Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 07 сар 28
・ 1
|
УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр /VII.28/ УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 156 тоот захирамж гаргасан. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долоодугаар зүйлийн гурав дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны наймдугаар сарын 3-наас наймдугаар сарын 14-нд зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заасан. Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулганы эхний хуралдааныг наймдугаар сарын 3-ны даваа гарагийн 09.30 цагт эхлүүлэхээр товложээ. Улмаар ээлжит бус чуулганааар:
1. Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/, томилох тухай асуудал;
2. Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
3. Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
4. Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
5. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;
6. Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болсон байна.
Харин хэлэлцэх асуудлын нэгдүгээрт байгаа “Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/, томилох тухай асуудал” нь УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаагүй гэдэг нь шүүмжлэл дагуулж байна. Тиймдээ ч УИХ-ын дарга З.Энхболдыг хууль зөрчиж байна гэх шүүмжлэл олон нийтийн дунд гараад байгаа юм. Учир нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүд нь ээлжит бус чуулган хуралдуулах санал, хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ” хэмээн заасан байдаг.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.