Г.Уянга: Эрүүлжихийн тулд их өвдөнө, үхэж л болохгүй!

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 03
527-1438581045b2b30ee206ce8724bigЭнэ удаа “Ярилцах танхим”-даа УИХ-ын гишүүн Г.Уянгыг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
 
-АН МАН-ыг засгаас хөөх талаар ярьж байна. МАН-ынхан хөөгдөж байснаас өөрсдөө гарна гэсэн байр суурьтай байгаа. Хамтарч засаг байгуулсан атлаа гэрээгээ муу биелүүлсэн гэж бие бие рүүгээ бурууг тохож байна. Таны хувьд энэ бүхнийг юу гэж дүгнэж байна вэ? 
 
-Нэгийгээ засгаас хөөх, нөгөө нь гарах эсэх нь надаас шалтгаална гэж үү
 
-Шийдлийн Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байгаа вэ. АН, МАН хоёр нэгдээд ажил урагшлах нь уу гэтэл бас л үгүй юм шиг. Шийдлийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөж байх шиг байна. Энэ тал дээр таны байр суурийг сонирхвол?
 
-25 жил үзсэн кино, сонссон хөгжим бол МАНАН. Энэ хоёрыг урд хойно нь оруулаад Монголыг өөрчлөхгүй. Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Нийгмийнхээ суурь гэрээ-Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр ямар ч найдвар хэнээс ч хүлээх хэрэггүй. Засгийн газрыг огцруулах талд санал өгөөд, санаачилга гаргаад байгаа нь өөрчлөгдөнө гэж найдсаных огт биш. Ердөө л зовлонг хурдан дуусгах гэснийх.
 
-УИХ Засгийн газрын ажлыг гацаагаад байгаа талаар хөндөх боллоо. Тухайлбал Ерөнхий сайд Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг яаравчлуулахыг УИХ-аас хүссэн. Үнэхээр Засгийн газрын ажлыг УИХ гацаагаад байна уу?
 
-“Шийдлийн” нэртэй Засгийн газрын “шийдчихсэн” ажлуудыг нь гацаах байтугай таслан зогсоох ёстой, тэгэхгүй бол “Шидлийн засаг” болох гээд байна. Монголыг өрөнд тавиад тууж байхад нүдээ аниад л явуулаад байж болохгүй. Оюутолгой, Тавантолгой төслийн тухайд ярьж байна. Хуулийн төслүүдийг УИХ журмаараа хэлэлцээд батлахыг нь батлаад, болохгүйг нь буцаагаад л явуулж байгаа.
 
Ер нь энэ парламентад хэн нь ч гомдол тавиад байх учиргүй. Нөгөө 25 жилийн өмнө баталсан Үндсэн хуулиар мөрөөдсөн “ардчилал” чинь энэ шүү дээ. Одоо нэг их ад үзээд л, уурлаж бухимдаад, шоолж баалаад байх явдалгүй. Монголын ардчилал өөрөө өөрийгөө толинд харж байгаа нь энэ шүү дээ.
 
-Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурагдчихлаа. Одоо эдийн засаг сэргэх болов уу?
 
-Одоо сэргэж байгаа юм шиг санагдаж магадгүй, ер нь бол үгүй. Ард иргэдийн амьдрал бол бүр ч сайжрахгүй гэдгийг баталгаатай хэлмээр байна. Яагаад гээч?
 
Нэгдүгээрт, энэ гэрээ нийгмийн олонхид ямар ч хамаагүй. Оюутолгойд ажилд ордог, тэнд бараа шахдаг, түүгээд дамжиж бизнес нь хөдөлдөг компаниудын олонх нь эрх мэдэлтэн, мөнгөтнүүдийг тойрсон хүрээллийнхэн.
 
Хоёрдугаарт, төсөлд зээл авч цааш явуулснаар хүмүүс ажилтай болно, ОТ ажилчдаа халахгүй болно гэдэг. Энэ сайн, гэхдээ хүмүүс ажиллаад цалингаа аваад явж байгаа нь 1-2 мянган хүн. Цөөн хүн амьжиргаагаа залгуулж байгаа нь эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ цалин бол дотоод хуримтлал бий болгодоггүй.
 
Ер нь уул уурхайн салбар ажлын байр олноор бий болгодоггүй. Дээр нь монголчуудаас илүү гадныхан олноор ажиллаж хамаагүй их цалин авч байгаа. “Оюу толгой”-н уурхайг барихад ч, ашиглахад ч тэр. Манай татварын албанаас “Оюу толгой”-г шалгасан шалгалтын дүнг нууцалж байсныг олон нийтэд ил болгосон. Тэндээс энэ баримтыг харж болно.
 
Мөн компаниуд ажилтай болно, түүгээр дамжиж олон мянган хүн дам ажлын байраар хангагдана, тэр компаниудаас татвараа авна, үүгээр төрийн албан хаагчдын цалинг тавина гэлцдэг. Гахайн хялгасаар дээс томж найзыгаа уснаас аврах гэдэг дэвхрэг, шоргоолжны үлгэртэй адилхан сонсогдож байгаа биз. Гэвч үүнийг мушгиж, муулах шалтгаан алга. Бас л сайн хэрэг. Гэхдээ цөөн нийлүүлэгч компанийн ажилчид болон төсвийн ажилчдын нэг хэсэг амьжиргаагаа залгуулна, эндээс бас ямар ч хуримтлал үүсэхгүй. Компани ашгаа хийнэ. Тэр ашиг ч бас л хуримтлагдсан өрийг төлөхөд ямар ч падлийгүй, эзний л орлого юм.
Гэтэл хоёр  жил хүрэхгүй хугацааны дараа төлж эхлэх энэ их өр зээлээ яах болж байна аа, хэдүүлээ? “Оюу толгой”-гоос ашиг хийж байгаа компани нь цөөхөн. Харин өрийг нь монголчууд гурван саяулаа төлөлцөнө гэдгээ мартаж болохгүй…
 
-Уг нь тэр даруй долларын ханш буурсан. Харамсалтай нь шүүмжлэлтэй зэрэгцээд дахин өслөө? 
 
-…Гуравдугаарт, долларын ханш буурч, төгрөгийн ханш тогтворжиж, эдийн засаг сэргэнэ гэдэг. Ханшны бууралт түр зуурын үзэгдэл. Бид импортлогч, хэрэглэгч, нэг компаниас хараат төсөвтэй улс хэвээр байсан цагт төгрөгийнхөө ханшийг тогтвортой удаан хугацаанд барих чадваргүй байх болно. Ханш Уянгаа Ганбаатар хоёроос болж хөдөлдөггүй гэдгийг эхлээд ойлгож авах хэрэгтэй.
 
Дөрөвдүгээрт, “Оюу толгой” зээлээ авч цаашаа явах нь дэлхийд эерэг мессэж түгээж хөрөнгө оруулалт Монгол руу цутгана гэдэг. Монголд мөнгө цутгаад байх төсөл бараг алга. “Оюу толгой”, “Таван толгой”, түүний дундах цахилгаан станц гэсэн гурвалаас олигтой орлого олохооргүй гэрээг бид хийчихсэн. Эдгээр төслүүдээс Монголд зүйрлэвэл, хусам нь, алимнаас ганц зүсэм, поончигноос бол нүх нь оногдох юм даа. Дэлхийд үнэтэйд тооцогдох том ордоо амьжиргаа залгуулах төдий орлогын төлөө бусдад найр тавьж болохгүй л дээ, төрт улс л юм бол.
 
“Оюу толгой”-н хангалтын дийлэнхийг гадны компаниуд хийдэг юм шүү дээ. “Жиангсу Жиангду” гэдэг Хятадын групп 2010-2012 он гэхэд л барилгын ажлын 8 гэрээ байгуулж, тэрбум 71 сая ам.доллар доллар авсан байх жишээтэй. Тэр байтугай манай хөрөнгө оруулагчид өөрөө өөртөө зээлээр тоног төхөөрөмж нийлүүлээд хүүтэй нь биднээр төлүүлж суудаг юм шүү дээ. Хамгийн гайхалтай нь үүнийг шалгаж мэдсэн манай Засгийн газар ард түмнээс, бүр УИХ-ын гишүүдээс үүнийг нуудаг.
 
Муу гэрээг улам муутгахад бидний амьдрал сайжирч, эдийн засаг сэргэнэ гэж байх уу? Харин ч нэг их удалгүй энэ их өрөө төлөх гэж томоохон асуудалд орно. “Оюутолгой” одоо найдвар биш дарамт л болно доо, хэрэв гэрээг энэ чигээр нь явуулсаар байвал. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниудад төлөх үндсэн өр бараг 3 тэрбум ам.доллар болчихоод байна.
 
Яг энэ янзаараа үргэлжилбэл, уучлаарай, бид эндээс ногдол ашиг ч горьдолтгүй. Ноогдол ашиг байтугай өрөнд ороод салах болчихоод байна. Ерөнхий сайд хойд хормойгоороо урд хормойгоо нөхөхдөө улсаа тэр чигээр нь ангал руу чирээд байх хэрэггүй.
 
 
-Ер нь та энэ гэрээний төлөвлөгөөнд гарын үсэг зурахыг хамгийн ихээр эсэргүүцэж байгаа гишүүдийн нэг. Эсэргүүцэх шалтгаан тань юу вэ?
 
-Энэ бол төлөвлөгөө биш гэрээ. Бичиг мэддэг хэнбугай ч уншаад л мэднэ. Дубайн гэрээгээр өмнөх засгийн газрын гурван сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг юу ч биш болгосон. Энэ шалгалтаар 1,4 тэрбум долларын хөрөнгө оруулалтын үндэслэлгүй хэтрэлт, 1,8 тэрбум долларын санхүүгийн зөрчил илэрсэн. Нийт 3,2 тэрбум долларын асуудлыг зүгээр л дарчихсан. Энэ чинь шудраад л арилгачихдаг тийм бага мөнгө үү?!
 
Хоёрдугаарт нэмж 6 тэрбум долларын өр тавихдаа ОТ ордын бүх лиценз, эрхийг барьцаалахыг зөвшөөрсөн. Үүнтэй холбогдуулж Монгол Улс бүхий л талаар үүрэг хүлээх, жишээ нь хууль тогтоомж, эрхийн актуудаа уг гэрээнд нийцүүлж тайлбарлаж байх үүрэг хүлээсэн.
 
Гуравдугаарт, ордоо барьцаалж зээлсэн энэ их мөнгө хамтарсан “Оюу толгой” компанид биш хамтрагч “Рио Тинто” компанийн дансанд байрлаж, төсөлд хэрэглэх болохоороо тэндээс хүүтэй зээлж авахыг хүлээн зөвшөөрсөн. Мөн ТЭЗҮ-г заавал мөрдөх баримт бичиг биш гэж үзсэн. ТЭЗҮ бол эдийн засгийн суурь тооцооны баримт бичиг. Үүнгүйгээр хөрөнгө оруулалтыг хянаж дүгнэх бололцоогүй. Яаж ингэж чаддагийг би ойлгохгүй байна. Дээрээс онцолж хэлэхэд одоо авах энэ зээл зөвхөн нэг бүлэг ордын нэг л үе давхаргад хамаатай. Дараа дараагийн үе давхаргуудад хамаагүй гэж заасан. Үе давхарга болгон руугаа орохдоо зээл авах эрхийг нөгөө талд нээсэн гэсэн үг. Зээлж ирсэн мөнгөнөөсөө нөгөө тал менежментийн төлбөр, зээл зуучилсан хөлс гэхчилэн баахан суутгал хийгээд үлдсэнээс нь төсөлд зээлнэ гэсэн байгаа.
 
Ийм гэрээнд зурсан Ерөнхий сайдыг огцруулах бол наад захын л хариуцлага. Монголчуудыг нийтэд нь өрөнд бариулж өтөнд идүүлэх энэ гэрээг байгуулсан, үргэлжлүүлсэн бүх хүмүүс улстөрийн төдийгүй эрүүгийн хариуцлага хүлээх учиртай юм л даа, юм ном ёсоороо байдаг бол, уг нь.
 
