Д.Оюунтуул: Би Алдармааг уучилсан

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 19

-Жүжигчин Д.Оюунтуул шүүх хурлын дараа албан ёсоор ярицлага өглөө-

 

“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаагийн ээж Д.Мандахтай хийсэн ярилцлагыг манай сайт өнгөрсөн бямба гарагт нийтэлсэн. Тэгвэл энэ удаад “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуулын ярилцлагыг бүрэн эхээр нь уншигчдадаа хүргэж байна.

 

Энэ сарын 16-нд Дүүргийн эрүүгийн хэргийн II шүүхэд жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийг хаалттай хэлэлцэж, шүүхээс Ц.Алдармааг гэм буруутайд тооцон эрүүгийн хуулийн 99.1 дэх заалтыг үндэслэн 7 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бол Д.Оюунтуулыг Эрүүгийн хуулийн 96.2.6 дэх хэсгийг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

 

Шүүх хурлын маргааш нь буюу өнгөрсөн баасан гарагт бид жүжигчин Д.Оюунтуулын хэвтэн эмчлүүлж байгаа Шастины нэрэмжит нэгдсэн 3-р эмнэлэг дээр очиж энэхүү ярилцлагыг авсан юм.

 

 

 

-Алдармаа бид хоёрын маргаан жил гаруйн өмнө эхэлсэн-

 

-Анхан шатны шүүх хурал өчигдөр /пүрэв гарагт/ болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Алдармаа та хоёрын дунд үүссэн маргааны талаар хэн хэн нь өнөөдрийг хүртэл албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр та хоёрын талаар янз бүрийн л мэдээлэл гарч байна. Тэгэхээр та хоёрын муудалцэж, бие биенээ халуун усаар түлэх болсон шалтгаан юунаас эхлэлтэй вэ. Энэ талаараа дэлгэрэнгүй ярьж болох уу?

-Бид хоёрын энэ хэрэг явдал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Эрдэнэт хотод болсон.Түүнээс хойш хүн бүр янз бүрийн л таамаглал дэвшүүлж байна. Энэ хугацаанд хуулийн байгууллагад хандсан байсан учраас бид хоёрын зүгээс хэрэгт сөргөөр нөлөөлөх вий гэдэг үүднээс хэвлэл мэдээллээр ярилцага өгч, өөрсдийнхөө байр суурийг илэрхийлээгүй. Тэгээд анх удаа танай телевизээр үзэгчдэдээ, ар түмэндээ үнэн, болсон явдлыг өөрийн биеэр хэлэх гэж байна. Хамгийн түрүүнд миний болон бид хоёрын зүгээс өнөөдөр ийм муухай асуудлаар ард түмний дунд, залуучууд, бидний ирээдүй болсон хүүхдийн дунд буруу үлгэр дууриал болох зүйлийн талаар ярьж байгаадаа харамсаж, үзэгчид, ард түмнээсээ хамгийн түрүүнд уучлал гуйхыг хүсч байна.

 

Болсон хэргийн талаар ярихад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд манай “Шинэ үе” продакшн бүрэн бүрэлдэхүүнээрээ аялан тоглолтоо эхэлсэн. Ингээд Эрдэнэт хотод дөрөв хоног тоглоод цаашаа Дархан, Сэлэнгээр явах төлөвлөгөөтэй байсан. Эрдэнэт хотод хийсэн тоглолт маань 27-нд 24.00 цагийн үед дуусаад бид зочид буудалдаа ирсэн юм. Жүжигчин Алдармаагийн найз нь Эрдэнэт хотод амьдардаг юм. Тэр найз нь Алдармааг соёлын тэргүүний ажилтан цол авсанд нь баяр хүргэхээр ирж байна гээд хэдүүлээ вино ууж сууя гэдэг саналыг тавьсан. Ингээд бид гурав өрөөндөө орж вино ууж, ярьж сууцгаасан.

 

Алдармаа бид хоёрын хувьд бол би 2006 онд “Шинэ үе” продакшнд орсон. Тэр үеэс би Алдармаатай их дотно болж, эгч дүүгийн холбоотой, бусад охид хүүхнүүдээс илүү их дотно найзууд болсон л доо. Ингээд 2013 оны наймдугаар сард бидний дунд анх маргаан үүссэн. Энэ маргааны хувьд “Шинэ үе” продакшн болон Бооёо ахтай ямар ч холбоогүй, цэвэр бид хоёрын хоорондох хувийн асуудлаас үүдсэн маргаан. Ингээд анх жүжигчин Ундармаа эгчийнд бид хоол идээд сууж байтал Алдармаа бид хоёрын дунд маргаан үүсч, Алдармаа намайг зодсон. Тухайн үед Алдармаа намайг буруу ойлгосон байсан учраас би тэр үед түүнийг уучилсан. Харин Алдармаа надаас уучлал гуйгаагүй. Тэр үед би түүнийг нас нь бага, олон жил найзалсан юм чинь өөрөө гэм буруугаа ойлгох байх гээд уучилсан. Ингэж бид хоёрын анхны маргаан эхэлсэн.

 

-Алдармаагийн найз залуу бидний дунд хов зөөсөн нь маргааны үндэс болсон-

 

Үүнээс хойш бид хамт БНСУ руу явсан, гурван ч тоглолтын ард гарсан. Энэ хугацаанд бид хоёрын дунд тийм таарамжгүй байдал үүсч байгаагүй. Гэхдээ урьдныхыгаа бодоход илүү дотно байхаа больж, жаахан хөндийрсөн. Гэлээ ч бие биенээ үзэн ядаж байгаагүй. Хүмүүсийн мэдэх гээд байгаа хамгийн гол зүйл юу вэ гэхээр, Алдармаатай үерхдэг байсан нэг залуу байсан. Тэр залуу л бид хоёрын дунд хов зөөсөн байдаг юм. Тэр залуу “Чиний эгч Туул чинь чамайг надад элдвээр ярьсан” гээд .../уйлав/. Тэр хүний үгэнд Алдармаа өнөөдөр итгээд ийм байдалд хүрсэн. Бид хоёрын маргааны эхлэл, үндэс суурь нь энэ. Түүнээс биш нэг нэгнийхээ найз залуутай үерхдэг ч юм уу тийм бусармаг зүйл бидний дунд байхгүй. Тэгээд энэ хугацаанд би олон жил найзалсан эмэгтэй дүүгээ хүнд муу хэлэх нь битгий хэл, хүнээс хамгаалж явснаас биш янз бүрийн зүйл ярихгүй. Би чинь түүний эгч шүү дээ. /уйлав/

 

Олон жил үерхэж нөхөрлөсөн эмэгтэй хүмүүс байж, хүний үгээр үг хийлгүй хоорондоо ярилцаж, ойлголцоогүй нь бидний буруу болж өнөөдөр ийм байдалд хүрч байна. Тэгэхээр ер нь найзалж нөхөрлөсөн бол бие биедээ итгэлтэй л байх ёстой. Үүнийг бид хоёрын хэн хэн нь ойлгоогүй нь бидний буруу.

 

 

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Эх сурвалж: www.eagle.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх