“Авбал ав, өгвөл өг”

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 02 ・ 1

 

-Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж, ард түмэн, улс орноороо тоглож байгаа алдаагаа бага ч болов засах нь шударга шийдвэр байх биз ээ-

Хаврын чуулган завсарлахаас өмнө МАН-ын зургаан сайдын асуудлыг шийдэж чадаагүй УИХ Үндсэн хуулиа зөрчин байж, өргөн баригдаагүй асуудлаар ээлжит бус чуулганыг өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатайгаар зарлав. 

Ээлжит бус чуулганаар хэлэлцэх эхний асуудал Ч.Сайханбилэгийн танхимд  ажиллаж байгаа МАН-ын зургаан сайдыг төрхөмд нь буцаах тухай хэмээн цагаан дээр хараар бичигдсэн байгаа.  Гэтэл энэ сэдвээр

Ерөнхийлөгчтэй зөвшилцөх, цаашлаад ээлжит бус чуулганаас өмнө намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой гэсэн өөх ч биш булчирхай ч биш болчихоод байгаа асуудлыг нэг тийш шийдэхийг Ч.Сайханбилэг сайд өнгөрөгч баасан гаригт ҮЗХ-ноосоо шаардав.

Үнэндээ парламентад сөрөг хүчингүй хэрнээ ямар ч улс төрийн дэмжлэггүй явж ирсэн Шийдлийн Засгийн газрын танхимын тэргүүнд намаа бодсон ч, улс орны байдал, эдийн засгаа бодсон ч ингэхээс өөр арга үлдээгүй бололтой. “Бодоод бодоод бодын шийр дөрөв” гэгчээр АН-ынханд ч үүнээс өөр сонголт  алга.  Үгүй бол иргэдийн итгэлээр сэмэртэл тоглож байгаа тэдэнд ирэх сонгуульд шаанс байхгүй гэсэн үг. Эрх мэдэл, сандал суудлаа булаацалдсан  АН-д  ингэж эвдрэлцэх цаг хугацаа, нэр хүнд бий билүү.

Эдийн засгийг хямралаас гаргах, улс төр, санхүүгийн томоохон реформ хийх зорилготойгоор байгуулагдсан Шийдлийн Засгийн газрын тухай АН-ын дарга З.Энхболд “Ерөнхий сайдад танхимынх нь бүх эрх мэдлийг өгнө” хэмээн ярилцлага өгч байсан ч энэ нь худал үг болох нь сарын дараагаас л тодорхой болсон билээ.  

Ерөнхий сайд огцорвол кабинетаараа огцордог нь хууль. Тиймээс З.Энхболд нэг бол намын даргынхаа тамгыг Ч.Сайханбилэгт шилжүүлэх, үгүй бол өөрөө Ерөнхий сайд болж, өөрөө кабинетаа бүрдүүлэхээс аргагүй болж байх шиг байна. Тэгээд ч ялсан намын дарга нь ял зэм, гай, гавьяагаа үүрч, бодлогоо хэрэгжүүлдэг ёстой. Өмнөө хэн нэгнийг зогсоочихоод араас нь амбаардаад байвал хэнбугай ч байсан Ч.Сайханбилэг шиг шаардлага тавих нь гарцаагүй байсан биз ээ.

Ердөө хэдхэн хоногийн өмнө ардчилсан сонгууль ялсны 25 жилийн ойг сүр дуулиантайхан тэмдэглэж байсан АН-ынхан дөрвөн засаг сольсон түүхээ ийнхүү дахин давтахаар болж байна. АН засаглаж чаддаггүй гэсэн үг юутай үнэн болохыг ард түмэнд өнгөрсөн гурван жилийн үйл явдал баталчихлаа гэхэд буруудахгүй.

Бүрэн эрхт хугацааныхаа дийлэнхийг сандал суудлын хэрүүл, Засаг төрөө огцруулах асуудалд зарцуулсан З.Энхболдын парламент ийнхүү ээлжит бус чуулган хуралдуулж, дахин нэг засгийн хувь заяаг шийдэх гэж байна.

Гэвч, харамсалтай нь, одоо засгаа нурааж, улстөржиж суух цаг мөн билүү? Хэн үүнийг хүсч байгаа гэж...

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • ИРГЭН / 2015 08 сар 02/

    Монгол улс чинь Парламентийн засаглалтай улс уу...??? Ерөнхийлөгчийн засаглалтай улс уу... ??? Юу болж байна даа. Уул нь Ерөнхийлөгч маань сүүлийн үед арай л хэмжээнээсээ ХЭТЭРЭЭЭД байгаа харагдах нь "Үндсэн хууль"-д хэр нийцэж байгаа бол доо...

    Хариулах