Алдарт зөнч Вангагаас эхлүүлээд гарын хуруунд багтах цөөн мэргэд дэлхий дээрх амьдралыг зөгнөсөн байдаг.
Тэр бүхнийг судлаад байхад бүхий л зүйл биелэлээ олж, хэлснээр нь болж байх олон жишээг бид мэднэ. Энэ дэлхийг бид нэгэн том айл гэж ойлгож болно. Бид хүссэн хүсээгүй ч нэгэн агаараар амьсгалж байна. Гурван жилийн өмнө шувууны томуу өвчин буюу H1 N1 вирус дэлхийг цочирдуулж байгаад намдсан. Харин одоо бол “Эбола” гэх нэртэй вирус дэлхийн гурван тивд тархаад байна. Энэ вирус анх 1976 онд Бүгд Найрамдах Конгод бүртгэгдэж байжээ. Конго улсын Эбола голын эрэг дагуу нутаглах иргэдэд тус вирус тархаснаар Эбола хэмээн нэрлэсэн байна.
Өвчний гол шинж тэмдэг нь өндөр халуурч, бөөлжин, цус алдаж, их хэмжээниий тууралтаар илэрдэг байна. Эбола вирус нь халдвартай хүний шингэн болон амьсгалын замаар хүнээс хүнд халдварладаг ажээ. Өөр нэг халдвар тараах хувилбар нь мэрэгч амьтад гэнэ. Түүнчлэн уг өвчнөөр нас барсан хүний цогцост хүрэх, ойр хавьд байх зэрэг нь халдвар авах эрсдэлтэй гэнэ.Мөн вирусын халдварын нууц үе нь хоёроос гурван долоо хоног байдаг аж.
Тэгвэл дэлхийн эрүүл мэндийн байгууллагад Эбола вирусээс хамгаалах хувцас хэрэгсэл өөр өөр байдаг байна. Манай улсын эрүүл мэндийн байгууллагын хувьд Эбола вирусээс хамгаалах хувцас хэрэгсэл байхгүй. Тиймээс энэ төрлийн хамгаалах хэрэгсэл, гар ариутгах бодис, эмнэлгийн бохир хог хаягдал хийх сав болон оношлуур зэрэг зүйлүүд нэн түрүүнд хэрэгтэй байгаа аж. Энэ чиглэлээр удирдамж боловсруулан холбогдох яаманд хүргүүлсэн бөгөөд баталсан тохиолдолд бүх орон нутагт хүргэхээр төлөвлөсөн гэж байна.
Монгол Улс эбола вирус гарсан цагаас хойш мэдээллийг жигд хүргэж байгаа. Хэрэв ийм тохиолдол гарлаа гэж үзвэл ганцхан Эрүүл мэндийн яамны хариуцах асуудал биш. Олон салбарын ажиллагаа хэрэгтэй. Тиймээс Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн, харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хүнсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг газарт мэдээлэл хүргүүлсэн гэв.
Мөн энэ вирус нь өмнө нь манай улсад тархаж байгаагүй учир бэлтгэлээ сайн хангах ёстой. Манай улсын хүн эмнэлгийн салбарт Эбола вирусын оношлуур суурилуулах лаборатори байхгүй учир мал эмнэлгийн төв лабораторитай гэрээ байгуулах саналыг Засгийн газарт тавьсан байна. Өөрөөр хэлбэл, тухайн вирусын халдваргүйжүүлэлтийг мал эмнэлгийн лабораторит хийнэ гэсэн үг гэж мэргэжилтнүүд хэллээ.
Манай улсаас халдвар гарсан орон руу найман хүн яваад иржээ. Тэдгээр хүмүүст нарийн шинжилгээ хийхэд эбола вирус илрээгүй гэж мэргэжилтнүүд хэлж байна. Эбола өвчний голомт нутагт ажиллаж байсан, зорчсон бусад улс орны иргэд энэ өвчний халдвар авсан, тус өвчний улмаас амиа алдсан тохиолдлууд одоо ч гарсаар л байна.
Мигель Пахарес, Мануэль Гарсиа Вьехо гэх Испанийн хоёр номлогч Баруун Африкийн Либери, Сьерра-Леоне улсуудаас эбола вирусын халдвар тээж нутагтаа очжээ. Тэднийг Испанийн Мадрид хотын эмнэлэгт эмчилж байсан бөгөөд аймшигт вирусын халдварыг гадагш алдахгүйн тулд Испанийн засгийн газар онцгой анхаарал хандуулж байсан. Гэвч дээрх өвчтөнүүдийг асарч байсан сувилагч бүсгүй эболагаар өвчилсөн нь оношлогдов. Энэ нь эбола вирус баруун Африкаас өөр тивд халдварласан анхны тохиолдол юм. Дээрх хоёр номлогч өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр хорвоог орхисон байна.
