Дэлхийн сонгодог урлагийн түүхэнд Монгол гэсэн нэрийг тамгалан үлдээх их амжилтыг гаргасан МУГЖ Г.Ариунбаатар хур дагуулан эх нутагтаа ирлээ. Тэрээр гурван жилийн өмнө МУГЖ болсныхоо дараахан “- МУГЖ цолыг аваад гарч ирчихээд “Би юу хийсэндээ авчихав аа” гэж айж байсан. Хамгийн анх гавьяат гэж зарлуулах надад үнэхээр хүнд байсан. Намайг хийж бүтээгээсэй гэж өгсөн байх гэж боддог. Урамшуулсан байх.” хэмээн ярьж байсныг эргэн дурсахад таатай байна. Тэр үед Г.Ариунбаатар спортоор жишиж яривал ДАШТ-тэй эн зэрэгцэх М.Глинкийн уралдаанд эрэгтэй нэгдүгээр байрын шагналыг бардамхан аваад ирсэн байсан юм л даа. Түүний дуулахыг сонссон хүмүүс Браво, Большой Монгол гэж орилоод л, тайзны ард орчихсон байхад нь буцаж гаргаж ёслуулаад л үнэхээр кайфтай байсныг тэр өөрөө хэлж байсан юм.
Тэгвэл тэр гурван жилийн дараа илүү дээшээ цойлсон кайфыг Монголчууддаа мэдрүүллээ. Сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн наадмын тэргүүн байраас гадна “Гран При” шагналыг тэр бахархалтайгаар гардаж авлаа. 39 орны 500 гаруй авьяастан оролцсон “олимп”-оос Монгол залуу ийн тодорч, авьяас билгээ батламжууллаа. Монголынхоо нэрийг өндөрт өргөлөө. Ийм сайхан мэдээг бидэнд дуулгасан түүнд бүгдийнх нь өмнөөс томоос том баярлалаа гэж хэлье. Түүнийг дуулж дуусахад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин амандаа браво хэмээн хэлж байсан нь хэн хүний нүдэнд туслаа. Эрхэмсэг ноён Кобзон Г.Ариунбаатарын авьяасыг бахдан хэсэгтээ алмайрахыг бид харлаа. Сайхан байлаа. Түүгээр бахархаж байгаагаа хэлье.
Тэгэхээр энэ дашрамд зайлшгүй хэлэх ёстой нэг зүйл бол манайд сонгодог урлагийг, дуурийн урлагийг дэмжих хандлага тааруу байж ирсэн нь нууц биш. Ямартаа л “Большой театр”-т дуулах “Алтан хоолойтнууд”-ын зардал мөнгө гацаж байхав дээ. Гэсэн ч тэднийг маань дэмжих тэтгэх хүмүүс байсны үрээр Монголын авьяастнууд өгөгдөл авьяас билгээ ийн дэлхийд хүргэж чадаад байна. Г.Ариунбаатарын тухайд Төв аймгийн хүү билээ. Тэрчлэн түүнийг нутгийн ах болох УИХ-ын Дэд дарга М.Энхболд тэргүүнтэй “Эх Нутгийн Иргэд” ТББ, Г. Сурмаа тэргүүнтэй Төв Аймгийн Нутгийн Залуучуудын Холбоо бүр эртнээс дэмжиж ирсэн тухай нутгийнхан нь бүгдээрээ л ярьж хэлцгээж байна. М.Глинкийн уралдаанд явахад нь ч М.Энхболд дарга ихээхэн дэмжсэн бөгөөд Төв аймгийн оны Урлагийн шилдэг залуугаар тодруулж байжээ.
Ер нь Төв аймгийн тухайд Монголын дуурийн урлагийн хөгжлийг бичиж байгаа авьяастнуудын нутаг гэдэг нь нэгэнтээ тодорхой болжээ. Одоогоос 6 жилийн өмнө дуучин С.Мөнгөнцэцэг М.Глинкийн нэрэмжит олон улсын уралдаанд тэргүүн байрт шалгарч, Монголчуудаа баярлуулж байсан. Тэгвэл тэр Төв аймгийн бүсгүй. Түүнчлэн Монголын урлагийн авьяаслаг хатагтай нар болох Х.Уртнасан, А.Долгор нар ч Төв аймгийнх билээ. Тэгэхээр Төв аймгийнхан яах аргагүй Монголын дуурийн урлагийг түүчээлэн дэлхийд гаргаж яваа гэдгийг тодотгоё.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.