Үүнийг бүр заалт бүрээр бичиж сайтад гаргасан. Гэтэл манай ард түмэн юм уншихгүй байна. Юмыг ухаж ойлгохыг хичээдэггүй болж. Фэйсбүүкээр тавьсан мэдээлэл маань Америк Англид хүрэх боловч төрийн ордноос 2км-ийн цаана байгаа гэрийн хорооллын иргэдэд хүрэхгүй байгаа нь эмгэнэл юм даа. Үнэндээ сүүлийн үед хэдэн жилийн өмнө мөрөөдөөд ч олохооргүй барим тавим баримтууд дэлгэгдэж байна. Үүний эсрэг эрх баригчид зохион байгуулалттай сөрөг суртал явуулж байна. Тэгээд эцэст нь өөрсдийнхөө тараасан тэр сурталдаа өөрсдөө итгээд түүндээ дулдуйдаж шийдвэр гаргадаг, нэг тийм бодат бус ертөнцөд л нэг хэсэг нь амьдраад байна даа.
 
Гэтэл асуудлыг ингэж шийддэггүй, тооцоо судалгаанд үндэслэж, мэргэжилтнүүдээ ажиллуулж, шалгалтын дүнд үндэслэж өөрийн эрх ашгийг хамгаалж, бодож боловсруулж шийддэг. Ингэхгүй юм бол яах гэж олон олон шалгалтын ажлын хэсэг байгуулж, цаг алдаж жүжиглэсэн юм бэ? Улс орны аливаа асуудлыг шийдэхдээ эсрэг нотолгоо гаргаж ирснийг нухчин дараад цаад талтайгаа хамтарч язгуур эрх ашгийнхаа эсрэг тэмцдэг ийм л хүмүүс төрийн удирдлагад хэт олонх болчихоод байна.
 
Хэдхэн зальт этгээд дээрээ бөөгнөрчихөөд төрийн албан хаагчдын хийсэн ажлыг хүртэл баллуурдаж харийнханд үйлчилж суудаг болж.
 
 
-Та С.Баярын нууц хөрөнгөнүүдийг ил гаргасан. Гэвч энэ бас асуудал дагуулаад байгаа бололтой. Энэ асуудал АТГ-д шалгагдаж байгаа гэсэн. Юу болж байгаа вэ?
 
-АТГ иргэн С.Баярыг шалгаж эхэлснээ надад албан бичгээр мэдэгдсэн. Миний хувьд баримтуудыг олон нийтэд хүргэж, тэдний хяналтыг бий болгосон. Анхны эх сурвалжтай нь ч холбож өгсөн. Одоо шалгах газар нь шалгаж дүгнэлтээ гаргаад, хуульд заасан арга хэмжээ авах ёстой гэдгийг олон нийт, хэвлэл мэдээллийнхэн та бүхэн хянаж, сануулж байх л үлдлээ шүү дээ. Би хувьдаа үүргээ “онцсайн” гүйцэтгэлээ. АТГ-г харцгаая. Ямар дүгнэлт гаргах нь вэ гэдгийг. Үүгээр мундахгүй төсөв авдаг АТГ-г өөрийг нь бас давхар шалгаж байгаа хэрэг. Нийгмээ, төрөө ямар болчихоод байгааг харах бас нэг том индикатор юм даа, энэ хэрэг. Одоо энэ асуудлыг надаас биш АТГ-аас асуу.
 
-С.Баяр болохоор өөрөө надад ийм хөрөнгө байхгүй гээд байгаа?
 
– Тэр долоон байшин Ерөнхий сайд асан С.Баярт байгаа бүх хөрөнгө гэж би л лав огт итгэхгүй. Тэр баримт АНУ-д байгаа хөрөнгийг нь, бас мөнгө угаадаг сүлжээг нь илрүүлсэн. АНУ-ын бүртгэлийн систем, ил тод байдал үнэхээр манай ардчилагчдад үлгэр жишээ болохоор “дүр эсгээгүй” байгаа биз? Үүнийг нь сурах, нэвтрүүлэх хэрэгтэй л дээ. Тэр дундаа “бүртгэлийн төгөлдөршилт”-өд уриалсан хүн өөрөө төгөлдөршсөн бүртгэлийн системийн үр ашгийг үнэлж цэгнэх биз. АТГ үүнд бас анхаарч мэргэжлийн түвшинд ажиллах ёстой.
 