Үүнээс гадна АНУ-ын дөрвөн иргэн эболагийн халдвар авч, нэг нь амиа алджээ. Либери улсад ажиллаж байсан америк эмч Рик Сакра, Кент Брэнтли болон Нэнси Райтбол нар эбола вирусын халдвар авч байсан бөгөөд эбола вирусын эсрэг Zmapp хэмээх туршилтын бэлдмэлийн ачаар эдгэрээд байна.
АНУ-ын Техас мужийн Даллас хотын оршин суугч 42 настай Томас Эрик Данкан өнгөрсөн есдүгээр сард Либерид амьдардаг эгчтэйгээ уулзаад ирэхдээ үхлийн аюултай эбола вирусын халдвар тээж иржээ. Түүнд тав хоногийн дараа эбола вирусын шинж тэмдэг илэрч, хэд хоногийн дараа буюу өнгөрсөн сарын 28-нд эмнэлэгт хүргэн тусгаарлаж байсан ч амиа алдлаа. АНУ-д эбола вирусаар хүн амиа алдсан анхны тохиолдол энэ аж.
Томас Эрик Данкан эболагаар өвчилсөн гэдгээ мэдээгүйн улмаас маш олон хүнтэй харьцаж, АНУ-д дор хаяж 100 хүнд эболагийн халдвар тараасан байх магадлал өндөр байгаа юм. Одоогийн байдлаар нэмж халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа боловч нас барсан өвчтөнтэй харьцаж байсан 48 хүнийг эмнэлгийн хяналтад байлгаж байгаа гэнэ.
Түүнчлэн эбола вирусын халдвар авсан Их Британийн иргэн, 29 настай Уильяма Пули гэгч залуу бүрэн эмчлэгдсэн гэж BBC мэдээлжээ. Уильяма Пулиг эмчлэхэд мөн Zmapp бэлдмэлийг ашиглаж, 10 хоног эмчилгээ хийжээ. Пули Эбола вирусын тархалт хамгийн их хувьтай байгаа Сьерра-Леон улсад сайн дурын сувилагчаар ажиллаж байсан нэгэн.
Вирусын тархалтын хүчин зүйл нь:
• Эбола вирус хүний биед удаа хугацаагаар оршин тогтнохын тулд ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай байдаг нь энэхүү вирустай тэмцэхэд хүндрэл учруулж байна. Тиймээс эрдэмтэд вирусын шинэ төрөл бий болох, түүний эсрэг тэмцэлд бэлэн байх хэрэгтэй.
• Эмч нар өвчтнүүдийг эмчлэхээс гадна өвчтнүүдийн нийгмийн асуудлыг бас шийдэж байна. Тухайлбал эбола вирусын халдвар авсан хүмүүс нийгэмд биеэ хэрхэн авч явах, тэдгээрийн сэтгэл зүйг бэлтгэх зэрэг.
• Эбола вирусаар амиа алдаж буй хүмүүсийн тоо өсөж байгаа учир ихэнх хүмүүс гэрийн нөхцөлд эмчилгээ хийлгэхийг илүүд үзэн эмчид хандахаас татгалздаг. Энэ нь өвчний голомт газар авахад нөлөөлдөг юм.
• Олон нийтийн санаа бодол эмч нарын амь насанд аюул учруулж байна. Учир нь тус өвчний талаарх дутмаг ойлголт, айдасаас болж өвчтөнүүд эмч нарын эсрэг хүчирхийлэл хэрэглэх тохиолдол элбэг байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.
Вирусын эсрэг тариа гаргаж авч чадаагүй л байна
Одоогийн байдлаар Эбола вирусын эсрэг ямар нэгэн эм тариа байхгүй. Зарим орон эмчилгээ хийх тал дээр өмнө нь нэлээд ажиллаж байсан ч, үүнд хугацаа шаардлагатай байжээ. Тухайн үед эбола вирус одоогийнх шигээ төдийлөн дэлхийг хамарч байгаагүй учирэнэ өвчний эсрэг вакциныг үйлдвэрлэхээр мэрийж байгаагүй.
Үүний тод жишээ нь, эболагийн эсрэг бэлдмэл гарган авахаар ажиллаж байсан компаниудын санхүүжилтийг АНУ-аас зогсоож байсан юм. Учир нь тарилгыг нээсний дараа эмийн компаниуд шинэ тарилга үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх нь эргэлзээтэй. Эболагийн халдвар хэзээ, хаана гарахыг ч таамаглах боломжгүй. Энэ нь эм үйлдвэрлэгчдийн хувьд ашиггүй гэсэн үг юм. Хэрэглэгчийн зах зээл нь жижиг учраас томоохон эмийн үйлдвэрүүд эбологийн тарилга үйлдвэрлэх сонирхолгүй байгаа судалгаа гарсан байдаг.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.