Монголчууд биднийг дэлхийн дахин зөвхөн Чингис хаанаар мэддэг байсан цаг ард хоцорчээ. Монголын урлагийн шилдгүүд бүхий л салбарт дэлхийн томоохон уралдаануудад түрүүлж, кино урлагт ч гэсэн олон улсад цахиур хагалж эхэллээ. Хамгийн сүүлд МУГЖ Г.Ариунбаатар Дэлхийн урлагийн олимпод түрүүллээ. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаагийн онцлох хуудсаараа эх орноо дэлхийн хэмжээнд сурталчилж яваа урлаг соёлынхноо онцолж байна.
Б.Амарсайхан “Марко Поло” киноны нээлтэд оролцлоо
2015.02.12: “Бодлын хулгайч” гэх зэрэг олон киногоороо Монголын шилдэг жүжигчин гэдгээ баталсан Б.Амарсайхан Холливудын кинонд Монгол улсаас тоглосон анхны хүн билээ. Тэрбээр дэлхийн 34 орны жүжигчид тоглосон “Марко Поло” 10 ангитай кинонд тэрбээр Ариг бөх дүрийг бүтээсэн юм. Тэгвэл тэрбээр тус киноны албан ёсны нээлтэд оролцсон юм. Энэ талаар тухайн үед сайтууд “Жүжигчин Б.Амарсайхан эхнэрийн хамт Холливуудыг зорин киноныхоо нээлтэд оролцсон юм. Тэрбээр үндэснийхээ дээл хувцасаа өмсөн улаан хивсэн дээгүүр алхаж Монгол түмнийхээ баяр бахдалыг төрүүлээд авсан. . Нийт 90 сая ам.долларын өртгөөр бүтсэн энэхүү түүхэн кино энэ сарын 12-ноос дэлхий нийтийн хүртээл болох бөгөөд нээлтийн ёслолд Холливудын алдартай жүжигчид оролцсон юм. Мөн Young Guns, Hidalgo зэрэг Холливудын олон кино зохиолыг бичсэн John Fusco, “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ ангийг найруулж байгаа Joachim Ronning, Espen Sandberg зэрэг нэрт найруулагчид оролцжээ.Киноны зураг авалтыг Италын Венец, Малайз, Казакстан зэрэг улсад хийсэн бөгөөд 3-4 сар үргэлжилсэн байна” хэмээн мэдээлж байлаа.
Р.АнхнЯмын тоглосон “Чонон сҮлд” нээлтээ хийлээ
2015.02.27: БНХАУ-ын алдарт зохиолч Жан Руны зохиолоор Францын найруулагч Жан Жак Анногийн бүтээсэн “Чонон сүлд” кино өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд Монголд албан ёсоор нээлтээ хийж байлаа. “Түвдэд өнгөрүүлсэн долоон жил” киногоор олноо танил болсон Оскарын шагналт найруулагч Жан Жак Анногийн тус киноны гол дүрд Уилльям Фин Шаофин, Шаун Ду, Бэсин Зябу болон Монголын жүжигчин Р.Анхням нар тоглосон юм.Энэхүү киног “Гэгээ паблишн” компани, жүжигчин Р.Анхням нар Монголд гаргах оюуны эрхийг “Монгол контент” компани болон “Ард” санхүүгийн нэгдлийн дэмжлэгтэйгээр албан ёсоор худалдан авч монголынхоо үзэгчдэд толилуулах боломжийг олгосон юм. “Чонон сүлд” кино нийт 28 сая ам.долларын өртгөөр бүтсэн бөгөөд хөгжмийг Грэмми болон Оскарын шагналт хөгжмийн зохиолч Жэймс Хорнер бичсэн. Тэрбээр бидний мэдэх “Титаник”, “A beautiful mind”, “Avatar” зэрэг дэлхийд алдартай олон киноны хөгжмийг зохиосон билээ.
“ХӨсӨгтӨн” хоЁрдугаар байрт шалгарлаа
2015.05.15: Дэлхийн хамгийн алдартай шоуны нэг Got talent шоу Азид зохион байгуулагдаж байгаа бөгөөд Asia s got talent шоу нь энэ оны гуравдугаар сарын 12-ноос AXN телевизээр Азийн 20 гаруй улс оронд зэрэг цацагдсан билээ. Тус шоунд Азийн улс орнуудаас мянга мянга оролцогчид ирж оролцсоноос “Хөсөгтөн” хамтлаг сая сая үзэгчид болоод эрхэм шүүгчдэд Монгол ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж тэднийг бишрүүлээд авсан юм. “Хөсөгтөн” хамтлаг тус шоунд маш амжилттай оролцож финалийн шатанд шалгаран үлдээд байсан билээ. Финалын шатны санал асуулга өчигдөр дуусч Монгол орноо төлөөлөн оролцож буй “Хөсөгтөн” хамтлаг элэг нэгт монголчуудынхаа сэтгэлийг дэвтээж хоёрдугаар байрт шалгарсан юм.