-Өрийн таазыг дахин нэмэх талаар яригдаад удлаа. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед өрийн таазыг нэмэх нь хэр оновчтой юм бол?
 
-Жаахан хүүхэд нүдээ гараараа дарчихаад өөрийгөө бусдад харагдахгүй байна гэж итгэдэг шиг гэнэн л юм даа. Миний харахад юунд, хэрхэн зарцуулахаа мэдэхгүй байж нүдээ аньж өр тавиад байх хэрэггүй. Манайхан эдийн засгаа агшааж болохгүй, өрийн таазаа нэмэгдүүлж зээл аваад цаашаа явах хэрэгтэй гэж яриад байх юм. Бодтой эдийн засагт агших тухай ойлголт байхгүй, хэт хөөсөн эдийн засаг л бодат байдалтайгаа нүүр тулах асуудал байгаа.
 
Үүний улстөрийн хариуцлагыг хүлээх учиртай одоогийн эрх баригчид, 25 жил эдийн засгаа  үлээсэн бөмбөлөг шиг болгосон хүмүүс бодат байдалтай тулахаараа сандралдаад байгаа юм. Чөлөөтэй л бай, хүн болгон юу дуртайгаа хий гэсэн 25 жилд тасралтгүй хөөс үүссэн. Үйлдвэрлэл байхгүй, худалдаа-үйлчилгээ зонхилсон, мал аж ахуй таваарлаг бус, газраа ухаад зардаг ийм л улс бүтээсэн. Ийм улс нэг компанитай тулахаараа шалчийж байгаа юм. Энэ хөөс бодат байдалдаа бууна гэдэг нэлээд юм болох байх. Түүний аригийг төр засаг, улс төр нь даана гэдэг л амаргүй болчихоод байна.
 
Уг нь идэхээ л больчих хэрэгтэй, даан ч ингэж чадахгүй болчихсон, 25 жилд бүтээсэн машинаа өөрсдөө зогсоож дийлэхгүй болсон. 10 дахин өндөр өртгөөр хөлдүү соёлын төв, хальс шиг нимгэн зам барьж, хөшөө босгож, муу хийснээ нууж ард түмнийг ховсдохын тулд төсөвлөсөн мөнгөнөөсөө суварга босгож, наадам хийж, дундаас нь мөнгө зувчуулж сурсны гайгаар төсвийн хөрөнгө оруулалт гэж дааж давшгүй ачаа болсон байна. Орон нутагт соёлын төв бариад байдаг гэтэл хүмүүс маань тэр төвд нь соёлжихын оронд нийслэлд нүүж ирээд байна шүү дээ. Хэт нягтарснаас хотод сургууль цэцэрлэг барих газар ч олдохгүй болж. Үүнийг нь далимдуулж дүүрэг хотынхон төрдөө үнэтэй газар шахах санаатай гүйлдэнэ. Үүнээс болоод манай төсвийн хөрөнгө оруулалт хүнээ дагадаггүй, засаг захиргааны хуваарь, тойрог дагасан үр ашиггүй үрэлгэн болоод байна.
 
Тэвчиж болох хөрөнгө оруулалтуудаа түр царцаагаад түүгээрээ цалин хөлсөө тавиад, өр зээлээ нэмэхгүй шиг байж, төсвийн дарамтнаас салчихаад Оюу толгойтой тухтай тулхтай хэлэлцээрт орж болох л байсан. Гэвч хамтарч байгаад үрж цацаж, хэдэн зуун тэрбумын бонд гаргаж нөгөө мөнгө иддэг ёроолгүй сав руугаа асгаад байна. Тэгээд төсөв муудлаа, бүсээ чангал, ээмэг бөгжөө тавь гэж айлгаж байгаад ашиггүй гэрээнд нууцаар гарын үсэг зурж байна.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх